Б.ДАМДИН-ОЧИР
Энэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлээд бүсчилсэн 13 том тойргоос 78, улс төрийн намуудын жагсаалтаас 48 гишүүнийг сонгуулахаар хуульчилсан. Энэ нь бараг 30 жил улс төрийн гадна амьтай голтой явж ирсэн жижиг намуудыг хөдөлгөөнд оруулсан. Үнэд ч оруулав. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Тэр хэрээр энэ удаагийн сонгуульд хэзээ ч байгаагүй олон нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байгаа юм.
Ингэхээр сонгуулийн саналын хуудас сэлтээс эхлээд сонгогчдын толгойг эргүүлсэн олон хүчин зүйл гарч ирэхээр байгааг эх сурвалжууд хэлж байна.
Гэхдээ нэр дэвшигчдийн олон, цөөн нь санал өгөхөд нөлөөлөхгүй л болов уу. Ес дэх удаагаа УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаа сонгогчдод хүндрэл биш. Учир нь сонгогчид хэдийнэ зарчмаа тогтоочихсон. Ингэж ойлгоход болно. Өнөөдөр Төрийн ордноос бусад хаана ч явсан төрийн хулгай, авлига, албан тушаалын асуудлыг үзэж чадахаа больсон нь анзаарагдана. Ийм асуудалд холбогдсон хүмүүсийн тухайд “...Хайран мөнгө, цаг хугацаа шүү” гэмээр байгаа юм. Тэгэхээр тэдгээр хүмүүс Төрийн ордон, намынхаа байран дахь хандлага, харилцаанд хууртах хэрэггүй юм. Яагаад гэхээр эрх мэдлийн өндөрлөгт хүрээд, өөрөөсөө өөр хүнгүй мэт аашилсан цаг хугацаанд цуглуулсан “хар оноо” өнөөдөр яасан ч балрахааргүй тодорсон.
Гэтэл нэр дэвшүүлэх ажиллагаанаас хамаагүй өмнө эхэлсэн горилогчдын “өөрийгөө таниулах” цуваанд том хулгайтай холбоотой яригдаж байсан олон хүн орчихсон тууж явна.
Ер нь бол том хулгай буюу төрөөс нийтэд олгосон боломжийг хулгайлсан бүх асуудлыг 30 жилээр нь энд цувуулах боломж хомс юм. Зөвхөн сүүлийн гурван жилд “нийтийн хүртээл” болсон том хулгайг ярихад хамгийн томд нь яахын аргагүй нүүрсний хулгай орно. Энэ асуудал асар өргөн хүрээтэй, айхтар олон хүнийг хамардаг. Нүүрсний хулгайгаа УИХ сонсгол хийсэн. Нүүрсний хулгайгаар шүүх ч зарим хүнийг шийтгэсэн. Гэхдээ энэ хулгайг бүхэлд нь шийдэж чадаагүй байгаа юм. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг ял эдэлж байна. “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал гадаадад “амьдарч” байна. Зөвхөн энэ хоёр хүн ам нээж, чөлөөтэй ярихад нүүрсний хулгайн нэлээд хэсэг ил болно. Тэр агуулгаараа, энэ хулгайн асуудал бараг хэвээрээ сонгуультай золгож байгаа юм. Хөгжлийн банкны зээл хуйг тоносон хэрэг хоёр ч шатны шүүхээр шийдэгдсэн. Шүүхэд шилжүүлэх явцад олонх нь сугарч үлдсэн. Шүүхээр шийдвэрлэх явцад дахиад олон нь мултарсан. Шүүхийн шийдвэрүүдийг нь прокурор эсэргүүцдэг. Ийм л байдалтай байна. “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг бас л холион бантан болчихсон. Зарим гол хүмүүс нь гадагшаа зугтчихсан. Тэгээд хэрэг нь гацчихсан. Оюу толгойн асуудал ч шүүхийн бантан болчихоод байж байна. Хамгийн гол нь эдгээр том хулгайд холбогдсон хүмүүс нэр дэвшихээр явж байгаа аж. Нэр дэвших ч биз. Энэ хэдээс гадна 2018 онд анх дэлбэ үсэрч, ил болсон ЖДҮ-гийнхэн ч “...2024 оны сонгуульд нэр дэвшинэ” гээд гараад ирж байна. Угтаа тэд 2020 оны сонгуулиар сэдэв нь халуун хэвээр байсан тул “жил өнжөөд” өнөө жил сонгуульдахаар шийдсэн бололтой. Ер нь бол нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй байна. Түүнчлэн авлига, албан тушаалын, бас хүний эрхийн эсрэг асуудалд холбогдсон хүмүүс ч “...Нэр дэвшинэ ээ” л гэж байх юм. Уг нь тэдэнд томдох ч Наполеоны “...Улс төрийн зүтлгэлтнүүдэд цагаа олоод тайзнаас буух нь зарим үед хожоотой байдаг. Ийм замаар тэд үр дүнгүй тулалдаанд өөрийгөө сүйтгэхээс сэргийлдэг. Ингэснээр тэдний нэр хүнд унахгүйгээр үл барам, харин ч эзгүй үед нь дээшилчихдэг” гэдгийг бодчихмоор байгаа юм. Гэхдээ энэ дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “...Нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсэж байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ”, АН-ын генсек Д.Одбаярын “...Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэсэн нь хэрхэхийг шийдэх үндэс нь болох биз ээ. Ер нь тэгээд нам нь “...Дэмжлээ, нэр дэвшүүллээ” гэхэд цаана нь СЕХ гэж том даваа байна. СЕХ-ноос “...Нэр дэвших эрх өглөө” гэхэд ард нь сонгогчид бий шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)