Францад жимс, ногоог гялгар уутанд савлаж худалдаалахыг хоригложээ

оруулсан Алсын Хараа

/BBC/. Францад жимс, хүнсний ногооны ихэнх нэр төрлийг гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж бол их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна.

Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.

Тус улсад жимс, хүнсний ногооны гуравны нэг гаруйг нь гялгар уутанд савлаж худалдаалдаг тул энэхүү арга хэмжээ нь жил тутам хэрэглэгддэг нэг удаагийн тэрбумаар тоологдох хаягдлаас сэргийлнэ гэж Засгийн газрын төлөөлөгчид үзэж байна.

Байгаль орчны яам шинэ хуулийн талаар танилцуулахдаа, манай улсын нэг удаагийн гялгар уут, хуванцрын хэрэглээ “асар өндөр” бөгөөд шинэ хориг нь ийм хаягдлыг багасгаж, дахин хэрэглэх, дахин боловсруулах боломжтой материалаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэв.

Энэхүү арга хэмжээ нь Э.Макроны Засгийн газрын танилцуулсан, гялгар уут, хуванцрын хэрэглээг олон салбараас үе шаттайгаар халах олон жилийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Францад 2021 оноос хуванцар соруул, аяга, хоолны хэрэгсэл зэргийг хэрэглэхийг хориглосон билээ.

Цаашлаад 2022 оны сүүлээс усны хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд олон нийтийн газруудад цэвэр усны төхөөрөмж суурилуулах шаардлагатай болохоос гадна сонин хэвлэлийг гялгар уут, хуванцар савлагаагүйгээр тээвэрлэх, түргэн хоолны газрууд үнэгүй хуванцар тоглоом хүүхдүүдэд санал болгох боломжгүй болно.

Гэвч хүнсний салбарын төлөөлөгчид шинэ хоригийн тухайд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна. Тухайлбал, Европын шинэ жимс, хүнсний ногооны ханган нийлүүлэлтийн асуудал хариуцсан “Freshfel” холбооны төлөөлөгч Филипп Бинар ихэнх жимс, хүнсний ногооны савлагааг ийм богино хугацаанд өөрчлөх нь орлуулах бүтээгдэхүүнийг зохистой хугацаанд шинжлэх, нэвтрүүлэх, нөөцийг нь тодорхойлоход хүндрэл учруулна гэж үзжээ.

Сүүлийн саруудад Европын хэд хэдэн орон Их Британийн Глазго хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд Францад хэрэгжиж эхэлсэнтэй ижил арга хэмжээний талаар танилцуулаад байгаа юм. 12 дугаар сарын эхээр Испани улс жимс, хүнсний ногоог 2023 оноос гялгар уутанд савлаж худалдаалахыг хориглоно гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих