Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны эцэст 4,5 тэрбум ам долларт хүрч, төлбөрийн тэнцэл 700 орчим сая долларын ашигтай гарах хүлээлттэй байгааг төв банкнаас өнөөдөр мэдээллээ.
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ шинэ он гарснаас хойш 7900-8000 ам.доллар болж харьцангуй тогтвортой байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 27 хувиар өндөр үзүүлэлт юм. Мөн төмрийн хүдрийн үнэ 160 орчим доллар байгаа нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 80 гаруй, алтны үнэ 1800-1850 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19,6 хувиар нэмэгджээ.
Харин “Газрын тосны үнэ сэргэж, 50-56 ам.доллартай тэнцэж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12-13 хувиар багассан үзүүлэлт. Монгол Улс хэдий түүхий нефть экспортолж байгаа ч 2019 онд 1,2-1,3 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас импортолсон. Энэ дүн 2020 онд 30 хувиар багассан. Төлбөрийн тэнцэл дээр цэвэр дүнгээр худалдааны нөхцөлийг харьцангуй сайжруулсан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зардалд эерэг нөлөө үзүүлсэн” гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.
Тэрбээр цааш нь ярихдаа, “Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурах хандлагатай ч олон улсын харилцаа нөлөөлж байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэж байгаа нь ган, төмрийн хүдэр, нүүрсний үнэд эерэг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг 2020 оны 4-р улиралд 6, жилийн дүнгээрээ 2 гаруй хувь өссөн. ОУВС-аас дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг энэ оны хоёрдугаар хагаст эдийн засаг сэргэнэ гэсэн ч улс орнуудын хувьд харилцан адилгүй байна гэж онцолсон.
Цар тахлын идэвхжил өндөр АНУ, Европын эдийн засгийн төсөөлөл энэ онд эерэг байхаас гадна, БНХАУ-ын эдийн засаг 7,9 хувиар өснө гэсэн төсөөлөл бий. Эндээс харахад экспорт, гадаад худалдааны тээвэрлэлтэд саад хориг учрахгүй тохиолдолд үнэ болоод эрэлтийн хувьд 2020 онтой харьцуулахгүй эерэг төлөв байдал бий. Энэ нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ” гэв.