ХҮННҮЧҮҮД ХАН УЛСЫН ИХ ЦЭРГИЙГ БУУЛГАН АВСАН ПИНЧЕН ДЭХ ТУЛАЛДААН
“Улс үндэстэн бүр түүх бичлэг, утга зохиол, урлаг соёлын үүднээс өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхийг зохиомлоор ч атугай өргөн бичиж, түүнийгээ ухуулан сурталчилж, үндэснийхээ бахархлыг бүрдүүлдэг ажээ. Харин Монголчуудын түүхэнд элдэв нэмэр хачир огтоос хэрэггүй, тэр чигээрээ агуу их билээ. Тэр түүхийг биднээс өөр хэн мэдэж, хэн гаргаж ирэх билээ”
МЭӨ III зууны эцсээр монголчуудын уугуул өлгий нутаг болох төв Азид Хүннү хэмээх нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрэн бий болоход хятадад баруун Хан улс хэмээх суурьшмал соёл иргэншилт бас нэг хүчирхэг эзэнт гүрэн үүсч, өвөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Баруун Хан улс газар нутаг ихтэй, хүн ам олонтой, эдийн засаг соёлын хувьд тухайн үедээ харьцангуй өндөр хөгжилтэй улс гүрэн байжээ. Хүннү гүрэн нь Хан улсаас хэдэн арав дахин цөөн хүн амтай ч газар нутгийн хувьд хэд дахин илүү, төрийн бодлогын хувьд тэнцүү, зарим талаар давуу байдалтай улс гүрэн байжээ.
Хан улс хүн амын хувьд бараг дан ганц хятад иргэдээс бүрдсэн, удам угсааны хувьд нэгэн жигд улс гүрэн байсан бол Хүннү гүрэн нь монгол, түрэг, манж-тунгус зэрэг Урал-Алтай, Энэтхэг-Европын язгууртан янз бүрийн хэлний овог аймгуудаас бүрдсэн нүүдэлчдийн улс байв. Гэхдээ төв Азид удаа дараалан бий болж байсан нүүдэлчдийн их эзэнт гүрнүүд нь санамсаргүйгээр хүчирхэг эзэнт гүрэн болж байсангүй. Монгол, Түрэг угсааны янз бүрийн овог аймгууд нь хэдийгээр тус бүр өөр хэлтэй болоод байсан ч гэсэн гарал үүсэл, удам угсааны хувьд ихээхэн нэгдмэл, нийтлэг байдалтай угсаатан байсан тул нэг янзын удам угсааны улс аймаг гарч ирмэгц бусдыгаа нийлүүлэн нэгтгэж, нэгдсэн нэгэн том улс гүрэн, нийтлэг нэгэн том угсаатан болдог байв.
Иймээс монголчуудын дээд өвөг болох Хүннү нар түүхийн тавцан дээр гарч ирээд түрэг, манж-тунгус нарыг өөртөө нэгтгэж байсан нь нарийн яривал ямар нэгэн байлдан дагуулал бус харин нийтлэг нэгэн угсаатны нэг нь нөгөөгөө зүй ёсоор өөртөө нэгтгэж байгаа буюу бусадтайгаа нэгдэж байсан явдал юм.
Манай тооллын өмнөх 209 онд Модун хүннүгийн шаньюй буюу хаан болж, бүх 24 аймгаа нэгтгэн захирч, Хүннү гүрнийг жинхэнэ ёсоор үндэслэн байгуулжээ. Түүний эцэг Түмэн ч энэ үйл хэрэгт ихээхэн хүчин чармайлт гаргаж, их гүрэн, улс бүрэлдэн тогтох урьдач нөхцлийг бүрдүүлсэн гавьяатай. Модун шаньюйгийн үед хүннү цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий. Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч, умардад Байгаль далай, өмнө зүгт Их цагаан хэрэм, өрнө зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Хянганы нуруу хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм.
Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хан улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааныхаа удмын гүнжийг түүнд хатан болгон өгч байжээ. Хүннүчүүд цэргээ өрхийн цэргийн зарчмаар бүрдүүлдэг байсан бөгөөд өөрөөр хэлбэл хүннүгийн цэрэг эрс тайван цагт малаа маллан, ан гөрөөгөө авлаж, аж ахуйгаа эрхлэн аж төрөх бөгөөд дайн байлдаан болоход даруй хуран цугладаг байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Тухайлбал, Модун шаньюй Хан улсаас ирсэн элчид өөрийн цэрэг, армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий.
МЭӨ 201 онд Хүннүгийн хаан Модун хятадын хилд цөмрөн орж Тайюань, Датун хүртэлх газрыг эзлэн авчээ. Хан улсын эзэн хаан Гаоди цолтой Лю Бан морьт цэрэг бүхий тэргүүн ангийн хамт Датун хотын ойролцоох Пинчен хотод тосон байлдахаар хүрэлцэн ирсэн боловч намар орой сэрүүн байсан учир цэргийн нэлээд нь гарын хурууг хөлдөөж, сүрхий даарч бээрсэн байжээ. Хятадын цэргийн гол хүч буюу дийлэнх олонх болох явган цэрэг нь энэ үед морьт тэргүүн ангиа гүйцэж ирээгүй байжээ. Хүннү цэргүүд хээрийн байлдаанд тулалдахдаа сайн, хот хэрэмд байлдах арга туршлага багатай учир дайсны цэргийг өдөөн хэрмээс гаргаж, хээр талд авчран байлдах аргыг түгээмэл хэрэглэдэг байв.
Энэ зорилгоор Модун шаньюй Хан улсын морьт тэргүүн ангитай хэсэг хугацаанд зууралдан байлдаад цэргээ авч ухран зугтах дүр үзүүлэхдээ замын хоёр талаар олон цэрэг нуувчинд бүгүүлэн үлдээжээ. Энэ үедээ дайсны цэргийн явах замд урьдчилан гүн нүх, шуудуу ухаад гэнэт довтлон сандаргаж, ухсан нүхнүүддээ шахан бутцохих аргыг төлөвлөв. Хүннү цэргийн гол цөм нь нум сумт морин цэрэг бөгөөд агт нь одоогийн монгол морьтой төстэй, ууланд авирах, буух, гол гатлах зэрэгт хятад мориноос илүү тэсвэртэй шаламгай байв. Лю Бан морьт цэргээ удирдан хүннүчүүдийг цохилоо хэмээн ихэд эрэмшин нэхэж явтал нэг мэдэхнээ Модуны аргад автан, Пинчен орчимд хүннү нарт бүслэгдсэн байна. Лю Баныг бүсэлсэн хүннү цэргийн баруун тал нь цагаан морьтон, зүүн талынх нь саарал адуутан, умар талд нь хар хээр хүлэгтэн, өмнө этгээдэд шарга зүсмийн морь унасан цэргүүд байжээ.
Дөрвөн этгээдээс ийнхүү хүннүгийн морьт цэрэг бүслэн хаасан тул Лю Баны морьт цэрэг яаравчлан бэхлэлт хүрээ маягийн зүйл түргэвчлэн байгуулж, туслах хүч иртлээ 7 хоног хориглон байлдаад хичнээн дайран гарахыг оролдсон ч хүч хүрэхгүй мохох болов. Хятадын явган цэрэг гаднаас хүнс хоол залгуулах гэж удаа дараа оролдсон ч хүннүгийн морин цэргийн ширүүн дайралтад өртөн ихэд хохирол амсан бүтэлгүйтэв.
Хүннү цэргийн гол зэвсэг болсон нум сум нь хятад цэргийнхийг бодвол алсын тусгалтай тул тэдэнд ихээхэн хохирол учруулсан байна. Мөн хүннүгийн тактикийн зэвсэг болох зэв тогтоох углуурга орчимдоо нүхтэй, булцуу суулгаж хийсэн дуут сум нь дайралтын үед удирдлагын дохио хэрэгсэл болж, олон зуун сум зэрэг харвах үед сүртэй дуу чимээ гарган, дайсны цэргийг айлган сандруулж, агт морьд нь үргэн, явган цэрэг нь дутаахад хүргэж байв. Ийнхүү Хан улсын цэрэг олон хоногоор бүслүүлэн хаагдаж, гадаад, дотоод холбоо харилцаагаа тасдуулан, ядарч туйлдах болов. Хан улсын цэргийн цохилтын цөм хүч болсон олон түмэн морьт цэргүүд нь занганд орж, мөхөж сөнөх нь удах тутам гарцаагүй болж ирэв.
Хан улсын эзэн хаан арга мухардаад хятад ухаан сийлж, хүннүгийн шаньюйгийн их хатанд элч төлөөлөгчөө илгээн, хээл хахууль өгч, гарцаагүй байдалд оруулж байгаад тулган шаардахаар шийджээ. Тухайн үед Модунд туслахаар холбоотны хувиар ирэх ёстой байсан хоёр хятад жанжин цэргийн хамт хүрэлцэн ирсэнгүй нь Лю Бан хааныхаа талд орсон бололтой байжээ. Бас хятадын цэргийн гол хүч олон тооны явган цэрэг байлдааны талбарт нэгэнт хүрэлцэн ирсэн тул хоёр талаас асар их цус асгаруулсан ширүүн тулалдаан болох ёстой байжээ. Ийм нөхцөлд шийдвэрлэх тулалдаанд хүннү нар итгэлтэй ялалт байгуулна гэхэд эргэлзээтэй байв. Мөн Хан улсын эзэн хаан Лю Бан, Хүннүгийн шаньюй Модун хоёрын аль аль нь дөнгөж шинээр хаан ширээг эзлэн, бүрэн бэхжиж амжаагүй, зөвхөн анхны амжилт олж байсан тул шийдвэрлэх тулалдаанд орох нь хоёр хааны аль алинд ашиггүй болохыг тооцоолж байжээ.
Тэгж байтал шаньюйгийн их хатан нөхрийн зүг хандан “Лю Бан та хоёр хоёул их хаан байж, бие биенийг ингэж шахамдуулах ёсгүй. Эдүгээ чи Хан улсын нэлээд хэсэг газрыг эзлэн авлаа. Гэсэн ч чи түүн дээр амьдран суухгүй шүү дээ. Түүнээс гадна Хан улсын хаан нь ухаантай, хэл амаа ололцож болох хүн юм. Иймд шаньюй та энэ талаар бодож үзвэл зохилтой бус уу” гэж өгүүлжээ.
Модун шаньюй хатныхаа хэлсэн үгийг эргэцүүлээд Хан улсын хаанд элч зарж, “Ураг холбон найрамдлын гэрээ байгуулах” амлалт түүнээс аваад бүслэлтийн нэг газрыг нээж, хоолой гарган Лю Бан тэргүүтэй хятадын цэргийн тэргүүн анги, морьт цэргүүдийг тавьж явуулахаар шийджээ. Лю Баны зарлигаар бүслэлтээс цувж гарах болсон хятад цэргүүд итгэж ядан, нум сумаа тал тал тийшээ харвахад бэлнээр онилон, хоолой дундуур явсаар бүслэлтээс мултарч гол хүчинтэйгээ нийлжээ. Тэгээд Модун цэргээ авч нутгийн зүг буцахад Лю Бан сая үнэмшин мөн нийслэлийн зүг буцжээ. Энэ нь Модун Шаньюй Хан улсын бүслэгдсэн цэргийг бутцохин хааныг нь олзлон авах өндөр магадлалтай байсан боловч тэгээгүй нь хатны үгэнд орсондоо биш, харин хятадыг хүннүтэй урт удаан хугацааны ургийн холбоот найрамдлын гэрээ байгуулж, алба татвар жил бүр төлүүлэх болгож байж бүслэлтийг тавьж, хэдэн удаагийн цуст дайн, байнгын өс хонзон бололцон дайсагналцалгүйгээр асуудлыг найрамдлын дотор ихээхэн ухаалаг шийдвэрлэсэн хэрэг байв.
Хятадын төр ёсонд ураг холбосон найрамдлын гэрээ буюу найрамдал ургийн гэрээ гэгч нь гагцхүү өөртэй нь эн сацуу хүчирхэг, өндөр их соёл иргэншил бүхий, суурьшмал улс оронтой дуртай, дургүй байгуулвал байгуулдаг, үгүй бол үгүй ховор чухал дипломат үйлдэл байсан бөгөөд “Зэрлэг бүдүүлэг” нүүдэлчидтэй тийм гэрээ байгуулахыг төр улсын сүр хүчинд харш, ёсонд хазгай зүйлс хэмээн хатуу цээрлэдэг байсан тул урьд нь хэзээ ч тийм явдал болж байсангүй. Гэвч энэ удаад Хүннү улсын цэргийн сүр хүчний өмнө аргагүй буулт хийн, болзлыг хүлээхээс өөр аргагүй болов.
Ийнхүү МЭӨ 198 онд Хүннү болон Хан улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор хоёр улс бие биенийг тусгаар тогтнож, бие даасан бүрэн эрхт эн сацуу хоёр их эзэнт гүрэн мөн гэж хүлээн зөвшөөрөөд, Хан улсын хаан нь “Урт цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс /нүүдэлчид/ шаньюйн цаазыг дагасугай, урт хэрмээс дотогш түшмэдийн бүс, малгай өмсөх улсыг /хятадыг/ би захирсугай” хэмээн тохиролцож, жил бүр Хүннү улсад их хэмжээний алт, мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар алба татвар барьж байх үүрэг хүлээжээ.
Энэ бол нүүдэлчдийн анхны хүчирхэг улс дэлхийн тавцан дээр өөрийгөө хүчээр хүлээн зөвшөөрүүлж гарч ирснээр барахгүй Хан улсыг нэг талаар өөрийн түшмэг хараат болгосон хэрэг байв.
Үндэсний тагнуулын академийн Нийгэм, эрх зүйн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Ш.Насанбат