Австралийн арьсны хорт хавдрын /меланома/ шилдэг эмч нарын нэг болох Ричард Скольер тархины хорт хавдартай гэж оношлогдсоноосоо хойш нэг жилийн дараа уг өвчнөөс ангижирчээ.
Тэрбээр өөрийн хийсэн меланомагийн судалгаан дээрээ тулгуурлан глиобластомыг /тархи ба нугасны хорт хавдар/ эмчлэх дэлхийд анхны туршилтын эмчилгээг хийлгэсэн байна.
Түүний туссан хорт хавдрын төрөл нь хүнд явцтай, хурдан даамжирдаг тул ихэнх өвчтөн жил хүрэхгүй хугацаанд амьдардаг. Харин 57 настай Р.Скольер хамгийн сүүлд хийлгэсэн MRI шинжилгээгээр хавдар дахин илрээгүй гэдгийг мягмар гарагт мэдэгджээ. “Би маш их баяртай байна!!!!!!" гэж тэрбээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. Профессор Р.Скольер бол олон улсад нэр хүндтэй эмгэг судлаач бөгөөд хамтран зүтгэгч Жоржина Лонгийн хамтаар меланома өвчний талаар “хүн төрөлхтний амьдралд өөрчлөлт авчрахуйц” судалгааны ажлыг хийснийхээ төлөө энэ онд Австралийн оны шилдэг иргэнээр шалгарсан юм.
Австралийн Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнг хамтран удирдаж буй энэ хоёр хүн сүүлийн 10 жилийн хугацаанд бие махбодын дархлааны тогтолцоог ашиглан хорт хавдрын эс рүү довтолдог эмчилгээний аргын талаар хийсэн судалгаагаараа меланомагаар шаналж буй өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнг эрс сайжруулжээ.
Одоо ийм өвчтөнүүдийн тэн хагас нь ерөнхийдөө эдгэрсэн бол өмнө нь энэ үзүүлэлт 10 хүрэхгүй хувьтай байв. Профессор Ж.Лонг бусад эмч нартай хамтран Р.Скольерын хорт хавдрыг эмчлэх найдлагыг тээн дээрх судалгааг ашиглажээ. Ингээд хавдрыг авах мэс засал хийлгэхээс өмнө эмүүдийг хослуулан хэрэглэх үед дархлааны эмчилгээ илүү үр дүнтэй байгааг тогтоожээ. Өнгөрсөн онд Р.Скольер мэс заслын өмнөх дархлааны эмчилгээ хийлгэсэн анхны тархины хорт хавдартай өвчтөн болжээ. Мөн хавдрын шинж тэмдэгт тохируулан вакцин хийлгэсэн анхны хүн болсон ба уг вакцин хорт хавдрыг илрүүлэх эмийн чадварыг нэмэгдүүлдэг байна. Гарсан үр дүн нь судлаачдыг маш ихээр баярлуулж, жил бүр дэлхийн хэмжээнд тархины хорт хавдартай гэж оношлогддог 300 мянга орчим хүнд тус болох нээлтийг хийж чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.
Эмч Рожер Ступп энэ оны эхээр ВВС телевизэд ярилцлага өгөх үеэрээ, профессор Р.Скольерын эмчилгээ үр дүнтэй болох эсэхийг хэлэхэд эрт байна гэж байсан юм. Эмчилгээний эхний үр дүнгүүд “урам зориг төрүүлж байгаа” хэдий ч түүнийг 12 сар, цаашлаад 18 сар амьдрахыг нь харахыг хүсэж байгаагаа тэрбээр хэлж байлаа.
Р.Скольерын эдгэрэх магадлалыг “маш бага” гэж эмч нар үзэж байсан боловч туршилтын эмчилгээ нь түүний амьдрах хугацааг уртасгаж, глиобластомтой өвчтөнүүдэд эмнэл зүйн туршилт хийх эхлэл болно хэмээн найдаж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг