Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй

оруулсан Алсын Хараа

 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 64 бөхийн допингийн шинжилгээний хариу түрүүчээсээ иржээ.

Өнөөдрийн байдлаар 64 бөхөөс 63-ынх нь хариу ирсэн бөгөөд нэг бөхийнхийг шинжилж байгааг Үндэсний их баяр наадмын хорооны Бөхийн салбар хорооноос мэдээлэв.

Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба "Улсын наадмын 64 бөхийн допингийн шинжилгээнээс нэг бөхийн хариу ирээгүй. Энэ нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш. Бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу ирсэн. 2026 оны наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан. Улмаар Германы Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс долоодугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан байна. Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй. Нэг сорьцын шинжилгээ лабораторид үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байна. Тухайн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ бүрэн дууссаны дараа лабораторийн албан ёсны хариуг олон нийтэд мэдээлнэ" хэмээн ярилаа.

Наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний сорьцыг долоодугаар сарын 13-нд Германы Дрездений лаборатори руу илгээсэн. Хоёр хоногийн дараа хариу эхнээсээ ирсэн аж. Энэ нь бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойш хамгийн богино хугацаанд хариу ирж, үр дүнг танилцуулж буй явдал юм.

Ташрамд дурдахад, өнөө жилийн наадмаар даян аварга 1, арслан 1, гарди 1, заан 3, харцага 3, начин 14, нийт 23 шинэ цолтон төрсөн билээ.

Сэтгэгдэл бичих