А.Ариунзаяа: Манайх өнөөдөр хууль орууллаа, маргааш хэлэлцлээ, нөгөөдөр баталлаа болчихоод байна

оруулсан Алсын Хараа

Улсын Их хурлын гишүүн А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байгаа юм байна. Чухам ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-УИХ-ын найман гишүүний хамтаар өргөн барьж буй энэ хуулийн төсөл заалтын хувьд цөөн боловч бодит амьдрал дээр олон мянган ахмад настны орлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд ахмадыг ажилд авахад Нийгмийн даатгалын “дарамтыг” бууруулах боломжтой гэж хэлж болно. Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, Ахмад настны тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарсан.

Монгол Улсад хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж байна. 2024 оны байдлаар 60 ба түүнээс дээш насныхан нийт хүн амын 11.8 хувийг эзэлж байгаа бол 2050 он гэхэд 20 хувь болно гэсэн тооцоо бий, энгийнээр хэлбэл таван хүн тутмын нэг гэсэн үг. Төрөөс ахмадын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд жишээ нь, 50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажиллагсдынхаа хоёр хувьд ахмад настан ажиллуулах үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн дахин ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд өөрийн хүсэлтээр 17 хувийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх боломжийг хуульчилсан. Энэ нь ажилтны зүгээс 8.5 болон ажил олгогчийн 8.5 хувийн тэтгэврийн шимтгэлийг чөлөөлж байна гэсэн үг.

Өнөө цагт ажиллах хүчний хомсдолын цаг үед нэг талдаа мэргэжлийн туршлагатай ахмад ажилтантай болохоос гадна ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал мөн буурна гэж үзэж болно.

Хэрэв өөрийн хүсэлтээр дээрх шимтгэлийг төлөх бол тогтоолгосон тэтгэврийг нь шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар нэмэгдүүлэх хуультай. Жишээлбэл, 1 сая төгрөгийн тэтгэвэртэй хүн нэг жилийн хугацаанд шимтгэл төлөөд тэтгэвэр нь сар бүр 1250, нийтдээ жилд 15 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо гардаг. Харин 1 сая төгрөгийн цалингаас тэтгэврийн шимтгэлийг чөлөөлөх юм бол сар бүр ажилтан 85 мянга, ажил олгогч 85 мянган төгрөгийг бодитой авч үлдэх боломж бүрдэнэ. 2025 оны байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагч байгаагаас 33.1 мянга нь шимтгэлээс чөлөөлөгдсөн бол 29.1 мянган иргэн уг зохицуулалтад хамрагдаж чадахгүй, тэтгэврийн даатгалын шимтгэлээ үргэлжлүүлэн төлж байна

Өнөөгийн зохицуулалт зөвхөн 20-с доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадад үйлчилж байна. Тиймээс энэхүү эрхийг малчны, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн, хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон болон цэргийн тэтгэвэр авагчдад адил тэгш олгохоор төсөлдөө тусгалаа.

Иймээс миний өргөн барьсан хуулийн төсөл батлагдсанаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа өндөр насны тэтгэвэр авагч ижил эрх эдэлж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх эсэхээ өөрөө сонгох, гар дээрээ арай ахиу цалин мөнгө хүлээн авах боломжтой болно. Ажиллах хүсэл, чадвартай ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ахмадын орлогыг нь нэмэгдүүлэх, туршлагатай ажиллах хүчнийг хөдөлмөрийн зах зээлд хадгалах бодлогын өөрчлөлт юм.

-Сүүлийн өдрүүдэд Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хоёр ч хуулийн төсөл нэлээд маргаан дагууллаа. Тэр дундаа эдийн засаг, улсын төсөв муу, ард түмний амьдрал тааруу байхад энэ мэт хуулийн төсөл яриад хэрэлдээд сууж байх цаг мөн үү гэх шүүмжлэлийг ч олон хүн хэлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

Баяр наадмын тухай хуулийг хоёр өөр субьектээс өргөн барьсан. Нэг нь О.Амгаланбаатар нарын гишүүдийн төсөл байгаа. Хэлэлцэх эсэхийг хойшлуулсан. Нөгөөх нь П.Сайнзориг нарын гишүүдийн хуулийн төсөл, хэлэлцэх эсэхийг дэмжиж хэлэлцүүлгийн шатанд шилжсэн.

Миний бодлоор Үндэсний хэмжээний баяр наадмын зохион байгуулалт бол Засгийн газар хариуцах асуудал гэж боддог тул энэ төрлийн томоохон өөрчлөлтийг салбар хариуцсан төрийн байгууллага санаачлах нь илүү зохистой гэж үздэг. Ийм ч учраас шүүмлэлтэй хандаж байр сууриа илэрхийлсэн.

Өнөөдөр иргэдийн өмнө эдийн засаг, орлого, амьжиргаатай холбоотой олон тулгамдсан асуудал байхад төр бодлогын эрэмбээ зөв тогтоох шаардлагатай. Бидний гол анхаарах асуудал Баяр наадмын тухай хууль биш, харин тэтгэвэр, нийгмийн хамгаалал зэрэг улс орны өмнө тулгамдсан томоохон реформууд байх ёстой гэж харж байна.

-Гишүүдийн хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Үүн дотор нь Баяр наадмын тухай хууль багтдаг юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн бүр хууль санаачлах бүрэн эрхтэй. Тиймээс Баяр наадмын тухай хууль ч бай, өөр ямар ч салбарын хууль бай, гишүүд өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй. Харин асуудал нь эрхтэй эсэхдээ биш, ямар төрлийн бодлогыг хэн манлайлах ёстой вэ гэдэг дээр байдаг. Миний хувьд тэтгэвэр, нийгмийн даатгал, халамж, татвар зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцоонд урт хугацаанд нөлөөлөх асуудлыг Засгийн газар, салбарын яам бодлогын түвшинд манлайлан оруулж ирэх нь илүү зөв гэж боддог.

Өнгөрсөн жилүүдэд нийгмийн даатгалын тогтолцоонд улс төрийн шинжтэй олон өөрчлөлт хийсний үр дагавар нь өнөөдөр хэт бодлогын алдаатай тэтгэвэр тогтоолт, амьдралд хүрэлцэхгүй тэтгэврийн хэмжээ төсөв санхүүгийн дарамт болж байна. Монгол Улс цаашид суурь тэтгэвэр, шимтгэлд суурилсан даатгалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван тулгуурт тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

Мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг иргэдийн өндөр насны орлогын баталгаатай холбох боломжийг яаралтай бүрдүүлэх нь зүйтэй гэж боддог учир бид хэсэгчилсэн өөрчлөлтөөс илүү тогтолцооны шинэчлэлийг хийх цаг болсон.

-Та мөн “Хүүхэд хамгааллын салбараас савраа тат” гээд нэлээд ширүүхэн дуугарсан байсан. Үүнийг тань О.Амгаланбаатар нарын гишүүдийн өргөн барьсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой гэж ойлгосон. Ямар өөрчлөлт орох гээд та ингэж хэлсэн юм бэ?

-Миний хэлсэн үг хэн нэгэн хувь хүнд хандсан биш, хүүхэд хамгааллын салбарын тогтвортой байдлыг хамгаалах гэсэн байр суурь байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрөө төрийн захиргааны алба, яам, агентлагийн удирдлагын томилгоо хэвтээ байх уу, босоо байх уу гэдэг л маргаан. Энд гол асуудал нь хүүхэд хамгааллын салбарын удирдлагыг мэргэжлийн, тогтвортой байлгах уу, эсвэл улс төрийн томилгооноос хамааралтай болгох уу гэдэг дээр байгаа юм.

Бид 2024 онд Боловсролын ерөнхий хуулийг шинэчилж батлахдаа энэ асуудлыг нэлээд ярьсан. Засаг дарга солигдох бүрд боловсролын газрын дарга, цаашлаад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд өөрчлөгддөг байдал нь боловсролын салбарын тогтвортой хөгжилд маш их сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс боловсролын салбарын удирдлагын тогтолцоог улс төрийн нөлөөллөөс ангид, илүү мэргэжлийн болгох шийдвэр гаргасан.

Хүүхэд хамгааллын салбар бүр ч эмзэг. Энэ бол хэн дуртай нь удирдаж, туршлага хуримтлуулдаг салбар биш. Олон жил ажилласан, мэргэшсэн, хүүхдийн эрх хамгааллын асуудлыг мэддэг хүмүүсийн ажиллах ёстой салбар. Өнөөдөр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдал, осол гэмтэл зэрэг асуудал өндөр байгаа үед бид тогтолцоогоо бэхжүүлэхээс биш улстөржүүлэх ёсгүй.

Тиймээс хүүхэд хамгааллын байгууллагын удирдлагыг Засаг даргын үзэмжээр томилж, чөлөөлдөг болгох оролдлогыг би дэмжихгүй. Энэ салбарын залгамж чанар, мэргэшлийг хамгаалах ёстой гэсэн байр сууринаас л “Хүүхэд хамгааллын салбараас савраа тат” гэж хэлсэн юм.

-Өөр ямар салбарууд байгаа юм бэ?

-Хууль санаачлагчид хуулийн төслийг өргөн барихдаа 17 салбарын томилгоог хамааруулсан байсан. Харин байгаль орчны салбарынхан, олон нийт Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах гэж байна гэж хардаж шүүмжилсэн учраас өнгөрөгч пүрэв гарагт хуулиа татаад маргааш нь буюу баасан гарагт эргүүлээд өргөн барьсан. Нэг шөнийн дотор хуулиа засахдаа 17 салбарын асуудлыг хөндсөн байсныг 10 салбарыг хасаад, долоон салбарыг хуулийн төсөлдөө үлдээсэн.

Энэ дотроо хэл ам дагуулсан байгаль орчин, ус цаг уур, орчны шинжилгээний газар, стандарт хэмжил зүйн газар, татвар, улсын тусгай хамгаалалттай газар, онцгой, цагдаа, улсын бүртгэл, нийгмийн даатгалын салбарыг хассан байсан. Үлдсэн долоон салбар нь дандаа нийгмийн салбарууд. Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Мал эмнэлэг, Халамж, Биеийн тамир спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Цахим хөгжлийн хэлтэс байгаа юм.

Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдал, цахим орчны эрсдэл зэрэг асуудалтай өдөр бүр нүүр тулж байна. Ийм үед салбарын удирдлагыг мэргэжлийн шалгуураас илүү улс төрийн томилгооноос хамааралтай болговол бодлогын залгамж чанар алдагдаж, хамгийн их эрсдэлийг хүүхдүүд, бидний ирээдүй үүрнэ.

-Нэг шөнийн дотор шийдээд ороод ирлээ гэж байна. Гэтэл зарим гишүүний өргөн барьсан хууль хэлэлцэгдэхгүй сар, жилээр хойшлоод л байдаг. Тэгэхээр ер нь гишүүдэд ялгавартай хандаж, хясан боогдуулдаг байдал байна уу?

-УИХ-ын даргын дэргэд Даргын дэргэдэх зөвлөл гэж бий. Түүнд байнгын хороодын дарга нар, нам, эвслийн бүлгийн дарга нар, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл саналын эрхтэй, бүлгийн дэд дарга нар саналын эрхгүй оролцож явдаг. Энэ зөвлөлөөр тухайн долоо хоногт, сард, чуулганы хугацаанд ямар асуудлуудыг хэлэлцэх вэ гэсэн жагсаалтыг баталдаг. Байнгын хороодын дарга нар өргөн баригдсан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь байнгын хороогоороо оруулах саналыг гаргадаг. Тэгэхээр байнгын хороодын дарга нарын асуудал мөн чухал байна л гэсэн үг. Ялгавартай хандах, орхигдох, мартагдах зэрэг асуудлууд гарах гээд байдаг гашуун үнэн бий.

-Зарим хуулийн төсөл маш хурдан хэлэлцэгддэг атлаа зарим нь сар, жилээр хүлээгддэг гэсэн шүүмжлэл байдаг. Үнэхээр ялгавартай хандалт бий юу?

-УИХ-ын Дэгийн тухай хууль, чуулганы зохион байгуулалтын дагуу хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх тодорхой журам байдаг. Гэхдээ бодит байдал дээр хууль хэлэлцэх хурд, эрэмбэ нь төсөл бүрд харилцан адилгүй байгаа нь үнэн. Жишээлбэл, зарим хууль өргөн баригдсанаас хойш хэдхэн хоногийн дотор Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт орж байгаа бол нөгөө хэсэг нь хэдэн сар, бүр жил гаруй хугацаанд хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байна. Энэ нь зөвхөн хууль санаачлагчийн асуудал биш, харин тухайн төслийг хэлэлцэх дараалал хэрхэн тогтож байгаатай холбоотой. Ямар хууль түрүүлж хэлэлцэгдэх вэ гэдэг нь улс төрийн болон бодлогын шийдвэрийн шинжтэй асуудал болж мөн хувирдаг. Нөлөөлөх хүчин зүйлс их байна аа...

Миний хувьд хууль тогтоох үйл ажиллагаанд хамгийн чухал шалгуур нь улс төрийн ашиг сонирхол биш, харин нийгэм, эдийн засгийн ач холбогдол байх ёстой гэж үздэг. Өнөөдөр иргэдийн амьжиргаа, татвар, нийгмийн даатгал, боловсрол, эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудлууд хүлээгдэж байхад зарим төслийг онцгой хурдтай оруулж ирдэг байдалд бодитой дүн шинжилгээ хийх шаардлагатай. УИХ хууль хэлэлцэх эрэмбэ, шалгуураа илүү ил тод болгож, ямар үндэслэлээр тухайн төслийг хэлэлцэж байгаа талаар олон нийтэд ойлгомжтой тайлбарладаг байх нь парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чухал алхам гэж боддог. Иймээс саяхан гишүүдийн хамтаар УИХ-ын багц хуулийг мөн өргөн мэдүүлсэн байгаа.

-Манай улс төрийн шийдвэр, хууль хэлэлцэх, батлах процесс сошиал орчны давлагаанаас хэт хамааралтай байдаг болчихлоо гэдэг шүүмжлэл гарах болсон. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Зарим талаар санал нийлнэ. Миний бодлоор олон хууль батлах нь УИХ-ын ажлын гол шалгуур биш. Хамгийн чухал нь чанартай, хэрэгжих боломжтой, нийгэмд бодит үр нөлөө үзүүлэх хууль батлах явдал. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад, нэг хуулийн төслийн үр нөлөө, эрсдэл, хэрэгжилтийн боломжийг олон сар, заримдаа хэдэн жилээр судалж байж баталдаг. Харин манайд заримдаа хууль өргөн барьснаас хойш богино хугацаанд хэлэлцэн батлах тохиолдол гардаг. Үүний улмаас удалгүй дахин өөрчлөх, хүчингүй болгох, эсвэл огт хэрэгжихгүй байх асуудал үүсдэг.

Тиймээс хууль тогтоох үйл явц илүү судалгаанд суурилсан, нөлөөллийн үнэлгээ сайтай, олон талын оролцоог хангасан байх шаардлагатай болов уу. УИХ-ын гишүүд ч хууль өргөн барих, батлах асуудлаас гадна хэрэгжилт, үр нөлөө, иргэдэд хүргэх ойлголт, хууль сурталчлан таниулахад илүү анхаарах цаг болжээ. Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол олон хууль цаасан дээр үлдэх биш, харин иргэдийн амьдралд бодитоор эерэг нөлөө үзүүлэх чанартай цөөн ч болов сайн хууль юм.

Т.Дарханхөвсгөл

"Өдрийн сонин"

/2026/06.08/

Сэтгэгдэл бичих