өрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргаж буй нүүрсний экспорт өнгөрсөн сард 2 дахин нэмэгджээ. Энэ талаар тус компанид ажиллаж буй Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр мэдээллээ.
Түүний мэдэгдснээр “ЭТТ” ХК өнгөрсөн хугацаанд 3.7 сая тонн нүүрс борлуулжээ. Үүний үнийн дүн 341.5 сая ам.доллар болж байна. Зөвхөн 11 дүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулжээ. Ингэснээр компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагч нарт төлөх өр төлбөрийг 152 сая ам.доллароор бууруулжээ. 10 дугаар сарын 5-ны байдлаар тус компани 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэлтэй байсан юм. Одоо 451 сая ам.долларын өр төлбөр үлдээд байна.
Түүнчлэн Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдрийн дундаж ачилтыг 700 машинаар буюу 74.2 мянган тонн болгон нэмэгдүүлж нүүрсний богинын тээврийг идэвхжүүлжээ. Өмнө нь дээрх чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүр тээвэрлэж байв.
Нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгожээ. Өнгөрсөн даваа гарагт болсон Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны хурлын үеэр тэрбээр Цагаанхаднаас Ганцмодоор гарч буй нүүрсний экспортыг дахин нэмэгдүүлж өгөх, энэ талаар БНХАУ-ын талтай ярьж, хилээр гарч буй тээврийн хэрэгслийн тоог өсгөх хүсэлт тавьснаа хэллээ. Ингэснээр Цагаанхад дээрх үүсээд буй нүүрсний овоолгыг багасгах юм гэв.
-Гэрээний зөрчилтэй компани, ААН-үүдийн тоо буурсан уу, эсвэл нэмэгдсэн үү?
-Засгийн газраас өгсөн дараагийн үүрэг бол компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгосон. “ЭТТ” ХК-ийн вэбсайтад нээлттэй бий. Олборлолтын гэрээг мөн нээлттэй, ил тод болгосон. Бид гэрээний үр дүнг хэлэлцэж, сонгон шалгаруулж байгаа.
-Одоо үлдээд буй 451 сая ам.долларын өр төлбөрийг хэнд, хэзээ төлж барагдуулах талаар тодруулна уу?
-Энэ нь урьдчилж орсон орлогын үлдэгдэл. Тодруулбал, өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны байдлаар нийт урьдчилж авсан орлогын 20 хувь нь үлдээд байсан. Худалдан авагч талтай яриа хэлэлцээр хийж барагдуулсны дүнд одоо 11-12 хувь нь үлдээд байгаа. Нэг ёсондоо 8 орчим хувийн мөнгийг наашаа оруулж ирэх дээр бид ажилласан.
451 сая ам.долларын хувьд ийм тоотой тэнцэх хэмжээний нүүрсийг өгөх ёстой, үе шаттай барагдуулж байгаа. Нэгэнтээ гэрээ байгуулсан учир бид гэрээний үүргээ биелүүлэх учиртай. Өрийн дарамтгүй ажиллах, үйл ажиллагаагаа явуулах боломж бий.
-Нүүрсний хулгайтай гэгчтэй холбоотой ямар хэрэг, зөрчил гарч байна вэ?
-Энд хоёр асуудал бий. Тодруулбал, нэг нь Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс дэх овоолгоос нүүрс дутсан болон 2018 онтой холбоотой, ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг бүртгээгүй, тээвэрлэсэн машины тоо зөрсөн зэрэг байгаа. Үүнийг цагдаа, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгөөд байгаа. Дээрх зөрчлүүдийг эцэслээгүй явж ирсэн юм билээ гэв.
Тус компани уурхайн талбай болон нүүрс буулгах, ачих тээвэрлэх бүх үйл явцыг камер болон цахимаар бүрэн хянаж буй аж.