Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов тулааны ертөнцийг доргиож чадах уу

оруулсан Алсын Хараа

Холимог тулааны од Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явахыг хүсч байна. Өдгөө 22 настай залуу тулаанчийн хувьд маргааш/2021.04.02/ Bellator холбооны Bellator-255 өдөрлөгийн хүрээнд Майк Хэймел хэмээх Америк залуутай тулалдахад бэлэн болжээ.

Ээлжит тулаанаа хийх гэж буй Усман BBC радиод өгсөн ярилцлагадаа “Нурмагомедов гэх нэрийн дор тулалдах нь надад урам зориг өгдөг. Би Хабибын замналаар явмаар байна. Түүний туулсан бүхнийг туулж, сайжруулсан хувилбар нь болмоор байна. Би бүхэл өдөржин Хабибтай бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Түүнтэй бэлтгэл хийж, тулалдах үнэхээр амаргүй. Түүнтэй бэлтгэл хийсний дараа бусадтай тулалдаж, бэлтгэл хийхэд амар санагддаг. Би түүнээс их зүйл сурч байгаа. Шинэ юм сурч, мэдэх бүрт Хабиб миний хажууд байдаг” гэжээ.

Хабиб Нурмагомедов мэргэжлийн холимог тулааны замналдаа 29 тулаан хийж, нэг ч ялагдаж байгаагүй бол түүний үеэл дүү Усман одоогоор 11 тулаан хийж, бүгдэд нь ялжээ.

Усманы хувьд Хабибын аав Абдулманап агсны гарын шавь бөгөөд авга ахынхаа талаар ярихдаа “Абдулманап ах маань надад бүгдийг заасан. Зөвхөн тулаанч бус хувь хүн талаас минь их бэлдсэн. Хүмүүстэй хэрхэн харилцах, бусдад хэрхэн анхаарал тавих гээд бүгдийг заасан. Түүнийг үнэхээр их санаж байна. Надад эмч, инженер хамаатнууд байсан ч би тулаанч болохыг хүссэн. Өлсгөлөн, дайчин зан чанар манай удмын цусанд бий. Энэ нь үеэс үед дамжин ирсэн” гэв.

Усман Нурмагомедов найман настайгаасаа эхлэн бөхөөр хичээллэж, 11 насандаа холимог тулаан руу оржээ. Түүнийг 18 нас хүрэхэд нь Хабибын аав хажуудаа авч, байлдааны самбын тэмцээнд оруулж эхэлжээ. Энэ талаар Усман дурсахдаа “Анх өөртэйгөө адилхан жинтэй хүмүүстэй л тулалдана гэж бодсон. Гэтэл Абдулманап ах ирээд намайг гурван жинд тулалдана гэж хэлсэн. Би ч ялагдалгүй 15 минут тутамд л нэг тулаан хийж байлаа. Ингээд л би нэг өдөрт 15 тулаан хийж байсан түүхтэй” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл бичих