/Anadolu/. Туркт хоёр хүнээс коронавирусний “Мю” хувилбар илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мягмар гарагт мэдэгджээ. Колумби улсад энэ оны нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусний “Мю” хувилбар одоогийн байдлаар дэлхийн 39 оронд бүргэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ уг хувилбарыг "анхааралтай ажиглах хувилбарууд"-ын ангилалд оруулсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, “Мю” хувилбар нь дэлхий даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын 0.1 хувиас бага хувийг эзэлж байгаа боловч Колумби, Эквадор улсад илэрсэн “Мю” хувилбарын тархалт өнгөрсөн сарын сүүлч үе гэхэд тус тус 39 хувь, 13 хувиар өсжээ.
Турк улс нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд одоогоор халдварын тархалтын эсрэг ямар нэгэн шинэ арга хэмжээ аваагүй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ.
“Коронавирусний “Дельта” болон “Дельта плюс” хувилбарууд нь манай улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 90 гаруй хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч олон хүн вакцин хийлгэх тусам энэ үзүүлэлт буурах төлөвтэй байна” гэж Ф.Кожа хэлжээ. Түүнчлэн нийтийн дархлаа тогтох хүртэл амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих журам болон эрүүл ахуйн дүрмүүдийг дагаж мөрдөх нь чухал болохыг онцолжээ.
Мөн Туркт хот хооронд зорчих хүмүүсээс PCR шинжилгээний бичиг шаардаж эхэлсэнтэй холбогдуулан вакцинд хамрагдаагүй иргэдээ PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг үргэлжлүүлнэ гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.
Даваа гаргаас хэрэгжиж эхэлсэн шинэ арга хэмжээний хүрээнд вакцинд бүрэн хамрагдаагүй эсвэл коронавирусний халдвар аваад эдгэрээд удаагүй байгаа оршин суугчдыг онгоц, нийтийн тээвэр, галт тэргээр дотоодод зорчих тохиолдолд PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм.
Тус улсад халдварын тохиолдол анх илэрснээс хойш зургаан сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 53000 орчим хүн коронавирусний улмаас нас баржээ.
Улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын 80 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 38.8 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдсан байна.