/Kyodo/. “Талибан” хөдөлгөөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаална хэмээн амласныг үл харгалзан талибууд сэтгүүлчдийн биед халдсан явдал гарч байгаатай холбоотойгоор Афганистаны хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой аюул учраад байна гэж тус улсын сэтгүүлчид мэдэгджээ.
Афганистаны нийслэл Кабул хотод өнгөрсөн баасан гарагт 20 орчим сэтгүүлч, идэвхтэн цуглаж, засгийн эрхийг наймдугаар сарын 15-нд дахин гартаа авсан “Талибан”-ы удирдлага дор аюулгүй байдлаа хамгаалахыг олон улсад хандан уриалсан байна.
Кабулд ажилладаг нэгэн сэтгүүлч жагсаалын үеэр хэлэхдээ, “Талибууд засгийн эрхийг авахаас өмнө сэтгүүлчид ажил үүргээ тайвнаар гүйцэтгэж байсан. Гэвч мэргэжил нэгт олон ах дүүс маань заналхийлэлд өртөж, олонх нь Исламын Эмирт Улсаас ноцтой аюул занал учирч болзошгүйд эмээж байна” гэв.
“Тухайлбал, талибууд сэтгүүлчдийн биед ямар ч шалтгаагүйгээр халдаж байна. Бид Исламын Эмирт Улсаас аюулгүй байдлын баталгаа авахыг хүсэж байна” гэж өдгөө 29 настай сэтгүүлч ярьжээ.
“Талибан” 1996-2001 онд засгийн эрхийг барих үеэрээ хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлаж байсан тул уг хөдөлгөөнийг Афганистанд хяналтаа тогтоосноос хойш олон сэтгүүлч улс орноо орхин явсан байна.
Хэдийгээр “Талибан” хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа боловч талибууд Германы “Deutsche Welle” агентлагийн нэгэн сэтгүүлчийг хайх үеэрээ гэр бүлийн гишүүнийг нь буудан хөнөөж, өөр нэгэн хүнийг хүнд шархдуулсан тухай мэдээлэл энэ сарын 19-нд гарсан юм.
Мөн өнгөрсөн лхагва гарагт “ToloNews” телевизийн сэтгүүлчдийн нэгийг зураглаачийнхаа хамт Кабул дахь ажилгүй болон ажилтай хүмүүсийн талаар сурвалжлага бэлтгэж байх үеэр нь талибууд биед нь халдсан талаар тус телевиз пүрэв гарагт мэдээлжээ.
Сэтгүүлч Зиар Яадын мэдээлснээр, талибууд ирээд өөрийнх нь гар утсыг, зураглаачийнх нь камерыг авчээ. “Тэдэнд сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлсэн боловч биднийг алгадаж, галт зэвсгээрээ цохьсон” хэмээн сэтгүүлчийн ярьсныг “ToloNews” уламжилсан байна.
“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид наймдугаар сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, “Манай хөдөлгөөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хамгаална” хэмээгээд, мэдээ мэдээлэлд Исламын үнэ цэнийг харгалзах хэрэгтэй гэж хэлжээ.
Гэвч энэхүү салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх асуултад тэрбээр тодорхой хариулт өгөөгүй байна. “Талибан” урьд нь засгийн эрхийг барьж байхдаа эмэгтэйчүүдийн сурч боловсрох, ажил эрхлэх эрхийг хязгаарлаж байсан юм. Уг хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоосноос хойш телевизийн нэвтрүүлгүүдээр эмэгтэй хөтлөгч бараг харагдахаа больжээ.