ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл Москва хотод хэд хэдэн удаа буудуулж, шархадсан. Москвагийн баруун хойд захад байрлах орон сууцны хороололд энэ хэрэг гарсан бөгөөд Алексеевийг халдлагын дараа тэр даруй эмнэлэгт хүргэсэн аж.
Тэгвэл түүнийг буудсан гэж сэжиглэгдэж буй эрэгтэйг Дубайд баривчилж, ОХУ-д шилжүүлжээ. Сэжигтэн этгээд нь 60 гаруй настай Любимор Корба гэгч юм. Түүнд тусалсан гэж үзэж буй хоёр хүний нэгийг нь Москвад баривчилсан бол нөгөөх нь Украин руу зугтжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Бямба гаригт Корбаг баривчлахад тусалсан гэж Арабын нэгдсэн Эмиратын ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.
Любимор Корбаг Украины тагнуулын албанаас Алексеевийг буудах даалгавар авсан гэж Оросын мөрдөн байцаагчид үзэж байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч мөн энэ халдлагын цаана Украин байгаа гэж буруутгажээ.
Харин Украины тал үүнийг үгүйсгэж байна. Тодруулбал, Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха энэ халдлагыг Оросын дотоодод үргэлжилж буй тэмцлийн үр дүн гэж хэлжээ.
Оросын цэргийн ахлах албан тушаалтнууд тодорхойгүй халдлагын бай болсон тохиолдол сүүлийн үед хэд хэд гарч байна. 2024 оны арванхоёрдугаар сараас хойш гурван ч генерал Москва хот болон хотын ойролцоо халдлагад өртөж, амиа алдсан. Алексеевт тохиолдсон явдал нь цэргийнхэн удирдах албан тушаалтнуудын аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ гэх болгоомжлолыг төрүүлж буй. Үүний зэрэгцээ Оросын аюулгүй байдлын алба ийм халдлагыг таслан зогсоож чадаагүй гэж дайныг дэмжигчид шүүмжилжээ.
Алексеев ЗХУ-ын үеийн Украинд төрсөн бөгөөд "Spetsnaz" тусгай хүчнээс карьераа эхлүүлж байв. Путин Украин дахь дайныг эхлүүлснийхээ дараахан түүнийг Украин дахь тагнуулын ажиллагаа хариуцсан даргаар томилжээ. Улмаар Алексеев 2022 онд Мариуполийн бүслэлтийн үеэр Орос, Украины хэлэлцээрт оролцож байжээ. Мөн Кремлийн даалгавраар Вагнерын тэргүүн агсан Евгений Пригожинтой хэлэлцээ хийхээр явж байсан удаатай. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийг онилж кибер ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Вашингтон түүнд хориг арга хэмжээ авсан. Үүний дараа 2018 онд түүнийг Оросын тагнуулч асан Сергей Скрибал болон түүний охин Юлия нарыг Их Британид хордуулсан гэж үзэн Европын холбоо хориг арга хэмжээ авчээ.