шинжилгээнд 8900 төмөр замчинг хамруулаад байна

оруулсан Алсын Хараа

УБТЗ-ын хэмжээнд 15.6 мянган төмөр замчинд "COVID-19"-ийн шинжилгээ хийх судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Энэ талаар УБТЗ-д ажиллаж буй Шуурхай бүлгийн өнөөдрийн цахим хуралдаанаар хэлэлцсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

"COVID-19"-ийн халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УБТЗ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Шуурхай бүлэг төмөр замд ажиллаж байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар "COVID-19"-ийн халдварын хөл хорио тогтоосноос хойш төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрч буй эсэхийг хэлэлцэн, өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлэсэн халдварт өвчний 2000 оношлуур дуусаж, нэмж 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.

Хурлаар УОК-ын шийдвэрээр ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Орхонд аймагт ажиллаж буйг мэдээлж, "COVID-19"-ийн халдварын шинжилгээ өгөх болон шинжилгээний хариу хүлээн 238 хүн тусгаарлах ажиглалтад байгааг мөн мэдээллээ. Ажиглалтад байгаа хүмүүсээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой ээлжийн 180 ажилчны ажлыг орлон гүйцэтгэх хүний нөөцийг зохион байгуулж шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Бүлгийг ахалж буй ЗТХ-ийн сайд Л.Халтар богино хугацаанд, үр дүнтэй ажиллаж буй шуурхай бүлгийн гишүүд, төмөр зөмын ажилтнуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсэж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг өгөв. Үүнд:

  • УБТЗ-ын хилийн ачаа тээвэр, техникийн агентын ажилтнуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, (энэ талаар Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих),
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийхэд Төмөр замын эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Хүнс болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
  • Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах,
  • Замын-Үүд дэх төмөр замын агентын ажилтнуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих