Улс орны үйл ажиллагааг хэрэгжүүлэх бодлогын гол баримт бичиг болох Монгол Улсын төсвийг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталлаа. Дэлхий даяар хэмнэлтийн горимд шилжиж эдийн засгаа бэхжүүлэхээр мэрийцгээж буй энэ үед Монгол Улс төсвөө хэрхэн төсөвлөсөн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Ирэх онд инфляцын түвшнийг барихаас эхлээд геополитик, дайны асуудлын нөлөө хэрхэх нь тодорхойгүй эрсдэлтэй цаг үед энэ удаагийн төсвийг баталсанаараа онцлогтой. Эдийн засагчдын хувьд төсвийн тэлэлтийг хумиж, алдагдлаа бууруулан тэг рүү тэмүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Төсвийн талаарх тоон мэдээллийг нэгтгэн хүргэе.
ИРЭХ ОНД 19 ИХ НАЯД 49.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ
Монгол Улс нэгдсэн төсвийн нийт орлогоороо ирэх онд 19 их наяд 49.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр болов. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Албаныхан үүнийг төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулсан анхны төсөв гэдгийг онцолж буй. Харин ирэх онд төвлөрүүлэх нийт орлогыг өнгөрсөн оны төсвийн батлагдсан дүнтэй харьцуулбал 3.4 их наяд төгрөг буюу 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарч буй юм. Энэ удаагийн төсвийн нийт алдагдал 127.6 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв болжээ. Тухайлбал төсвийн алдагдал 2020 онд 4.4 их наяд, 2021 онд 2.9 их наяд, 2022 онд 2.4 их наяд төгрөгт хүрээд байна.
ИНФЛЯЦЫГ НЭГ ОРОНТОЙ ТООНД БАРИНА
Монгол Улсын ирэх оны төсөвт эдийн засгийн өсөлтийг 5 хувь, инфляцыг нэг оронтой тоо буюу 8 хувьд барина хэмээн тооцсон. Харин Олон улсын байгууллагууд Монгол Улсын инфляц ирэх онд 10.5-13 хувь орчимд байна гэсэн төсөөллийг дэвшүүлээд байгаа. Тухайлбал Азийн хөгжлийн банк нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсантай холбоотой импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж Монгол Улсын инфляц өндөр түвшинд хэвээр байна гэж дүгнэсэн юм. Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин төгрөгийн ханшийн сулрал, тээвэр логистикийн хүндрэл, олон улсын зах зээл дээрх хүнсний инфляц өндөр байгаа зэргээс шалтгаалан 13.8 хувьд хүрээд байгааг ҮСХ-ны мэдээлсэн. Тиймээс гадаад орчны тодорхой бус байдал, худалдааны түнш орнуудын инфляцын хэлбэлзэл, төгрөгийн ханшийн сулрал дээрх төсөөллөөс гажиж мэднэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Өөрөөр хэлбэл инфляцад импортын бүтээгдэхүүний үнэ буюу тээврийн зардал гол нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд гадны хамаарлыг тооцох нь эрсдлээс сэргийлэх талтайг эдийн засагчид сануулж байна.
ӨРИЙН БАТАЛГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭГ 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БАТЛАВ
Монгол Улсын гадаад өр хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа. Үүнийг задалбал 21.3 тэрбум ам.долларыг аж ахуйн нэгжүүдийнх, 8.1 тэрбум ам.долларыг Засгийн газрынх, 2.5 тэрбум ам.долларыг төв банкных, үлдсэн 1.4 тэрбум ам.долларыг арилжааны банкуудын өр эзэлж буй юм. Тэгвэл 2023 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хүрээнд Засгийн газрын авах гадаад, дотоод зээлийн дээд хэмжээг 2.8 их наяд төгрөг хүртэл байхаар тогтоожээ. Тодруулбал Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 1.2 их наяд төгрөг байхаар батлаад буй юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд Засгийн газар 4 их наяд төгрөгийн өр тавьж, алдагдлаа санхүүжүүлэх тооцооллыг гаргасан гэсэн үг. Ирэх онд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
УУЛ УУРХАЙГААС 4.9 ИХ НАЯД ТӨГРӨГ БҮРДҮҮЛНЭ
Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2022 оныхоос ирэх онд 58 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргасан байна. Уул уурхайд түшиглэдэг манай улсын хувьд ирэх онд Оюу толгойн далд уурхай ашиглалтад орж, зэсийн экспорт нэмэгдэх хүлээлт бий. Тиймээс ирэх онд Монгол Улс боомтын сэргэлтийг эрчимжүүлэн эрдэс бүтээгдэхүүний экспортыг тэлж, татварын төлөлтийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвсөн. Тухайлбал эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрэх уул уурхайгаас ирэх жил 4.9 их наяд төгрөг буюу нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоог гаргав. Тодруулбал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2.5 их наядын орлого олно гэж тооцсон бөгөөд алтнаас 238 тэрбум, нүүрснээс 1.7 их наяд, зэсийн баяжмалаас 2.3 их наяд төгрөг олох юм байна. Ингэхдээ нүүрсний үнийг тонн тутамд 200 орчим ам.доллароор, зэсийн үнийг тонн тутамд 8400 ам.доллар байхаар тооцжээ.Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ хэмээн төсөвт тооцож оруулсан байна. Харин эдийн засагчдын зүгээс сүүлийн жилүүдэд нүүрсний экспортыг нэлээн өөдрөгөөр төсөөлж ирсэн нь улсын орлогыг тасалдуулахад хүргэж болзошгүйг анхааруулж буй юм. Ойрын жилүүдэд эрдсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өсөлт үзүүлсэн ч ирэх жилүүдэд буурах хандлага байгааг олон улсын шинжээчид онцолж байна.
ИРЭХ ОНД ШИНЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХГҮЙ
Хэмнэлтийн горимд шилжсэн төсвийн нийт зардал 20 их наяд төгрөг 475.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Тодруулбал Монгол Улс өмнөх жилээс зарлагаа 2.5 их наядаар өсгөжээ. Монгол улс ирэх онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд өмнөх жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа дуусгах юм байна. Төсвийн хөрөнгөөр ирэх онд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2 их наяд 695 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бол "Барих-шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид 279.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийхээр төсөвлөжээ. Тухайлбал 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орох бөгөөд 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад орох аж. Түүнчлэн ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулахад анхаарах юм байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулах бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлд 318 тэрбум төгрөг зарцуулна.
САНГИЙН САЙДЫН ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ 115.5 ТЭРБУМААР БУУРЧЭЭ
Иргэдийн хувьд хамгийн их анхаарлаа хандуулдаг зүйл нь төсвийн захиран зарцуулалт байдаг. Ирэх оны төсөвт тусгаснаар эрчим хүчний шөнийн тарифыг санхүүжүүлэхтэй холбогдуулан Эрчим хүчний сайдын зарцуулах төсөв нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал ирэх онд эрчим хүчний сайдын төсөв 83.7 тэрбум төгрөг, БОАЖ-ын сайдын төсөв 11 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын зарцуулах төсвийн зардал 18 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал 341 сая төгрөгөөр буурч батлагдсан бол Сангийн сайдын зарцуулах төсөв 115.5 тэрбум төгрөгөөр буураад байна.
ШИЛЖИН АМЬДРАХ ИРГЭДЭД 3 ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Ирэх жил хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгохоор 2023 оны төсөвт тусгажээ. Мөн цалингийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгох бол бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 6 хувиар нэмэгдүүлэхээр болов. Харин Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор болж байна. Төрийн нийт албан хаагчийн нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жилээр нь тооцон нэмэгдүүлэх аж. Ингэснээр төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол 1 хувь, хоёр дахь жилдээ ажиллавал 2 хувь, 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл буюу ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авах юм байна. Харин хүүхдийн мөнгөний хувьд төсвийн боломждоо тааруулан нийт хүүхдийн 90 хувьд олгох бөгөөд сарын 3.5 саяас доош орлоготой өрх хүүхдийн мөнгөн хуримтлалд хамруулахгүй байхаар тусгав. Монгол Улс ирэх онд 1.1 сая хүүхдэд 1.4 их наяд төгрөгийг зарцуулах тооцоог хийжээ.
Ирэх жилүүдэд инфляцын өсөлт, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын нөөц саарах гээд Монгол Улсын хувьд эдийн засаг амаргүй байх хүндхэн үеийн найдлага хүлээсэн төсвийг ийнхүү УИХ-аас баталлаа.