Н.Учрал унах нь цаг хугацааны асуудал болов...

оруулсан Алсын Хараа

Урьд нь: Юмны үнэ аажим алгуураар өсдөг байснаа эдүгээ цүл пал хийдэг болж. Саяны наадмаар яав? Уул уурхайн сайд Г.Дамдинням: “Та нар маань санаа зоволтгүй аял, зугаал” гэснээ араар нь АИ-92 бензиний үнийг 250 төгрөгөөр огцом нэмлээ. 250 төгрөг бол албан тоо. Энэхүү албан тоогоор АИ-92 бензинийг 2840, дизелийн түлшийг 4185 төгрөг гэж зарласан. Амьдрал дээр 280, тэрнээс дээш төгрөгөөр нэмэгдлээ. Урвуугаараа дизелийн түлш 150 төгрөгөөр хямдарсан гэдэг нь яаж туссан юм бол? Албан тооноос ахиу л харагдсан, сая хөдөөгүүр явахад.

Гол нь махны үнэ бүр хаданд гарлаа. Бензин, мах хоёр нэмэгдэхэд л инфляци үүсэж, улс даяараа үнээ дийлэхээ байдаг байсан бол саяны наадмаар хэрэглээний уснаас эхлээд төлбөр тэнгэрт хадлаа. Хэдхэн хоногийн дараа аялал, зугаалгаа өндөрлүүлнэ. Шороо тоостой хотдоо цуглана. Хүүхдийн сургууль, соёл, өөрсдийнхөө ажил, бизнес гээд ороод ирнэ. Яана даа, бүгдээрээ?

Статистикаас харахад 2026 оны эхний зургаан сар, нэмээд сүүлийн долоо хоногийг тооцоход инфляци 12 хувьд хүрчээ. Энэ дотроос хүнсний инфляци 24.8 хувь болж, хүнсний бүтээгдэхүүн дотроо махны үнэ 51.6 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин тасралтгүй өсөж, төгрөгийн худалдан авах чадвар буурч, улам үнэгүй болох үзэгдэл үргэлжилжээ. Эдүгээ ч үргэлжилсээр...

Нарийсгаж хэлбэл, наадмын хэдэн өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ 0.5 хувиар өссөн байна. Жишээ нь хонины мах 27,800, үхрийн мах 38,500 төгрөг гэсэн албан тоо гарчээ. Төмс ч сүүлийн 14 хоногт 15 хувиар нэмэгдсэн байх шиг. Энэ жишгээр 2026 оны эхний зургаан сарын сүүлч гэхэд 12 хувь байсан инфляци наадмын өдрүүдэд 0.4 хувиар нэмэгдэж 12.4 хувьд хүрчээ.

Басхүү байрны үнэ сүүлийн нэг жилд 7.1 хувиар өсөж, нэг ам метрийн дундаж үнэ 4.74 сая төгрөг болжээ. Үүнээс гадна тариаланчид үр тариа тариалдаг талбайгаа 16.6 хувь, тэжээлийн ургамлын тариалалтаа 28.4 хувиар нэмэгдүүлсэн бол төмсний тариалалтыг 3.3 хувь, нийт хүнсний ногооны тариалалтын талбайг 6.4 хувиар бууруулжээ.

Нэмээд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2026 оны эхний хагаст 14.6 их наяд төгрөг болж, 1.4 их наядаар өссөн байна. Энэ өсөлтийг нийгмийн даатгал, НӨАТ, ХХОАТ, АМНАТ-ын орлого бүрдүүлжээ. Харин төсвийн зарлага 16.8 их наяд төгрөг болж, 2.8 их наядаар нэмэгдсэн байна. Зарлага өссөн нь цалингийн зардлыг 973 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлгийг 507 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбоотой. Ингээд тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Эдгээрээс харахад юмны үнийн өсөлт хэрээс хэтэрч, хазаар хязгааргүй нэмэгдсэн нь төсвийн асар их тэлэлттэй холбоотой гэсэн дүгнэлт гарч байна. Цаашид ч энэ өсөлт үргэлжлэх төлөвтэй. Гэхдээ Н.Учрал нар энэ дээр нэгэн арга хэрэглэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Яриагаар бол ирээдүйн орлогод найдаж Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ашиглахаар болжээ. Ирээдүйн өв санд санхүүгийн бичилт хийгдэх ч бодит мөнгө нь Засгийн газрын хэрэглээ рүү, тэр дундаа цалин руу шилжих схем боловсруулсан гэх яриа байна. Энэ нь зөв шийдэл биш бөгөөд олон нийтийн бухимдлыг улам өдөөж байгаа юм.

Одоохондоо хүмүүс мах, бензиний үнийг мэдэрч байна. Харин сарын дараа бараг бүх бараа, үйлчилгээний үнээс энэ өсөлт мэдрэгдэнэ. Ард нийтийн бухимдлыг Ерөнхий сайд Н.Учрал хариуцна. Уг нь төсвөө зөв удирдах үүрэг Ерөнхий сайдад байдаг. Гэвч тэр үүнийг хийж чадсангүй. Г.Занданшатарын үед тооцоололгүйгээр нэмсэн багш нарын цалинг засалгүй улам нэмсэн. Эмч, цагдаа нарын цалин ч мөн адил. Цалин нэмэх нь өөрөө буруу биш ч төсвийн боломждоо нийцүүлж шийдэх ёстой. Популизм хийхгүй байх нь Ерөнхий сайдын үүрэг. Энэ дээр алдсан учраас Н.Учрал наймдугаар сарын сүүлээс эхлээд хүнд сорилтуудтай нүүр тулах төлөвтэй.

Дээр дурдсан тоонуудаас харахад төсвийн зарлагын өсөлтийн хамгийн том хэсгийг цалингийн зардлын 973 тэрбум төгрөгийн нэмэгдэл эзэлж байна. Шулуухан хэлбэл, энэ бол санхүүгийн сахилга алдагдсаны илрэл. Улстөрчид үүнд анхаарах биз.

Базах нь ээ: Н.Учрал үнийн хязгааргүй өсөлт, тооцоогүй цалингийн нэмэгдлээс болж унах нь цаг хугацааны асуудал болсон бололтой. Уг нь тэр хаврын чуулганы үеэр огцрох нөхцөл бүрдсэн. Оюутолгойн асуудлаар хаалт хийж үлдсэн. Харин намрын чуулган эхэлмэгц суудал нь дахин хөндөгдөх нөхцөл бүрджээ.

Улс төрийн хувьд АН-ын бүлэг гадаадад эмчилгээнд яваа Ж.Баясгалан гишүүнээс бусад нь Н.Учралыг огцруулж, улс төрийн хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж, О.Цогтгэрэл даргынхаа бланк дээр гарын үсгээ зурсан байна. Эдүгээ 41 гишүүний гарын үсэгтэй тэрхүү бичиг АН-ын даргын албан ширээний шургуулганд намрын чуулганыг хүлээж байна.

Ө.БАТБИЛЭГ

"Өдрийн сонин"

/2026.07.24/

Сэтгэгдэл бичих