Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 13-нд хийсэн PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 899 хүнд шинжилгээ хийжээ.
Эдгээр тохиолдлын 9 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "БЗД-ийн 17 дугаар хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн 7 хүн, Ачтан эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал хоёр хүнээс халдвар илэрлээ. Нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч нэг хүний шинжилгээ халдвартай гарсан. Ингэснээр Улаанбаатар хотод коронавируст халдварын батлагдсан тохиолдол 652 болж байна. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Улсын хэжмээнд кластер өвчлөлийн тоо 978, зөөвөрлөгдсөн тохиолдол 410 болж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын 1479 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн халдвартын клиникээс 16 хүн дараагийн шатны Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт шилжжээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 559 хүн эмчилгээ, хяналтад байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд , 87 хүндэвтэр , 459 нь хөнгөн оноштой байгаа аж.
Дэлхий дахинд коронавирусний вакцин хэрэглээд сар гаруй болж байгаа боловч коронавируст халдварын тархвар зүйн муруйд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Тиймээс дэлхийн хүн амын 60-70 хувь нь хамрагдаж байж коронавирусний тархвар зүйд өөрчлөлт орно хэмээн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.
Одоогоор Канад, АНУ, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Беларусь зэрэг дэлхийн 46 оронд 28 сая хүн тун вакциныг хэрэглэж эхлээд байна.
Хөгжүүлэлтийн шатанд 232 вакцин байгаагаас, эмнэлзүйн туршилтад 172 вакцин оржээ. Эдгээрээс 60 вакцин эмнэлзүйн туршилтаа давж, сайн хөгжүүлэлттэй явж байна.
Файзер вакциныг ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 31-нд олгосон байна.
ОХУ, БНХАУ өөрийн орны вакциныг өргөн хэрэглэж байна. Тухайлбал, ОХУ-ын Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн судалгааны төвийн аденовируст суурилсан “Спутник В” вакцин, БНХАУ-ын Синовак, Синофарм вакциныг өөрийн орноос гадна дэлхийн нэлээн оронд хэрэглэж байгаа юм.
Вакцин хийлгэсэн ч гэсэн гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэсэн гурван алтан зарчмыг бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр вакцин дэлхий дахинд хангалттай хийсэн ч эдгээр аргыг хамт хэрэглэж байж үр дүнд хүрнэ гэдгийг ДЭМБ анхааруулсан байна. Ялангуяа, 2021 оныг хүн хоорондын зай барих арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлэх он болох ёстойг ДЭМБ зөвлөжээ.