Ерөнхий сайд зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулав

оруулсан Алсын Хараа

Хэнтий аймгийн Чингис хотод зохиогдож буй зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Мөн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, онцгойлон анхаарч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эрх зүйн шинэ орчин бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Үр дүнд нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаар болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Хуулийн төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, жуулчдын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцааж олгох, аялал жуулчлалын сан байгуулах зэргийг тусгажээ.

“Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Төр, хувийн хэвшлийнхэн одооноос  төвлөрч ажиллах шаардлагатай”-г Ерөнхий сайд хэллээ. Мөн хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотоос иргэдийг татах, сэдэлжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллага илүү санаачилга гаргах учиртайг тэмдэглэв.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, үе шаттай хэрэгжүүлнэ. Зүүн бүсэд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, олон бүтээн байгуулалт өрнөнө. Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбоно. Чингис хааны аялал жуулчлалын цогцолборын нээлт ирэх оны дөрөвдүгээр сард Хэнтий аймагт  болно гэлээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн онцлог байдалд түшиглэсэн аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг бодит ажил болгох, брэнд бий болгож гадаад, дотоодод сурталчлахад төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа гарц, шийдэлд хүрэх нь энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго ажээ. Тухайлбал, Талын түмэн адуу, Ганга нуурын чуулган, Сэцэн хааны ордон музей, Чингис хааны үеийн холбогдолтой түүхэн газруудад түшиглэсэн цогцолборуудад аялагчдыг татах бүрэн боломжтой гэдгийг зөвлөгөөнийг зохион байгуулж буй БОАЖЯ, Соёлын яамныхан тэмдэглэж байлаа.

Сэтгэгдэл бичих