Уул уурхайн салбар аж үйлдвэрлэлийн орцыг бэлдэх замаар зэрэгцэн хөгжинө

оруулсан Алсын Хараа

“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтан зохион байгуулж буй хэлэлцүүлэг өнөөдөр “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр “Корпорейт конвейншн центр”-т үргэлжилж байна. Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого” илтгэл тавив.

Тэрээр илтгэлдээ, “Дэлхий даяар түүхий нүүрсний хэрэглээ багасаж байна. Тиймээс бид байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай. Олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засгийг тэлэх боломж энэ салбарт бий” гэдгийг онцлов.

Удаалаад “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” хэлэлцүүлэг болж, “Кью Эм Си” группийн ерөнхий захирал, судлаач М.Дагва, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Рио Тинто” группийн Монгол дахь гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Ди Ди Эй Жи” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор М.Батттөгс нар модератороор оролцлоо.

УУХҮЯ энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгохоо мэдэгдэв. Мөн ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулах тул үйл явц ил тод, нээлттэй, ААН-үүд тэгш өрсөлдөх боломжтой, хүний нөлөөлөлгүй болно гэдгийг мэдээлж байна. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад дунджаар 35 хоног зарцуулдаг байсныг 7-10 хоног болгон бууруулна гэв.

Ирэх сарын 7-8-нд зохион байгуулах гэж буй “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээн дэх урьдчилсан хэлэлцүүлгээр ярилцсан сэдэв, онцлогийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалаас тодруулав.

Тэрээр хэлэхдээ "Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог, давуу тал гэвэл энд өнөөдөр 4 яам хамтран оролцож асуудлаа ярилцлаа. Тодруулж хэлбэл мал аж ахуй, ХАА дээрээ үндэслэсэн хөнгөн үйлдвэрлэл, байгалийн баялаг дээрээ тулгуурласан хүнд үйлдвэрлэл, мөн өв соёл, монгол оюун дээрээ үндэслэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд дээрх салбар салбарын асуудлыг хөндсөнөөрөө онцлог болж байна" хэмээн тодотгов.

-Ингэхдээ танай яам голлон зохион байгуулж буйн онцлог юунд байна?

-Яах вэ манайх голлон зохион байгуулж байгаа. Яагаад гэвэл аж үйлдвэржилтийн гол орц нь өөрөө уул уурхай, хүнд үйлдвэр байж бусад салбараа цааш хөгжихөд дагуулж явах гэдэг утгаар зонхилж байгаа. Манай улсын голлох, давуу тал өндөртэй, өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан, нэг тэрбум ам.долларын босго давсан, хагас боловсруулсан болон түүхий эдээсээ илүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашид металлургийн үйлдвэр хөгжих суурь салбар нь өнөөдөр яалт ч үгүй уул уурхай, хүнд үйлдвэр болж байгаа.

Тийм ч учраас Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д уул уурхай, хүнд үйлдвэрийн мега төслүүдийг тусгаад явж байна. Энд газрын тос боловсруулах, нүүрс угаах, зэс хайлуулах болон гангийн үйлдвэрийн төсөл багтаж байгаа. Дэлхий нийтийг хамарсан ковид-ын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад олон улсад логистик саатах зэргээр хаа сайгүй олон хүндрэл сорил, бэрхшээлтэй тулгарсан. Хэдий хүнд хэцүү үеийг туулж буй ч мега том төслүүдийг хөдөлгөж зайлшгүй явах ёстой гэдэг дээр олон талын байр суурь бүгд нэгдэж байна.

-Манай улсад Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хөдөлгөснөөр ач холбогдол хэр гарч ирэх вэ? Үүнийг тодотгоно уу?

-Жишээ нь, бид зэс хайлуулах үйлдвэрийн төслөө эхлүүлснээр, зэсийн баяжмалаас катодын зэс үйлдвэрлэлээ гэхэд үүнийг ашиглаад маш олон жижиг, дунд үйлдвэр кластераар цааш хөгжих тэр орон зай бий болох юм. Тиймээс төрийн бодлогоор манай улс хагас боловсруулалтаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шилжинэ.

Энэ үйл явц төрийн бодлогын хүрээнд зайлшгүй хийгдэх ёстой юм. Ингэж байж ЖДҮ, хувийн сектор илүүтэй үйлдвэр рүү орох боломжтой болно. Энэ бүхэн Төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хүрээнд хэрэгжих юм. Аж үйлдвэр ийм байдлаар цаашид урт хугацаанд, тогтвортой хөгжихөд уул уурхайн салбар өөрөө хамтарч, зэрэгцээд хөгжиж явна. Нэг ёсондоо уул уурхайн салбар тэр нүүрсийг нь, тэр зэсийг нь, тэр газрын тосыг гаргаж өгөх замаар аж үйлдвэрлэлийн орцыг бэлдэж явах юм.

Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид эрхзүйн орчинг, тодруулж хэлбэл, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн цогц утгаар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, таатай, салбараа геологи хайгуулаас нь аваад ашиглалт-болосвруулалт, уурхайн нөхөн сэргээлтээс хаалт хүртэл нь бүрэн циклээс нь харсан бодлогоор өөрчилнө.

 

Сэтгэгдэл бичих