Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 16 975 хүнд шинжилгээ хийжээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. Мөн батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн” хэмээв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд , 87 хүндэвтэр , 449 нь хөнгөн оноштой байгаа аж.
Манай улсын дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцноосоо халдварт өртжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 409 нь зөөвөрлөгдсөн, бусад нь дотоодод илэрсэн тохиолдлууд юм. Үүний, нэг хамт олон дундаас халдварласан байдал 20 хувь, гэр бүлийн дотроос 40 хувь, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноос 10 гаруй хувь, хороо гудамж, орцноосоо 7-8 хувь, өвчтөнтэй хавьталд орсноос 20 хувь нь халдвар авсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
Ийнхүү ойр байсан хүмүүс өвчинд өртөх магадлал өндөр байгаа тул аль болох бөөгнөрлийг сааруулах, 1,5-2 метрийн зай барьж харилцахыг тэрээр зөвлөлөө. Энэ дэглэмийг барих нь улсын хэмжээний тархалт болгохгүйн гол арга хэмжээ болж байна. Ялангуяа, нийслэл хотод хамт олны дундах тархалт бусад орныхтой харьцуулахад өндөр байгаа. Тиймээс ЭМЯ-наас, бүх ажилчдын 30 хувийг ажлын байранд ээлж дараатай ажиллуулах, дотоод гадаад орчиндоо амны хаалт зүүлгэх шаардлагыг сүүлийн 2 сарын хугацаанд байнга анхааруулж байгаа юм.
Албан газрууд ажилчдадаа PCR шинжилгээ хийлгэх шаардлага тавьж хэрхэвч болохгүйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа. Тэрээр, "ЭМЯ-ны тусгай дугаарын утсаар ирж буй санал гомдлоос харахад, зарим байгууллага бүх хүмүүсээ ажиллах шаардлага тавьж байна. Ингэхдээ, долоо хоногт 2 удаа, 72 цагийн зайтай PCR шинжилгээ хийлгэхийш шаардаж буй байгууллага ч байна. Ингэж болохгүй. Шинжилгээ бол халдвар аваагүй гэх баталгаа үнэхээр болохгүй, тухайн хүн шинжилгээ өгөөд ажилдаа явах замдаа ч халдвар авч болно. Магадгүй тухайн иргэн халдварын нууц үеийн хугацаандаа ч байж болно. Нэгдсэн шинжилгээг тархвар судлалын заалтаар хийдэг. Тэгээд ч энэ нь улс орны эдийн засгийн хувьд маш үрэлгэн зардал юм" хэмээв.
Харин түүний оронд, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, гар ариутгагчаар хангах, ажилчдаа ээлж дараагаар ажиллуулах, тухайн байгууллага дээр сэжигтэй тохиолдол, халдвар илэрсэн нөхцөлд боломжтой бол N95 буюу түүнтэй дүйцэх амны хаалтаар хангах, халуун хоол хүнсээр үйлчлэх, ажлын байрандаа хаалт хийх гэх мэт арга хэмжээ авах нь зүйтэй юм гэлээ.
Манай улсад коронавируст халдварын эхний тохиолдол болж бүртгэгдсэн, франц иргэнийг 56 хоног эмчилж эмнэлгээс гаргаж байсан. Харин сүүлийн үед ДЭМБ коронавирусний эмнэлзүйн удирдамжийг өөрчилж, эмчилгээний ор хоногийг цөөрүүлсэнтэй холбоотойгоор хөнгөн өвчтөнийг 10 хоног эмчлээд эмнэлзүйн шинж тэмдэг нь бүрэн арилсан, цусанд нь антидел үүссэн байвал дараагийн шатны ажиглалтад шилжүүлж байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, сдулагааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Франц иргэнийг тухайн үед хоёр сар шахам хугацаанд эмчилсэн. Өвчтөн маш хүнд хатгаатай байсан учир тухайн үеийн ДЭМБ-ын эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулсан. Харин эмнэлзүйн шинж тэмдэг нь хүндрээгүй өвчтөнд вирусний эсрэг эмчилгээг 10 хоног хийгээд эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилаад гурав хоног дараалан шинж тэмдэг илрэхгүй бол дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх ДЭМБ-ын удирдамж гарсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмчилгээний ор хоногийг хөнгөн өвчтөнд 10 хоног эмчлээд эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан, цусанд нь антидел үүссэн байвал тухайн өвчтөнийг дараагийн шатны ажиглалт буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлж байгаа. Бидний эмчилж эдгэрүүлсэн 1000 орчим хүнээс дахин өвдсөн хүн гараагүй байна. Эдгээр хүмүүс хэвийн амьдралдаа орсон ” хэмээв.
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл, “Дэлхий нийтэд амны хаалт зүүж хэвшээгүй байх 2020 оны гуравдугаар сарын 9, 10-ны үед манай улсын иргэд амны хаалт зүүж хэвшсэн байсан. Тиймээс халдвар бага дамжсан гэж үзэж байгаа. Францу иргэнийг таксинд суухад жолооч нь амны хаалттай байсан. Нэг таксины жолооч амны хаалтгүй байхад франц иргэн амны хаалт зүүгээрэй гэж хэлж байсан мэдээлэл ч бий. Энэ талаар АШУҮИС-ийн багш, ХӨСҮТ-ийн эмч нар судалж байна” гэсэн юм.