Н.Энхбаяр: Шоронд орсон, сонгуульд ялагдсандаа харамсдаггүй

оруулсан Алсын Хараа
11-р сарын 12-нд болсон “Fuckup night” арга хэмжээн дээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Behind the Mask" сэдвээр илтгэл тавьсныг Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn сийрүүлэн хүргэж байна.
Саяхан Солонгост нэг харамсалтай явдал болсон. Та бүхэн санаж байгаа байх. Halloween-ы баярт оролцож явсан олон хүүхэд, залуус нас барсан. Энэ ямар учиртай баяр болоод ингэж олон залуус цугласан юм бэ? гэдэг талаар бүгдээрээ ярилцъя.
Одоогоос 2000 жилийн өмнө Британий арлууд дээр ургацын баяр тэмдэглэдэг байсан. Ургацын баяр бол тариа ногоо гэхээс илүүтэй нэг ажил дуусч, шинэ ажил эхлэх, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах, нэг ширхэг тарианы үр үхэж олон арван шинэ үр ургадаг гэдэг утгаараа үхэл, амьдралын, амьдрал солигдсоны бэлэгдэл баяр байжээ.Тэгээд иймэрхүү завсрын, шилжилтийн үед муу муухай, чөтгөр шулмас гарч ирдэг гэж үзээд тэднийг айлгах, тэдэнд анзаарагдахгүй байх, тэднийг төөрүүлэх үүднээс баяр дээрээ янз бүрийн баг зүүдэг болжээ. Ингээд тэд шинэ амьдрал эхлүүлж байна хэмээн төсөөлж, өөрсдийгөө ариутгах зорилгоор гал дээгүүр харайж мөн тухайн жилдээ нас барсан хүмүүсээ дурсдаг байж.
Эртний Грект ургацын баяраар ууж идэж, наргиж цэнгэж дотоод хүлээснээсээ мултарч, далд ухамсараа ил гаргадаг байсан. Хэдийгээр мансуурч цэнгэх нь муу зүйл гэх боловч үүнгүйгээр хүн бүтэн оршихгүй гэж үзнэ. Ил, далд хоёр ухамсар нийлж байж хүн хөгжинө. Ил ухамсар хайрцаглагдсан байдаг ч далд ухамсарын эмх замбараагүй байдлыг цэгцэлж байдаг. Далд ухамсар ил ухамсарын хүлээсийг тайлж байдаг гэх мэт том философи эдгээр баяруудын ард бий.
Мөн Карнавал байна. Карнавал гэдэг нь мах идэхгүй байх гэсэн утгатай үг. Энэ баяр бол өнөөдөр л мах идээд маргаашнаас идэхгүй шүү гэсэн утгатай баяр. Тэгэхээр хүмүүс маш их мах иднэ. Архи ууна, дуулна, бүжиглэнэ.
Хориотой юм бүхэнд хүн шунан дурладаг. 1975 онд Москвад оюутан байхдаа би хориотой ном зохиолуудад маш их дуртай байлаа. Хориотой ном, зохиол унших их гоё байдаг байлаа. Яагаад гэвэл хориотой. Хорих тусам сонирхолтой.
Энэ Карнавалын үеэр нийгмийн харилцаа өөрчлөгддөг байна. Учир нь масктай юм чинь ичихгүй. Хаан нь зарцын, зарц нь хааны хувцас өмсдөг байна. Эмэгтэй нь эрэгтэй, эрэгтэй нь эмэгтэй хувцас өмсдөг байсан. Гэх мэтээр карнавалын үед янз бүрийн дүрд хувирдаг. Энэ баяраар “бэлэг эрхтэнээрээ толгой, толгойгоороо бэлэг эрхтэн хийж”, хүйсээ “сольж” хорвоог өөр өнцгөөр харж, тогтсон хэв маягийг нэг өдөр ч гэсэн эвдэж, хайрцаг хүлээснээсээ зад үсэрч, сад тавин гардаг байна. Хүн төрөлхтөн хайрцаг хүлээснээсээ дандаа гарах гэж оролддог. Гарч байж шинэ юм мэдэрч, нээдэг байсан. Ийм хайрцагнаас гарахад инээд их чухал. Инээд бол асар том шалгуур. Инээж чаддаггүй хаан, түшмэл, сайд дарга нар бол худлаа байдаг. Инээд бол шалгуур. Инээж чаддаггүй алт бол гууль.
Хайрцагласан баяр бол баяр биш. Жишээ нь Октъябрын баяр гэж болдог байлаа. Дарга нар индэр дээр зогсоод ажилчид урдуур нь алхдаг. Энэ бол хиймэл жагсаал байсан. Үүний эсрэг жинхэнэ жагсаал бол карнавал.
Монголд төр засгийн оролцоогүй болдог, тогтсон хэв маягийг эвдсэн гэдгээрээ карнавалийг орлох баяр бол Гачууртад болдог “Playtime” байж болох юм.
Гэхдээ энэ хоёр төрлийн жагсаал хоёулаа байж гэмээн нийгэм бүтэн болно. Дандаа “Playtime” байгаад байж болохгүй, дандаа төр оролцсон, зохион байгуулалттай жагсаал байгаад байж бас болохгүй. Аль, аль нь байж л нийгэм эрүүл саруул байна.
Яваандаа шашин хүчирхэгжээд эдгээр баяруудыг өөрийн баяр болгосон. Тэгж байж эдгээр баярууд “амьд” үлдсэн. Halloween бол католик шашинтнуудын хувьд бол том баяр.
Одооны Ромын Пап өөрийгөө яагаад Францис гэснийг мэдэх үү? Уг нь тэрээр өөр нэртэй байсан ч пап болохдоо Францис гэдэг хүнийг их хүндэтгэдэг байсан учраас нэрийг нь авчээ.
Тэгвэл тэр нь ямар хүн байсан бэ гэдгийг ярья. Карнавал, Halloween, хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийсэн, тонгорсон эдгээр баяруудтай ямар холбоотойг ярья.
Нэгэн баян айлын зугаа цэнгэлд дуртай хүү байжээ. Тэр хүү амьдралын янз бүрийн сорилтон дундаас бусдад туслах нь чухал юм байна гэдгийг ухаараад, өөрийгөө өөрчлөх гэж оролдсон байна. Тэр хүнд нэг домог их нөлөөлжээ.
Мариа эх бяцхан Исүсийг тэврээд нэгэн сүмд очжээ. Сүмийн лам нар мундаг номтойгоо харуулах гэж гүн, гүн сургааль, номлолуудыг нялх Исүст айлджээ. Хамгийн сүүлд нэгэн номгүй лам дээр иржээ. Тэр лам сандарч, би номгүй тул Исүсийг зүгээр л баярлуулья, инээлгэе, миний ганц чаддаг юм энэ гээд хоёр гар дээрээ явтал Исүс анхны бөгөөд сүүлийн удаа инээж гэнэ. Үүнийг хараад Мариа эх Христийг баярлуулна гэдэг ямар ч гүнзгий номноос илүү гэж баярлажээ.
Христ яагаад инээсэн гэвэл хөл толгой солигдохыг хараад инээжээ. Юмс өөрчлөгдөхөд, солигдоход Христ инээсэн байна. Үүнийг сонссон Франсис Христ инээсэн юм чинь ер нь бид бүгдээрээ гаран дээрээ явж сурвал яасан юм бэ? гэсэн байна. Ингээд би өөрийнхөө амьдралын ханиар үгээгүй ядуу, хоосныг сонголоо гээд бүх эд хөрөнгөө тараасан байна. Гаран дээрээ явсан лам шиг юмсыг огт өөрөөр харахын тулд хүн төрөлхтөний хамгийн дургүй, эсрэг зүйлийг сонгосон хэрэг. Тэгээд бусдад тусалж эхэлсэн байна. Тэгээд дэндүү доошоо унасан учраас дээр гараад ирсэн. Би дэндүү доошоо унасан тул намайг доромжлох юм юу ч байхгүй гэж үзсэн байна. Тиймээс би та нарын дээр гэж хэлжээ. Гэтэл одоо бид эд хөрөнгийг сонгож байна шүү дээ. Түүнээсээ болоод дандаа ямар нэгэн юмнаас шалтгаалж байна. Францист алдах юм байхгүй тул маш их эрх чөлөөтэй байна. Бид бол хөндлөнгийн хүний дүгнэлтээс, сонин сэтгүүлийн үгнээс, фэйсбүүкийн постноос, сэтгэгдлээс шалтгаалдаг, айж явдаг. Тиймээс бид амархан унадаг.  
Францис юунаас ч шалтгаалдаггүй тул дэндүү эрх чөлөөтэй. Өөрийн гэсэн юмтай байх шунал, хүслээс салж чадсан байна. Хамгийн гол нь өөрөө энэ замыг ухамсартайгаар сонгосон. Тиймээс амьдралаас юу ч хүсдэггүй байна.
Бид амьдралаас их юм хүсдэг тул бүх зүйлд сэтгэл дундуур явдаг. Машин өгвөл Приус л байна шүү дээ гэнэ. Байр өгвөл хотын төвөөс хол юм байна гэнэ. Францис юу ч хүсдэггүй тул юу ч өгсөн баярладаг. Тэгж амьдралын дээд зэргийн баяр баяслыг олж чадсан байна.
Юу ч хүсэхгүй байж байгаад олж авсан баяр баясал бол дээд зэргийн баяр баясал. Түүнээс бус Приус биш Ланд өгөхөөр баярладаг баяр бол баяр биш. Түүний цаана Феррари гэсэн хүсэл ч байгаа тул баяр биш. Энэ бол хэмжээтэй баярууд. Бид бол үргэлж дутуу амьдардаг. Тийм ч юм дутуу, ийм ч юм дутуу.
Ийм хүний нэрийг л одоогийн пап өөртөө өгсөн байна. Тэгээд өнөөгийн энэ хүсэлдээ хүлэгдсэн ертөнцийг засах гээд байгаа юм. Тэгээд өөрөө шоронгийн хамгийн муухай, арьс өнгөний өвчтэй хоригдлын хөлийг очиж угаадаг. Ийм уламжлалтай. Ромын Пап бол тэрбум гаруй шүтэгчтэй хүн шүү дээ. Ёсоороо бол Христ бурханы газар дээрх элч.  Ингээд эдгээр баяруудын цаана хүн өөрөө өөрийгөө өөрөөр харах болсон байна. Харах өнцгөө өөрчилж ирсэн байна. Аливаа хайрцагт баригдахгүйгээр, тэр хайрцгаа эвдэх чадвартай болсон байна.
Ийнхүү баг, маск гэдэг зүйл гарч иржээ. Маск бол хүлээснээс гарах нэг хэрэгсэл.
Чөтгөрийг айлгахын тулд, дүрээ нуухын тулд, гоё харагдахын тулд, цочоох гэх мэт янз янзын зорилготой маскууд гарч ирсэн байна. Энэ нь явсаар театрчилсан үзвэр, тоглолт болсон.
Эртний Грекэд баясгалантай баатар гээд инээсэн, гунигт баатар гээд уйлсан хоёр баг зүүдэг байсан нь сүүлд театрын бэлгэ тэмдэг болсон юм.
“Амьдрал бол театр. Бид энэ театрт тоглож буй жүжигчид” гэж Шекспир хэлсэн байдаг. Бид бүгд масктай. Нэг бус олон масктай.
Нэг найруулагч “Жүжигт утга учир байна. Харин амьдралд утга учир байна уу” гэж асуусан байдаг. Залуус та бүхэн хэн нэгэн надад утга учир өгнө гэж бүү хүлээгээрэй. Хэн нэгэн надад түүнийг зааж өгнө гэж бүү горьдоорой. Лам, бөө дээр битгий очоорой. Тэгвэл яах бол, ингэвэл яах бол гэж бүү бодоорой. Ламтай нийлж бурханыг бүү хуураарай. Амьдралынхаа утга учрыг өөрөө бий болгоорой. Ямар нэг утга учрыг чи өөрөө бий болго. Тэгээд түүнийхээ төлөө тууштай яв. Махатма Ганди: “Зөв юмны төлөө тууштай зүтгэ” гэж хэлсэн байдаг. Зөв юм гэдгийг утга учир гэж хэлж болно. Чамд юу зөв санагдаж байна. Түүнийхээ төлөө тууштай яв. Тэгвэл амьдрал чинь тэр аяараа гэрэл гэгээтэй болно.
Тийм зүйлээ олж чадахгүй, хүн болгоноос асуугаад, ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ, тэр ч гоё харагдаад л , энэ ч гоё харагдаадл явбал утга учир болохгүй. Нэг л мэдэхэд амьдрал дууссан байна. Дараа нь би ямар утгагүй амьдрав даа гээд харуусч мэднэ.
Өөрсдөө амьдралаа зохион бүтээ. Гоё зохиосон шиг зохиогоорой. Амьдарсан шиг амьдарна шүү.Зүүсэн маск чинь чамайг нуух биш нээж байх болтугай.” гэв.
Лекцийнхээ дараа тэрээр үзэгчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.
Сүүлийн жилүүдэд та ямар маск хамгийн их зүүж байна? 
Өөрөө зүүхээс илүү хүмүүс надад их маск зүүлгэдэг байсан. Та төрийн тэргүүн байсан гээд Ерөнхийлөгчийн, сайд байсан гээд Ерөнхий Сайдын, Улсын их хурлын даргын, намын даргын, Соёлын сайдын, танай хүү Улсын их хурлын гишүүн боллоо гээд аавын маск өгчихдөг. Ингэхээр би маш олон масктай болчихдог. Ялангуяа залуустай уулзахдаа би маскнаасаа салах гэж хичээдэг. Гэхдээ хэцүү л дээ. Зарим маск нь надтай салахын аргагүй наалдчихсан байдаг. Тиймээс энэ маскнаасаа салахаасаа илүү маск намайг хөгжүүлээсэй, энэ маск намайг битгий үхүүлээсэй, шинийг мэдэх тэр хүслийг минь улам өрнүүлээсэй, шинээр өөрийгөө олж байх юмсан гэсэн байдлаар зорьдог. Тиймээс маск бол надад саад биш. Харин ч өргөн бололцоо олгодог хэрэгсэл гэж хүлээж авахыг боддог.
Тийм учраас та бүхнийг маскныхаа боол биш байгаарай гэж хүсч байна. Харин тэр маскийг ашиглаж өөрсдийгөө нээгээрэй гэж хэлье. Би жишээлбэл, хятад хэл сурья гэж бодож байгаа. Тэгэхээр би одоо хятад хэл сурах гэдэг маск зүүчихсэн, өөрийгөө хятад маягаар төсөөлөөд явж байна. Ер нь тухайн шинэ мэдлэг өөрөө хүнд шинэ маск болдог байж магадгүй юм. Тиймээс залуус та бүхэн болж өгвөл олон маск зүүгээрэй. Олон маск зүүж үзээрэй. Маск болгон та нарыг нээхэд тус болох байх аа.
Та алдаан дээрээ суралцсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач?
Гүржийн дуучны нэг дуу байдаг. “Миний он жилүүд миний баялаг” гэж. Түүнтэй адил миний алдаа болгон миний баялаг гэж би боддог. Юун дээр алдсан юм бүү мэд. Харамсмаар юм байвал түүнийг алдаа гэж хэлж болох байх. Аав, ээжийгээ, эхнэрээ гомдоосондоо харамсдаг. Аав, ээж хоёр маань өнгөрсөн жил, энэ жил гээд ар, араасаа бурхан болсон. Сүүлд нь эргээд бодоход харамсах зүйл гарч ирсэн. Би дотроо уучлалт гуйж явдаг. Бусад зүйлд би харамсдаггүй.
Шоронд орсон, сонгуульд ялагдсандаа харамсдаггүй. Алдаа болгон минь миний ялалт, амжилт гэж хүлээж авах ёстой юм болов уу?
Ингэж байж хүн цаашаа явах байх. Алдаандаа харамсаад, хүлэгдээд, түүнээсээ салж чадахгүй, сэтгэлдээ гадас шаагаад, түүнийхээ боол болоод явалгүй шууд хая. Тэгээд цаашаа яв. Ингэж боддог болохоор миний амьдралд алдаа байхгүй. Миний амьдрал тэр аяараа амжилт.
Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан үеийнхээ компанит ажлын тухай ярьж өгөөч?
Ялагдал болгон маш адилхан жортой байдаг. Толстой хэлсэн байдаг. “Аз жаргалтай гэр бүл болгон адилхан байдаг бол аз жаргалгүй гэр бүлүүд хоорондоо өөр” гэж. Улстөр дээр бол эсрэгээрээ байдаг. Ялагдал болгон яг ижил байдаг бол ялалт болгон өөр байдаг. Ялалт болгон өөрийн жортой. Түүнийг залуус та нар өөрсдөө олцгоо. Ялагдал бол хоорондоо хагаралдсан, мөнгө нь хүрээгүй, буруу үг хэлсэн, хэн нэгнийг гомдоосноос л үүдэлтэй байдаг. Харин яагаад би ялснаа өөрөө ч хэлж чадахгүй. Би ялсан. Олон хүн тусалсан. Тэгээд л тэр жор дууссан. Одоо тэр жор хэнд ч хэрэг болохгүй. Ялалтын жор гэж байдаг гэвэл худлаа гэж би хэлнэ. Яаж ялах вэ? Яаж саятан болох вэ? энэ бүхэн чинь дандаа худлаа. Тийм жор байдаггүй. Хятадын алдартай жанжны ном бий. Гол утга нь яаж байлдахгүй ялах вэ? гэж. Манайхан байлдаж ялах гээд байдаг. Тиймээс та бүхэн надаас эсвэл  У.Хүрэлсүхээс яаж ялах вэ гэж бүү асуу. Та өөрөө ол. Тэгж байж амьдрал утгатай, зорилготой, гоё болно.
Та Ерөнхийлөгч байхдаа Алтай таван богдод авираад, төөрч байсан тухайгаа яриач?  
Би багаасаа спортод дуртай байлаа. Сүүлд уулын спортыг сонирхдог болсон. Уулын спортын онцлог нь өөрийгөө ялдаг спорт юм. Тэгээд би энэ спортоор нэлээн идэвхтэй явах гэж оролдсон. Нэг жишээ нь тэр л дээ. Үнэхээр тийм явдал болсон. Бидний алдаа x бас байсан. 6 сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдөр гарвал гоё гэж бодоод явсан чинь шуурга шуурч эхэлсэн. Тэнгэр цэлмэхийг хүлээж хоёр хоносон. Тэгээд нэг өдөр шуурга зогсонгуут үдээс хойш дайралт хийгээд 19:30 минутын үед оргилдоо гарсан. Бид уулчдын бичигдсэн хуулийг зөрчсөн л дөө. Оргилд гарах үед дахиад нүүр нүдгүй шуурч эхэлсэн. Тэгээд буцаад буух гэтэл мөргүй болчихсон. Хамаагүй буувал Хятад руу орчихно. Эсвэл ангал руу унана. Буух гэсээр байтал харанхуй болчихсон. Тухайн үед туршлагатай уулчин н.Гүррагчаа гуай биднийг ахалж явсан. Тэгээд би бодсон. Энэ хүмүүс зөвхөн намайг л харж байгаа. Би бууж өгвөл энэ хүмүүс бүгд намайг дагана гэж бодоод явсан. Тэгээд явж байтал миний ард явсан хамгаалагч цөмөрчихсөн. Олстой явсан тул тэр залуугийн урд ард яваа хүмүүс дөрвөн хөллөж, хэвтэх ёстой. Хамгаалагч залуу чадалтай хүн байсан учраас өөрөө гараад ирсэн. Тэр залуу хэлж байсан. Хааш хаашаа 10 метр гүнзгий мөсөн шал байна гэж. Эхний явсан хүмүүсийг даагаад түүнийг даагаагүй цөмөрсөн байсан. Юу ч харагдахгүй тэр харанхуй, шуургатай шөнө бид төөрсөөр, төөрсөөр Их монгол  оргил дээрээ гурван удаа гарсан байдаг. Залуучууд маань ядраад, чирэгдээд амарья гэхэд нь Үгүй ээ яв, зогсвол бид хөлдөнө, ерөөсөө л яв гэж хэлж байлаа.
Явж л байх ёстой. Амьдрал ч гэсэн тийм л юм билээ. Зогсолтгүй явж л байх хэрэгтэй. Бууж өгч болохгүй. Зогсох л юм бол хөлдөнө, үхнэ.
Тэгээд өглөө 6 цаг гээд жоохон гэгээ орсон. Бид замаа олоод буусан. Буусан чинь тэр муу муухай юу ч болоогүй юм шиг цэв цэлмэг болчихсон. Та нар яагаад одоо хүртэл уулан дээрээ байгаад байгаа юм бэ гэсэн шиг. Нар ээгээд маш гоё болсон. 9 цаг өнгөрч уулнаасаа буусан. Зогсолтгүй явсан өөрсөддөө их баярласан. Багаараа амжилттай буусан. Их баяр баясал төрсөн.
Тэр явдал бол миний хувьд дахин төрсөн юм шиг сэтгэгдэл үлдээсэн. Тэр бол сайхан дурсамж.
2008 оны 7 сарын 1-ны гунигт үйл явдал, мөн олимпын аваргатай болоод талбай дээр халамцуу гарч ирээд “Би азтай ерөнхийлөгч” гэж хэлж байсан үйл явдал, мөн та баривчлагдаад салаавч өгч байсан зэрэг маскнаас гадуурх үйлдлүүдийг чинь санаж байна. Улстөрч хүний хувьд сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн барьдаг вэ?  
Магадгүй миний хэлж буй үг жирийн хүнээс илүү тусдаг байх. Оросуудын хэлдгээр үг бол шувуу биш. Мэдээж Ерөнхийлөгч хүн задгай байж болохгүй. Би үг хэлээ цэгнэх гэж хичээдэг байсан. Ерөнхий сайд байхдаа илүү нээлттэй байх гэж, УИХ-ын дарга байхдаа өрсөлдөж буй намуудыг илүү ойлголцуулахыг бодох, Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа бүх намуудад тэгш хандах гэж оролдох гэх мэт шаардлагууд байсан.
Архи уудаггүй гэдэг ч талбай дээр согтуу гарч ирсэн, салаавч өгч байсан, их өрийн асуудал шийдэх үед Оросын Ерөнхий сайд бухимдаа ажлын хэсэгт байсан хүмүүсийн өмнөөс цаас шидэж байсан, 7 сарын 1-ны үйл явдалд уурлаж, бухимдаж байсан гэх мэт янз янзын юм болно. Тухайн үйл явдал бүрт зөв шийдэл олохын тулд, хамгийн зөв үг хэлэхийн тулд янз бүрийн маск зүүж байсан нь тухайн үеийн Н.Энхбаярыг илэрхийлэх болов уу? Тэр мөч бүхэн дахин давтагдашгүй учраас тийм үед тийм, ийм үед ийм маск зүүдэг гэж би хэлж чадахгүй. Ер нь ном унших тусам, бодох тусам, хүнтэй харилцах тусам хүн илүү хөгжиж, ямар ч нөхцөлд барьц алдахгүй байх чадварт сурдаг. Гэхдээ л амьдралд барьц алдах зүйл олон гарч ирнэ шүү. Тэр бүгдэд бэлэн бай. Үүнд маш өндөр боловсрол, ёс суртахуун, оюун ухааны цогц байдал тус болох юм болов уу гэж боддог юм.
Хэрвээ та эргээд гучин насандаа очвол юу хийх вэ?
Аав, ээж, эхнэрээ л илүү баярлуулна даа.
Таныг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын дарга гээд мандаж явахад болон бүх албан тушаалаасаа буугаад уналтанд орж шоронд ороход ойр дотны чинь улс төрийн хүрээнийхний гаргаж байсан маскны талаар ярьж өгнө үү?
Хүн амьдралдаа олон маск зүүнэ л дээ. Зарим хүмүүс намайг дарга байхад нэг маск зүүнэ. Дарга биш болохоор өөр маск зүүх нь ойлгомжтой шүү дээ. Миний тасалчихсан уяануудыг ахиад сэргээх гээд байна л даа. Би тасалчихсан байхгүй юу, тэр уяануудыг. Одоо надад түүнийг бодоод, санаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. Надад тэр хүмүүс тус болсон. Н.Энхбаяр гэдэг хүнийг олоход, Н.Энхбаяр гэдэг дотор хүнийг нээхэд тус болсон. Би шоронд ороод, 12 хоног хуурай өлсгөлөн зарлаад тэсч гарахад тус болсон. Оросын өрийг тэглэхэд тус болсон л байна. Хамгийн хүнд, хэцүү үед тус болсон л байна. Одоо эргээд бодоход. Тухайн үед бол тэгээд байхдаа яадаг юм, би яалаа, ингээд байхдаа яадаг юм гэж бодогдож л байсан л даа. Гэхдээ нэг үг байдаг шүү дээ. Бурхан чамд хэн нэгнээр дамжуулж дааж чадах сорилтыг чинь өгдөг гэж. Тэгэхээр тэр бол бурхан надад өгч буй сорилт байсан. Би тэр сорилтыг чадахаараа давсан. Үйлийнхээ үрийг би өөрөө үүрээд бурханы өмнө очно. Махатма Ганди: “Хүн бурханы өмнө заавал шүүгдэнэ” хэлсэн байдаг. Энэ бол үйлийн үрийн хууль.
Бичгийн хэлбэрт оруулж, тэмдэглэсэн Ч.Явуухүү

Сэтгэгдэл бичих