ЦЕГ-ын хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нар болон “Урьхан” Б.Чинбатын талд илт ажиллаад эхэлчихлээ, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!

оруулсан Алсын Хараа

-ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛДООС ЦАГДААГ ЦЭВЭРЛЭХ ҮҮРЭГ АВСАН ЦЕГ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ТУСГАЙ СУБЬЕКТИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСИЙН ДАРГАБ.БАТТУЛГА“УРЬХАН” Б.ЧИНБАТАД ҮЙЛЧИЛСЭН ЦАГДАА НАРЫГ ШАЛГАХЫН ОРОНД МАФИЖСАН ЦАГДАА НАРЫГ ИЛЧИЛСЭН СЭТГҮҮЛЧДИЙГ МӨРДӨН МӨШГӨЖ БАЙНА-

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга “Урьхан” Б.Чинбатад үйлчилсэн цагдаа нарыг шалгахын оронд мафижсан цагдаа нарыг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгөөд эхэлчихлээ. Таны “Цагдааг цэвэрлэ” гэсэн даалгаврыг тэр ингэж самарч байна, С.Амарсайхан сайд аа! Тэрээр “Урьхан” Б.Чинбатын хууль, шүүх, цагдаа дахь мафийг илчилсэн сэтгүүлч бүр рүү цагдаа нараараа яриулж дарамталж байна!

“Урьхан” Б.Чинбаттай хамтарч жирийн иргэн В.Ганзоригийг шоронд хийсэн хөрөнгөжсөн хурандаа, цагдаа, шүүгч нарын мафи нэр зүстэйгээ зарлагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Хууль зүйн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга Ж.Болдод цагдааг цэвэрлэх даалгавар өгч, Ж.Болд генерал тэр даруйд нь цагдаад цэвэрлэгээ хийж эхлээд буй. Одоогоор цагдаагийн том албан тушаалтай гурван хүнийг ажлаас нь чөлөөлөөд байна.

Яг энэ үед Монголын цагдаад нэгэн хачирхалтай үйл явдал өрнөөд эхэлчихлээ. Хөрөнгөжсөн хурандаа нарын нөлөөгөөр “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон “но”-той цагдаа нарыг шалгах даалгавар авсан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нарыг биш тэдний булхайг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлээд эхэлчихэж. Мань эрд “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон хөрөнгөжсөн хурандаа, цагдаа нарыг шалгах бодол огт алга гэдэг нь эндээс харагдаж байна.

Хурандаа Б.Баттулга цагдаа дахь рецедивтэй хамссан картелийг баримттайгаар дэлгэсэн сэтгүүлчдийг мөрдөс зүүсэн төрийн цагдаа нараар дарамтлуулаад эхэлснийг мэдсэн үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо. Цагдаа нар Б.Баттулгын даалгавраар сэтгүүлчдэд “Хэдэн төгрөг хэнээс авч Урьхан Б.Чинбатын эсрэг юм бичсэн бэ” гэх мэт утгагүй, ойлгомжгүй асуултууд тавьж, “Байцаалтад ирэхгүй бол албадан баривчилна” гэх мэтээр дарамталж эхэлснийг сонссон уу, С.Амарсайхан сайд аа.

Аль хуучин нийгмийн үеэс гэмт хэрэгтний замналаа эхлүүлсэн Б.Чинбат гэдэг рецедив нөхөр шүүх, цагдаад картел угсарсан гэх мэдээлэл бол олны анхааралд байх ёстой ноцтой өнцөг. Тэр утгаар нь хэвлэл мэдээллийнхэн энэ сэдвийг барьж авч, асуудал хөндсөн нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж буй гэдгийг хурандаа Б.Баттулгад онцлон сануулъя.

Ж.Болд генерал цагдааг цэвэрлэ гэсэн үүргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулгад өгсөн. Харамсалтай нь, мань эр даргаасаа авсан тушаалыг урвуулан ашиглаж, цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нартай холбоотой ноцтой баримтууд дэлгэсэн сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэхээс өөр ажил хийхгүй байх шиг. Таны доор ажилладаг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга чинь дарга цагдаагийн нэр төрийг цэвэрлэх, бохир цагдаа нартай тэмцэх ажлаа нэг иймэрхүү өнгөтэй хийж явна, Ж.Болд дарга аа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга сэтгүүлчдээс гадна хохирогчдын өмгөөлөгч нарыг хуйгаар нь дарамтлах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэж байна. Хачирхалтай нь эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбат зүгээс явуулж буй худал мэдээ, гүтгэлэгт хурандаа Б.Баттулга огт ач холбогдол өгөхгүй байгаа аж.

Ж.Болд дарга аа, С.Амарсайхан сайд аа та хоёрын цагдаад хийж буй их цэвэрлэгээг хамар дор чинь ажилладаг Б.Баттулга гэдэг хурандаа ингэж самарч байна. Мань эр арай “Урьхан” Б.Чинбатын мафийг Монголын цагдаад эргэж сэргээхээр улайрч байгаа юм биш биз. Ингэж хардахаас аргагүй үйл явдлууд хөврөөд буйг Хууль зүйн сайдад онцлон сануулъя.

Гэмт этгээдтэй хамтарсан шүүх, хуулийн картел анх удаа нэртэй устайгаа задарсан учраас хэвлэлийнхэн зоригтойгоор баримт дэлгэж байна. Б.Баттулга хурандаа шиг цагдаагийн хурган дарга нар баримт дэлгэсэн сэтгүүлчдийг энэ мэтээр мөрдөж мөшгүүлээд байвал авлигын том сүлжээг илчилж бичих хэвлэл үгүй болно. Тийм цаг ирвэл Монгол мафижсан улсын тоог нэгээр нэмж, сүйрлийн зам руугаа “шааригдана”.Авлига бол эдийн засагт эргэлдэх ихэнх мөнгийг цөөхөн хэдэн хулгайч луйварчны халаасанд аваачаад хийчихдэг, бүхэл бүтэн улсын иргэдийг бултаар нь ядууруулж туйлдуулдаг асар аюултай гэмт хэрэг.

Хууль хүчинд үүссэн авлигажсан мафийг илчилж шоронгоос шүгэл үлээсэн иргэн В.Ганзориг цагдаатай холбоотой маш ноцтой баримтуудыг дэлгэсэн. Тэдгээр баримтыг түмэнд хүргэсэн сэтгүүлчдийг төрийн цагдаа нь “Хөрөнгөжсөн хурандаа нар “Урьхан” Б.Чинбатаас мөнгө авсныг нотлох баримт хаана байгаа юм. Гаргаад ир” гэж дарамталж яваа сураг чих дэлсэж байна. Авлигын гэмт хэрэг бол мөнгө өгсөн нь ч, авсан нь ч амаа хамхичихдаг учраас баримт олддоггүй зовлонтой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд авлигатай тэмцэх газар гэж тусдаа институци байгуулж байгаад тэмцдэг юм.

Авлигажсан шүүгч, цагдаа, прокуроруудын гэмт хэрэгтэнтэй нийлж байгуулсан хонгилоор чирэгдэж шоронд орсон В.Ганзориг шоронгоос шүгэл үлээж тэднийг илчилсэн учраас “Урьхан” Б.Чинбатын аалзны торонд орсон шүүх, цагдаагийнхны авлига авсан гэх сэжүүр, нотолгоонууд захаасаа хөвөрч эхлээд байгаа юм. Нэгэнт хөвөрсөн баримт, нотолгоог ухаж, төнхөж нийгэмд хүргэж буй сэтгүүлчидтэй биш, хөрөнгөжсөн хурандаа нартайгаа тэмц, тэднийг шалга, Б.Баттулга аа. Тэгж байж монгол цагдаа цэвэрлэгдэнэ.

Хөрөнгөжсөн хурандаа нарыг улаан цагаан хаацайлж, тэдний “но”-г дэлгэсэн сэтгүүлчдийг дарамталж буй ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулгыг хардах хоёр сэжим байна. Тэр нэг бол “Б.Чинбатын халаасанд орсон гэх цагдаа нарыг шалга” гэсэн Ж.Болд генералын даалгаврыг буруу ойлгосон байх. эсвэл “Урьхан” Б.Чинбатын цагдаа дахь бас нэг гар хөл байх өндөр магадлал харагдаад байна.ЦЕГ-ын дарга Ж.Болдын даалгаврыг буруу ойлгосон гэвэл ямар ч тэнэг итгэхгүй. Тэгэхээр хоёр дахь нь үнэн байх үндэслэл маш өндөр гэсэн үг.

Дахиад онцолъё. Б.Баттулга хурандааг “Урьхан” Б.Чинбатын талд илт үйлчлээд байгааг нь нотлох кейсүүд нүдэн дээр хөвөрч байна. Монгол төрийн цагдаа, шүүгч, прокурорыг халаасалсан “Урьхан” Б.Чинбатын луйврыг илчилж бичсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлнэ гэдэг бол рецедив болоод хөрөнгөжсөн хурандаа нарын талд илт үйлчилж буйнх нь маш том нотолгоо. ингээд харахаар цагдаад хийх цэвэрлэгээгээ үр дүнтэй болгоё гэвэл хурандаа Б.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөл, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо. Бохир цагдаа нараас монгол төрийн цагдааг цэвэрлэх ажлаа Б.Баттулгаас өөр шударга цагдаад даатга, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!

Нийтлэлийнхээ төгсгөлд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгад дайх нэг үг байна. Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар танд бохир цагдаа нарыг шалгах даалгавар өгсөн болохоос сэтгүүлчдийг дарамтал гэсэн чиг өгөөгүй шүү!

Д.БАТБОЛД

Сэтгэгдэл бичих