Даваа гарагт Сирийн хилийн ойролцоо Турк улсын нутаг дэвсгэрт дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсөн билээ. Уг гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 7,800 давжээ. Тодруулбал Турк улсад 5,894 хүн, Сири улсад 1,932 хүн амиа алдсаныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Хохирлын тоо цаашид өсөх нь тодорхой байгаа. Аврагчид цаг хугацаатай уралдан нуранги дороос хүмүүсийг гаргасаар байна. Нурангид дарагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотнынхон аврагчидтай зэрэгцэн ажиллаж байгаа ажээ.
Дарагдсан хүмүүсийн тусламж гуйж, хаяг байрлалаа мэдээлсэн олон мянган постууд сошиал сүлжээнд хөвөрч байна. Тухайлбал Charmquell нэрээр олонд танигдсан YouTube хэрэглэгч Фират Яйла өчигдөр Антакя хотод нурангид дарагдсан байгаагаа Инстаграм хуудсаараа мэдээлж, гаргаж авахыг дагагчдаасаа гуйжээ. “Найзуудаа, бид нурангид дарагдаад байна. Ээжээ, Та зүгээр үү? Хаана байгаагаа хэлээч. Туслаарай” гэж хэлсэн тэрбээр гэрийн хаягаа дэлгэрэнгүй мэдээлсэн байв.
Энэхүү постынхоо ачаар Яйла аврагдсан ч ээж нь олдоогүй байгааг сүүлд дахин мэдээлжээ. Харамсалтай нь сошиал орчинд аврал гуйсан хүн бүрийг гаргаж авах боломжгүй байна. Жишээлбэл дараах дүрс бичлэгийг Сирийн нэг хотын нурангид дарагдсан хүү сошиал хуудсандаа нийтэлжээ.
Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй байгалийн гамшигт энэ үзэгдэлд 13.5 сая хүн нэрвэгдсэн гэж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум мэдээллээ. Тэрбээр байшин барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдээлээд, ийм ажиллагаанд эхний 72 цаг амин чухал гэдгийг цохон тэмдэглэжээ.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаанд 65 орны 2660 алба хаагч оролцож байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээллээ. Туркийн аврах албаныхантай хамтран 13 740 хүн байгалийн гамшигт өртсөн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаанд 629 өргүүр кран, 360 тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа аж.
Гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбогдуулан Туркийн Батлан хамгаалахын нисэх хүчний тээврийн онгоцнуудыг дайчлан тусламжийн ажиллагаанд оролцуулж байгаагаас гадна, Кахраманмараш, Газиантеп хотуудын нисэх онгоцны буудлуудын иргэний агаарын тээврийн нислэгийг цуцалжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр, тусламж хүргэх 146 нислэг үйлдэж, нийтдээ 300 мянган хөнжил, 41 504 майхан болон халаагуур, гал тогооны хэрэгслийг хүргэсэн байна.
Түүнчлэн Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүст зориулж цус сэлбэлтийн нөөц илгээн, улс орон даяар цусаа хандивлах аян зарлажээ.
Турк, Сирийн засгийн газарт тусламж үзүүлэхээ Европын Холбоо, НАТО болон бусад олон улсын байгууллагуудаас гадна дэлхийн олон улс орон мэдэгдээд байна.
НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтийн бүсэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол ОХУ, АНУ, Франц, Их Британи, Итали, Нидерланд, Австри, Чех, Беларусь, Гүрж, Япон, Тайвань, Алжир, Мексик, Казахстан, БНСУ болон манай улс зэрэг олон орны эрх баригчид гамшгийн бүсэд аврагчдаа илгээгээд байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Турк, Сирийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 75.6 сая орчим ам.долларын хэмжээтэй тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа.
Гамшгийн уршгийг арилгахад зориулж, Швед улс 657 000 ам.доллар, Ирланд улс 2 сая еврогийн тусламжийг Турк, Сирийн Засгийн газарт үзүүлэхээр болжээ.
Түүнчлэн Австралийн Засгийн газар 10 сая австрали.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээ.
Мөн Шинэ Зеландын Засгийн газар 1.5 сая шинэ зеланд.долларын тусламж үзүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс Австралид айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.