G20: Дэлхийн удирдагчид томоохон корпорацуудын ашгийн татварын доод хязгаарыг баталжээ

оруулсан Алсын Хараа

/BBC/. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хорин орны удирдагчид томоохон бизнес эрхлэгчдийн ашгаас 15-аас доошгүй хувийн татвар авах олон улсын гэрээг баталлаа. Ийнхүү Хорийн бүлгийн /“G20”/ орнууд үндэстэн дамнасан компаниуд оффшор бүсэд ашиг орлогоо нууж, татвараас зайлсхийхийн оронд илүү их татвар төлдөг байхыг хүсэж байна.

Хамгийн багадаа 15 хувийн татвар ногдуулах тухай гэрээг батлах талаар Ром хотноо “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй бүх удирдагч санал нэгджээ. Дээд хэмжээний уулзалтад Орос, Хятад хоёр улсын удирдагчид Владимир Путин, Ши Жиньпин нар дүрс бичлэгээр холбогдож оролцлоо. “G20”-ийн орнуудын ДНБ дэлхийн ДНБ-ий 80 орчим хувийг эзэлдэг.

АНУ-аас анх санаачилсан татварын энэ шинэчлэл 2023 он гэхэд хэрэгжих төлөвтэй байна. Энэхүү гэрээ нь дэлхийн эдийн засгийн хувьд түүхэн гэрээ болно гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлжээ.  Гэрээг баталснаар Америкийн том компаниуд татвар төлөх ч жижиг компаниуд, жирийн ажилчид ерөнхийдөө хожно гэж тэрбээр үзэж байна.

“G20”-ийн дээд хэмжээний уулзалт нь даваа гарагт Глазго хотноо эхлэх “COP26” уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын өмнө болж буй юм. “G20”-д болж буй үйл явдал нь улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа хэлэлцэх ёстой “COP26”-ын өнгө аясыг тодорхойлно.

"Ройтерс" агентлагийн мэдээлж буйгаар, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичгийн төсөлд дэлхийн дундаж температурыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүйн төлөө ажиллах талаарх Хорийн бүлгийн орнуудын үүрэг амлалтыг тусгасан бөгөөд ингэснээр улс орнууд бүгд үр дүнтэй, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гарч байгаа юм. Түүнчлэн хөгжингүй орнууд 2025 он хүртэл хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларыг төрийн болон хувийн эх үүсвэрээс хуваарилах шаардлагатай гэж төсөлд тэмдэглэжээ. Хөгжингүй орнууд 2009 онд Копенгагены уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм үүрэг амлалтыг хүлээсэн ч биелүүлээгүй байна.

Сэтгэгдэл бичих