“Монголын Эдийн засгийн форум-2022”-ын хоёр дахь өдрийн хуралдаанд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөх “Бостон консалтинг” группийн партнер Майкл Макадү хүндэт зочноор оролцож илтгэл тавилаа. Тэрээр, илтгэлдээ "Гадаадын хөрөнгө оруулалт нь тогтвортой, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг хөгжиж буй улс оронд авчрах гол хэрэгсэл байдаг" гэдгийг тодотголоо.
Улс орнуудын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулахад хэрэглэдэг арга нь суурь байдлаар өөрчлөгдөөгүй явж ирсэн. Монгол Улсын сүүлийн жилүүдийн байдлыг харж ажилласан.
Сүүлийн 20 жилд гадаадын хөрөнгө оруулалт дээр олон улсын түвшинд ч тэр, бусад хөгжиж буй улс орон, Монголд юу болж ирснийг товч танилцуулахад олон улсын худалдааны динамикийг дагаад, ялангуяа ажиллах хүч, хөдөлмөрийн хөлс зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт өөрчлөгдөж ирснийг онцоллоо.
Ер нь бол улс орнууд засаглалаа сайжруулж, хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг хангах нь эдийн засаг илүү хурдан өсөх, гадаад, дотоодын хөрөнгө орох үүд хаалга юм. Дэд бүтцийн хөгжил улс орнуудын хоорондох худалдаа, тээвэр, ложистикийн холболтыг дээшлүүлж, сайжруулж, өргөжүүлдэг. Монголд засаглалын байдал бусад улс орноос ялгаатай хүчин зүйл болж буйг харж байна. Засаглалаа сайжруулахад, энд мэдээж, төр, засгийн үйл ажиллагаа, төрийн өмчит болон хувийн секторын компани, аж ахуйн нэгжүүдийн засаглал орж буй.
2010 болон 2017 онд бид улс орнууд дахь хөрөнгө оруулалтыг ДНБ-ийг гол үзүүлэлт болгон харьцуулан авч үзэхэд, уул уурхайд суурилсан томоохон улс орнууд болон хөгжиж буй жижиг улс байлаа ч ялгаагүй, засаглалаа сайжруулсан улс орны ДНБ эрс нэмэгдсэн нь харагдсан гэв.