10 дугаар сард цасан бүрхүүл тогтоно

оруулсан Алсын Хараа

Цаг уурын байгууллагаас 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын тойм мэдээллийг гаргажээ. Тойм мэдээллийн хамт зарим нэг нэр томьёог тайлбарласан байна. Тухайлбал, олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь дэлхийн цаг уурын байгууллагын тодорхойлсноор өнөөдрийн байдлаар 1981-2010 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлэх юм байна. Уур амьсгал, агаарын дулан (температур) 10 дугаар сард Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаар -2...-10 хэм хүйтэн, Алтайн чанадын говь болон говийн аймгуудын нутгаар+4...+9 хэм  байсан гэж цаг агаарын байгууллагаас гаргасан энэ оны 10 дугаар сарын урьдчилсан мэдээнд дурджээ.

ОЖД-аас онцлог жилүүдийг авч үзвэл 1982,1989, 1990,1998, 2006, 2011, 2014, 2015 онд ихэнх нутгаар 1.6-3.5 хэмээр дулаан, өдрийн үнэмлэхүй их нь 20-26 хэм хүрч дулаарсан байх юм. Харин 1981, 1987, 2000 онд ихэнх нутгаар, 2002 онд төвийн болон зүүн, говийн нутгаар 2.3-4.5 хэмээр хүйтэн, шөнийн үнэмлэхүй хэм Завхан, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар20-25 хэм хүрч хүйтэрч байжээ.

Цас бороо (хур тунадас) Хөвсгөл, Булган, Төв,  Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 30-35 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 мм, бусад нутгаар 11-29 мм ордог юм байна. Энэ бол ОЖД-аас гарч ирсэн тоон үзүүлэлт. Тэдгээрээс  1987 онд нийт нутгаар ОЖД-аас 5 дахин цас, бороо (хур тунадас) орсон аж. Харин 1986, 1988 онуудад ихэн нутгаар 1998, 2002 онд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар ОЖД-аас 2-4 дахин их  цас, бороо (хур тунадас) орсон (унасан) байна. Тэгвэл 1997, 2004 онд цас огт ороогүй, 1985, 1991, 2003, 2015, 2017 онд ихэнх нутгаар цас, бороо (хур тунадас) тун бага унасан байх юм.

Монгол Улс:

Баруун (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэсэн дөрвөн бүсэд хувааж, цаг агаарын мэдээг нийтэд түгээдэг.  Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэхээс гадна  байгаль, цаг агаарын үзэгдлийг урьдчилан зарлахдаа аймгуудын нэрийг хэлж нарийвчлан зарладаг.

Монгол орны нутаг дэвсгэр хийгээд бүс нутаг, аймгуудын энэ оны 10 дугаар сарын цаг агаар урьдчилсан байдлаар хэрхэн яаж гарсныг та бүхэнд одоо танилцуулна. Гэхдээ ОЖД болоод өнгөрсөн олон жилийн онцлогийг танилцуулахад нэг үг олон дахин давтагдлаа. Тэр бол “ихэнх нутгаар” гэх нэр томьёо. Тухайн байгаль цаг агаарын үзэгдэл тухайн бүс, аймгийн нутаг дэвсгэрийн  70 хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар” гэсэн нэр томьёог хэрэглэдэг аж.

Цаг агаарын урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэхдээ түгээмэл хэрэглэгдэх нэр томьёо  дээрхээс гадна хэд хэд бий. Тухайлбал, “зарим газраар”, “нийт нутгаар”, “цочир хүйтрэлт” гэсэн нэр томьёог өргөн  хэрэглэнэ. “Цочир хүйтрэлт” гэдгийг дулааны улиралд (7,8,9,10 дугаар сар) хөрсөн дээр агаарт 0 хэмээс хасах хэм рүү орохыг хэлнэ гэж тодруулсан байх юм.

Цаг агаарын үзэгдэл нийт болон бүс нутаг тухайн аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувьд хүрэхээр байвал цаг агаарын урьдчилсан мэдээнд “зарим газраар” гэсэн нэр томьёог хэрэглэнэ. Харин цаг агаарын үзэгдэл нийт болон бүс нутаг, тухайн аймгийн 70 хувиас дээш нутаг дэвсгэрийг хамрахаар ажиглалтад орж ирвэл “нийт нутгаар” гэсэн нэр томьёог хэрэглэх жишээтэй. Цаг агаарын эдгээр нэр томьёог ашиглан энэ 10 дугаар сарын цаг агаар ямар байх талаар мэргэжлийн байгууллагын гаргасан мэдээллийг та бүхэнд танилцуулна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн баруун, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас 1.5-2 хэм хүйтэн, бусад нутгаар ОЖД орчим байна гэж цаг агаарын урьдчилсан мэдээнд дурджээ. Харин цас, бороо (хур тунадас) нийт нутгаар ОЖД орчим байна гэжээ. Сарын 1 дүгээр 10 хоногийн эхэнд, 1,2 дугаар 10 хоногийн сүүлээр агаарын дулаан өмнөх үеэсээ 3-5 хэмээр хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр “цочир хүйтрэлт” болж болзошгүй. Нэг болон хоёр дугаар 10 хоногийн сүүлээр ихэнх нутаг, уулархаг нутгаар цастай гэжээ.

Төвийн аймгуудын нутгаар: Төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар тэр орчим байх аж. Цас, бороо (хур тунадас) ОЖД орчим байна. Мөн 1 дүгээр 10 хоногийн эхэнд, 1, 2 агаарын дулаан өмнөх үеэсээ 3-5 хэмээр хүйтэрч болзошгүй гэсэн байна. Уулархаг нутгаар цас орох төлөв гарчээ.

Зүүн аймгуудын нутгаар: Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар тэр орчим байна. Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар тэр орчим цас, бороо (хур тунадас) орно гэжээ. Агаарын дулаан өмнөх үеэсээ 3-5 хэм хүйтэн улмаар “цочир хүйтрэлт” болж болзошгүй гэж анхааруулжээ.

Говийн аймгуудын нутгаар: Нийт нутгаар агаарын дулаан ОЖД орчим 2 дугаар 10 хоногийн сүүлээр агаарын ын дулаан өмнөх үеэсээ 3-5 хэмээр сэрүүснэ. Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар тэр орчим цас, бороо (хур тунадас) орох төлөвтэй байх аж. Салхий ихэнх хугацаанд 5-10 м/с зарим үед 15-17 м/с хүртэл ширүүснэ гэсэж урьдчилсан төлөв байдал гарчээ.

Манай оронд 10 дугаар сард цасан бүрхүүлтэй болдог. Гэхдээ цасан бүрхүүл өргөрөг багасах тусам хожуу үүсдэг онцлогтой юм байна. Цас ихтэй жил цасан бүрхүүл эрт үүсдэг. ОЖД-аас авч үзэхэд хамгийн эрт нь 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 10-ны хооронд цасан бүрхүүл тогтосон байна. Говийн нутгаар 10 дугаар сарын 15-20 өдрүүдэд  цасан бүрхүүл тогтож эхэлдэг аж.

Сэтгэгдэл бичих