Г.Батбаяр: Таван хүнд холбогдох эрүүгийн хэргээс зөвхөн С.Баярцогтод хамаатай хэсгийг мөрдөн байцаалтад буцаасан байна

оруулсан Алсын Хараа

Ардчилсан Нам (АН)-аас Улсын Дээд Шүүхийн шүүгч нарын гэмт хэрэг болон Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээний асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх хуулийн үндэслэлийг тайлбарлаж, Ардчилсан Намын хуулийн зөвлөх Г.Батбаяр мэдээлэл хийв.

2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан Оюутолгойн санхүүжилтийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд Саудын Эмират улсын Дубай хотод байгуулсан Далд уул уурхайн бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой дараах мэдээллийг тэрбээр өгөв.

2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр 808 тоот шүүхийн шийдвэр, 2015 оны тавдугаар сарын 18 Дубайн гэрээнд гарын үсэг зурсан. Монголын талыг төлөөлж Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурсан. Гэвч энэ итгэмжлэл хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд Дубайн гэрээнд гарын үсэг зурж, Оюутолгойд хөрөнгө оруулсан байна гэдэг үйл баримт бий болж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус тооцогдсоноор Оюутолгойн гэрээний эрх зүйн байдал маргаан дагуулсан.

2020 оны хоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газар болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс санхүүгийн шинжээч томилсон байдаг. Улмаар 2015-2020 оны хооронд Монгол Улс Оюутолгойгоос 2 тэрбум ам.долларын татвар авах ёстой байсан талаарх шинжээчийн дүгнэлт гарсан. Тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, С.Баярцогт нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор С.Баярцогт нарт 10 жилийн хорих ял оноосон. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 1454 тоот магадлалаар таван жилийн хорих ял болж өөрчлөгдсөнийг Та бүхэн мэдэж байгаа байх.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 19-ний 238 дугаар УДШ-ийн тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.4 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байна. Уг тогтоолд гомдол гаргахгүй гэдэг зохицуулалт 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирээд гуравдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.
Оюутолгой компани тухайн 238 тоот шүүхийн шийдвэрээр 2 тэрбум ам.долларыг Монгол Улсад төлөх өртэй гарсан. Улмаар Оюутолгой компани хөдөлж эхэлсэн бөгөөд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байдаг. Ерөнхий шүүгчид гомдол гаргах зохицуулалт нь Эрүүгийн хуулийн 40.10. 40.11, 40.12-оор зохицуулагдаж байсан. Гэтэл энэ зохицуулалт нь 2021 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгчид гомдол гаргах зохицуулалт Монгол Улсад үйлчлэх эрхгүй болсон гэсэн үг.
" ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ЗӨВХӨН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ХЯНАДАГ. ЭНЭ ЭРХИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙГ ШАЛГУУЛНА"

Ардчилсан Намын хуулийн зөвлөх Г.Батбаяр үргэлжлүүлэн "Өмнө нь 1,000 удаа өргөдөл гаргалаа гэхэд ганц хоёрт нь л Ерөнхий шүүгч дүгнэлт бичдэг байсан учраас үхмэл зохицуулалт болсон. Тиймээс үүнийг хэрэглэхээ болъё гэдэг шийдвэрийг хууль тогтоогчид гаргасан байдаг. Гэтэл С.Баярцогтын талынхан мэдсээр байж Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Улмаар Ерөнхий шүүгч тухайн гомдлыг хүлээж аваад 2021 оны зургаадугаар сард дүгнэлт бичсэн. Дүгнэлт бичихдээ 2021 оны тавдугаар сарын 19 Улсын Дээд Шүүхийн тогтоол эцэслэн гарах үед хоёр шүүгч зөвхөн С.Баярцогтод холбогдох хэсгийг мөрдөн байцаалтад буцаах тусгай санал гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон хуулийн заалтыг бариад дүгнэлт бичиж, улмаар 2017 оны долдугаар сарын 19-ний өдөр 03 тоот нэгдсэн шүүгчдийн хуралдааны шийдвэр гэдэг тогтоол гаргасан.

Найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй тогтоол гараад С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтад очсон хэрэг Нийслэлийн прокурорт ирээд хяналтын шатны прокурорын шийдвэр хэрэгсэхгүй болсон. Энэ нь Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар гэмт хэрэг үйлдсэн байгааг нотолж байгаа.

Эрүүгийн хуульд зааснаар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж, илтэд хууль бус шийдвэр гаргасан бол 1-5 жил хорино гэдэг зохицуулалт бий. Тийм учраас шалгуулахаар Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтэст өргөдөл гаргаж байгаа юм" гэлээ.

Мөн тэрбээр "Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Таван хүнд холбогдох Эрүүгийн хэргээс зөвхөн С.Баярцогтод холбогдох хэсгийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Үндсэн хуулийн цэцэд зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Энэ эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг өгч байгаа юм" гэдгийг хэлэв.

Сэтгэгдэл бичих