Шатахууны үнэ нэмэгдэж, А92 төрлийн бензин л гэхэд литр тутамдаа 20-70 төгрөгөөр өссөн гэсэн мэдээлэл байна.
Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Нэгдүгээр сарын 15-н буюу Баасан гарагт нэгдсэн мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Үүнээс өмнө ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийн талаар "Голомт Капитал ҮЦК"-ийн арилжааны ахлах шинжээч Г.Мэргэн мэдээлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт нэг WTI нефть 49 доллароор арилжаалагдаж байгаад 52 ам.доллар болж өссөн. Энэ нь коронавирус гарснаас хойш анх удаа 50 гэдэг ханшаа давсан үзүүлэлт юм. Харин брент төрлийн газрын тосны үнэ 52-оор арилжаалагдаж байгаад 55 ам.доллар болж нэмэгдсэн.
Газрын тосны ханшид огцом уналт үүсэж, үүнээс үүдэн шатахууны үнэ буурсан төлөв ажиглагдаж байсан. Вакцин гараад эдийн засгууд сэргэж байгаа ч коронавирусийн мутацид орсон хувилбар гарснаас үүдэн нэмэлт крантинууд хийгдэх эрсдэлтэй хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлж байна” хэмээн тайлбарласан.
Саудын Арабын улс бусад ОПЕК-ийн орнуудад мэдэгдэлгүй гэнэт сайн дураараа өдрийн олборлолтоо огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ огцом нэмэгдэх нэг хүчин зүйл болоод байгаа талаар Г.Мэргэн онцолж байв.
- Газрын тосны бүтээгдэхүүний үнийг ерөнхийд нь брент болон WTI хоёр тогтоодог. WTI буюу West Texas Intermediary нефть нь АНУ-д хэрэглэдэг, гол жишиг үнэ юм. Газрын тосны хамгийн том хэрэглэгч болох АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ илтгэдэг байна.
- Харин брент нефть нь Хойд Европын нефтийн нэр бөгөөд газрын тосны гол нийлүүлэгч орнууд болох ОПЕК энэ төрлийн үнийг жишиг буюу суурь үнэ болгон хэрэглэдэг. Улс орнуудын нефтийн нийт хэрэглээг харвал 2/3 нь буюу дийлэнх нь брент нефтийн үнэд суурилдаг.
Өнөөдрийн байдлаар манай улсын Тэс, Шунхлай, Петровис, Сод Монгол зэрэг компанийн А92 бензиний үнэ нэмэгдээд байна.