“Алтан Дорнод Монгол” ХХК-ий ТУЗ-ийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.
Иргэд улс оронд бугшсан хулгай, дээрэм, тонуулыг эсэргүүцэж талбай дээр олон хоног жагсаж байна. Та жагсаалыг хэрхэн харж, дүгнэж байна?
Энэ жагсаалыг ард түмэн, Монгол Улс даяараа дэмжиж байгаа нь тодорхой байна. Мэдээж хэрэг төр засагт буй гэм буруутай цөөн хэдэн хүмүүс бол дотроо айдастай байгаа. Иргэд эдийн засгийн хямрал, үнийн хөөрөгдөл, инфляци зэргийг үнэхээр их удаан, хүлцэнгүй тэвчлээ л дээ. Тэгээд энэ бүхнийг даахаа болиод, алдах юмгүй болоод гудамжинд гарцгааж байна.
Жагсагчдын дийлэнх нь залуус байна. Тэдний жагсаалд оролцож буй байр байдал, хандлага, үзэл бодол, хэлж буй үгс зэрэгт хүмүүс ам сайтай байна. Залуусын жагсаалын онцлог нь юу байх шиг байна?
Сүүүлийн үед залуучууд янз, янзын байр сууринаас жагсаж байна. “Ажлаа хий” гэдэг жагсаалыг хүмүүс Засгийн Газарт тал заслаа хэмээн шүүмжилж байсан. Гэхдээ тухайн үед Засгийн Газрыг ажлаа бодитой хийгээчээ гэж шахаж, шаардаж байгаа л харагдсан. Гэвч тэр жагсаалын дараа нийгэмд дорвитой, хүлээлтийг хангахуйц хэмжээний ажил явагдаагүй. Одоо бол ард иргэд туйлдаад, бухимдаад гарч ирж байна. Мэдээж жагсаал дунд мэдээлэлд ойрхон хүмүүс ч байгаа, мэдлэг, мэдээлэл тааруу хүмүүс ч байгаа. Ард түмнийг ядуу болтол идэж уусан, мөнгөтэй, чадалтай, эрх мэдэлтнүүд бас өөрсдийнхөө талын хүмүүс, троллуудыг жагсаалд оруулж уур амьсгалыг өөр тийш чиглүүлэх арга залиуд ч маш их явагдаж байна. Энэ бол гарцаагүй бодит байдал. Хэлж, ярьж байгаа урианууд дунд буруу юм алга. Тулгарч буй зовлон бэрхшээлээ өөр өөрсдийнхөө өнцгөөр хэлж байна. Иргэд бол бидний амьдралыг сайн сайхан болгоно гэж итгэж, нийгмийнхээ сор болсон хүмүүс гэж бодож эдгээр хүмүүсийг өөрсдийнхөө төлөөлөл болгож сонгуулиар гаргаж ирж байгаа шүү дээ. Гэвч тэдгээр хүмүүс нь эргээд сонгогчдоо хуурч, улам ядуу амьдралд оруулаад байхаар чинь туйлдаад гудамжинд гарч ирж байна. Зүй ёсоор сонгосон хүмүүс бол эзэд. Сонгогдсон хүмүүс бол таны өмнөөс төрд ажиллах зарц нар шүү дээ. Сонгосон эзэд нь гудманд гарч ирээд шаардлага тавихад эрх баригчид үг дуугүй биелүүлэх, асуудлыг шийдэх үүрэгтэй. Хангалтгүй гэж үзвэл огцрох ч үүрэгтэй. Мэдээж огцрох гэдэг маань хоёр талтай нөхцөл байдал.
Эмх замбараагүй, гудамжны засаглал тогтоно гэдэг өөрөө аль ч улс оронд хамгийн эрсдэлтэй зүйл. Гудамжнаас төрийг эргүүлээд сайн сайхан, зөв зохистой эдийн засгийн нөхцөл байдалд хүрсэн улс орон байхгүй.
Нөгөө талд төр засгийг барьж буй улсууд нь туйлын хударгагүй, худалч, хулгайч нь дэндсэн болохоор нийгэм өөрөө гарцгүй болоод, төр ч өөрөө гарцгүй болчихоор иргэд жагсаж байна. Иргэдийн талх авахдаа ч төлж байгаа татварын хуримтлал болох төсвийг цөөн хэдэн хүн яаж идэж, завшиж байгаагийн баталгаа өнөөдөр иргэдийн энэ бухимдлаар илэрч байна. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд ч мэдэгдэж байна. Нүүрсний хулгай бол олон зуун хулгайн нэг л хэсэг шүү дээ. Тэгэхэд л 40 их наяд төгрөг. Ямар ядуу улс байж ямар том, том хулгайтай юм бэ гэдгийг би маш олон удаагийн хэвлэлийн хурал, ярилцлагаар хэлж, сошиалаар мэдэгдэж л байсан. Харин ч их хүлээцтэй, тэвчээртэй ард түмэн юм.
Ганцхан тод жишээ болоод буй энэ нүүрсний хулгай дээр хамгийн оройлон тоглосон, автор, ерөнхий продюсер нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан “Женко” Х.Баттулга гэж хүн байгаа.
Түүнийг Ерөнхийлөгч байхад нь би хуулийг алагчилж хэрэгжүүлдэг, найз нөхөддөө хуулийг өөрөөр хэрэгжүүлж, жинхэнэ дабл стандарт, selective justice гэдэг ухагдахуунаар ажиллаж байна гээд хамтран зүтгэгч, бие даагч иргэдийнхээ хамтаар огцруулах ёстой гэж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Харамсалтай нь бүрэн эрх нь байгаа МАН үүнийг хийдэггүй. МАН УИХ-д үнэмлэхүй суудалтай. УИХ-д Ерөнхийлөгчийг импичмэнт хийх бүрэн эрх байдаг. Харамсалтай нь ард түмний амийг тасартал, амьдарлыг нь цөхөртөл энэ хүнээр тоглууллаа. Энэ хүн өөрийн тролл, хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, аргагүйн эрхэнд амьдралаараа барьцаалагдсан, мунхарсан тойрон хүрээлэгч улсуудаараа өөрийгөө үндэсний баатар мэт сурталчлууллаа, өнгөрсөн хугацаанд. Энэ хүн бол энэ дээрэм хулгайн тэргүүн ээлжийн, гол автор нь. Түүнээс гадна хамтран үйлдэгч, зохион байгуулагч нь “Голомт”-ын Д.Баясгалан шүү гэдгийг би бас олон зуун удаа зарласан. “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүн өнөөдөр энэ олон тэрбум долларыг идэж, төмөр замыг дөрөв, тав дахин өндөр үнээр барьж, нийлүүлж, энэ олон ядуусын нуруун дээрээс босгосон татварын мөнгөнөөс хулгай хийж, олон нисдэг тэрэг унан, тансаглаж, сайхан амьдарч байгаа. Өөрийнх нь цүнхчин нь хүртэл 60 сая төгрөгөөр сарнай авч тансаглаж байна шүү дээ. Энэ бол бизнесээр олж авсан мөнгө биш.
Хөдөлмөрөөрөө олсон мөнгө гэдэг тусдаа ухагдахуун. Төсвийн, төрийн, ард түмний баялагт ингэж хуруу дүрсэн хүмүүст өнөөдөр ямар ч арга хэмжээ аваагүй л байна. “Голомт”-ын Д.Баясгалан баривчлагдсан, АТГ дээр дуудагдсан гэж та бид нэг ч сонсоогүй л байна. Манай улсын хамгийн том эмгэнэл бол хууль хяналт, шүүхийн байгууллага ажлаа хийдэггүйд л байгаа. Яагаад гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнуудын нөлөөлөлд байдаг. Өнөөдөр Монгол улс олон улсын авлигалын индексээр 140 орноос 116-р байранд байна. Хараат бус шүүхийн байдал нь алдагдсан гэдгээр 119-р байранд байдаг. Ийм шүүх, хууль хяналтын байгууллагатай улсад шударга ёс, хариуцлага ярих ямар ч боломжгүй. Ард иргэд эдгээр байгууллагууд хэний харьяалалд байна вэ гэдгийг эхлээд ялгах хэрэгтэй. Ингээд иргэд У.Хүрэлсүхийн найз нь “Голомт”-ын Д.Баясгалан байхаас үл хамаарч, энэ хүн нийтийн баялаг, улс орныг доройтуулж, хохироосон бол хариуцлага тооцтол нь У.Хүрэлсүхийг шахах ёстой. Бид ийм хариуцлагыг шаардаж чаддаг нийгэм болж байж улс оронд шударга ёс гарч ирнэ. Үүнийг хийж чадахгүй бол Ерөнхийлөгчөө импичмент хийж чаддаг тэмцэгч нийгэм болох ёстой. Тэгэхгүй бол аль Ерөнхийлөгч болсон нь прокурор, шүүхээ барьчихаад өөрийнхөө суган дор буюу Ц.Элбэгдорж “сахал” Д.Эрдэнэбилэгийг Монгол улсыг цөлмөтөл нь бойжуулж, хамт иддэгтэй адилхан, эсвэл “Женко” Х.Баттулга “Голомт”-ын Д.Баясгаланг бойжуулж, Монгол улсыг цөлмөж, доройтуулж, сөхөртөл нь иддэг шиг ийм тогтолцоо, хэв маягаар цаашдаа явж болохгүй. Харамсалтай нь бид ийм эмгэнэлтэй цаг үед амьдарч байна.
Хэдийгээр Монгол хүн тэвчээртэй, хатуужилтай, хүлцэнгүй ч гэсэн хүн бүү хэл амьтан тэсэхээргүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр энэ жагсаал цуглаанаа үр дүнд хүргэхийн төлөө тууштай, оюунлаг, сайн муугаа, хонь чоноо ялгаж, хэт их хөөрөлд авталгүй, ухаалгаар, мэдээлэл сайтай тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр төр засгийн хүн бүхэн муу, итгэлгүй болоод харагдчихсан. Энэ бол баталгаатай. Тэгэхээр Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдаар нь хийе гэснийг нь хийлгэх хэрэгтэй. Гэхдээ тэр ажлыг нь хийтэл нь бууж өгч, тарж болохгүй. Д.Сүхбаатарын талбайдаа цугласан чигээрээ энэ нөхдүүдэд хариуцлагыг нь тооцтол, цээрлүүлтэл нь харах хэрэгтэй. Тэгэхгүй бол хамтад нь шүүрдэх хэрэгтэй. Өөр бидэнд гарц байхгүй. Бидний цорын ганц арга бол энэ. Хамгийн ноцтой, зохион байгуулалттай бүлэг, Х.Баттулга, Д.Баясгалан нарт холбогдох, нүүрсний хулгайч нарт холбогдох, улс орныг хорлон сүйтгэж, эдийн засгийн чадавхийг сулруулсан хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 19.6 гэж бүх насаар нь хорих хуулийн санкцтай зүйл, заалт байгаа.
Өнөөдөр Х.Баттулга гэж хүн бурханы нэр барьж, Майдар хот гэж ямар их мөнгө хулгайлав. Та нар мэдэж байгаа. Чингисийн хөшөө гэж Монголчуудын омогшил дээр дөрөөлж ямар их хүмүүсээс мөнгө босгож нэг ийм төмөр хөшөө босгов. Энэ хүн төмөр зам гэж яаж овоолго хийв.
Дараа нь тэр овоолгоо төмөр зам болгох гэж тав дахин үнээр ямар юм хийв. Энэ бүх хулгай, дээрэм өмч хувьчлалаас л эхлэнэ шүү дээ. Баянгол, Мах импекс, Талх чихэр гэх мэт энэ том социализмын үеийн ард түмний нуруун дээрээс боссон үйлдвэр, аж ахуй, зочид буудлуудыг ганц ганзагын наймаачин үнэгүй шахуу хувьчилж авав. Би өөрөө зочид буудлын салбарын хүн. Ганцхан жишээ хэлье. Баянгол зочид буудлыг 140 сая төгрөгөөр худалдаж авсан шүү дээ. Бод доо. 140 сая төгрөгийн зочид буудал гэж байх уу? Тэр үеийн ханш, ханш, инфляци, инфляци гэхэд арай ч 140 сая төгрөг байхгүй л байхгүй юу. Энэ хүн багаасаа хуйвалдаан, хулгайг хийгээд амташчихсан хүн. Ийм хүмүүсийг бүх насаар нь хорих хуулийн санкц нь байгаа тул түүнийг хэрэгжүүлж байж дараа, дараагийн бусад бүх удирдагч нарт, эрх мэдэлтнүүдэд зөв жишиг, үлгэр жишээ тогтох ёстой. Хариуцлагын тогтолцоогүй улсад шударга ёс тогтох ямар ч боломж байхгүй. Шударга ёс тогтоогүй улсад хөгжинө гэсэн ойлголт юу ч байхгүй. Энэ бол сүйрэл, мөхөлд хүрнэ л гэсэн үг. Бид бол мөхлийн ирмэгт ирсэн байна. Монгол улс мөхөх үү цаашид оршин тогтнох уу гэсэн заагт байна. Ард иргэдэд дахин хэлэхэд хоморголон андуурч эндүүрэх вий. Бүх бизнесмэнүүд муу гэж андуурах хэрэггүй. Мөнгөтэй хүн бүр муу гэж андуурах хэрэггүй. Төрд мэр сэр, ганц нэг хулгай хийгээгүй хүн байгаа байх. Тэднийг ялгаж салгах хэрэгтэй. Төсвийн, татвар төлөгчдийн мөнгөнд, төрийн, нийтийн баялагт гар дүрсэн хэнбугайг ч энгийнээр хэлэхэд гарыг нь тасдах хэмжээнд шийтгэдэг болох хэрэгтэй.
Бидний энэ бухимдлыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар шийдэхгүй л бол, энэ У.Хүрэлсүх нь зориг зүрх гаргаад шийдэхгүй, найздаа тал засаад, найзыгаа аварч үлдэх л юм бол энэ байдал цаашлаад иргэний дайн, эмх замбараагүй байдал болж хувирах, ирэх хавар үүнээс ч ноцтой юм болж хувирна. Энэ жагсаалыг би буухгүй байх гэж бодож байна. Бууж өгөхгүй байх гэж бодож байна. Иргэдийн амьдрал угаасаа доройтсон. Гэртээ хариад юу ч хийх юм билээ. Өр зээлээ тооны машинаар байн, байн бодоод суултай нь биш. Түүний оронд алдах юмгүй болсон иргэд Д.Сүхбаатарын талбай дээрээ гараад ирсэн байна. Би үүнийг үнэхээр зүрх сэтгэлээсээ дэмжиж байна. Би бүх л шударга бус зүйлийн эсрэг тэмцлүүдэд чадахынхаа хэрээр оролцоод л явдаг. Энэ бузар булай зүйлийг олон жил бизнес хийсэн хүний хувьд жигшиж ирсэн. “Женко” Х.Баттулгын барьсан төмөр зам одоо хүртэл эдийн засгийн эргэлтэнд орж чадаагүй байна шүү дээ. Хятад талаас нийлэх төмөр замаасаа 20 гаруй км хол. Дээрээс нь өндөржилт нь зөрчихсөн. Ингэж өөрсдөө туйлдуулж, ядууруулсан ард түмнийхээ мөнгөөр тоглодог. Энгийнээр, бизнес ухагдхуунаар бодоход бид нар яах гэж төмөр зам барьж байгаа юм бэ? Нүүрсээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр ашигтай зарж орлогоо нэмэгдүүлэх гэж. Гэтэл ийм галзуурсан, солиотой өндөр үнээр ашиглалтгүй төмөр зам барих байсан юм уу? Морин тэргээр л зөөж байх байсан шүү дээ. Үр ашиг гаргахын төлөө л төмөр зам барьж байгаа биз дээ. Гэтэл ийм үр ашиггүй, “алтан” төмөр замаар яах юм бид. Алтаар барьсны дайтай ийм үнээр төмөр зам хийж байна шүү дээ.
Ингэж ард иргэдээ доромжилж байгаа өөдгүй, хударгагүй, хорлон сүйтгэх ажиллагааг бодитоор хийсэн “Голомт”-ын Д.Баясгалан, “Женко” Х.Баттулга, гар хөл нь болж баахан гавьяат, хөдөлмөрийн баатар болсон цүнхчид, задгай мөнгөөр нь шагнуулсан хүмүүсээ,та нар энэ ёс суртахуунгүй үйлдлүүдээ зогсоогооч ээ. Хамгийн түрүүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ, энэ хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа хурааж аваач ээ. Улс орноо бодооч ээ. Миний өвөө Хөдөлмөрийн баатар Ц.Самбуу гэдэг хүн дэд бүтэц хөгжөөгүй хүнд нөхцөл, цаг үед 44 жил Зис-105, Зил-130 гэдэг хоёр машинаар, хоёр чиргүүлтэйгээр тус бүр нэг, нэг сая км явж, ард түмэндээ хоол хүнс, бараа материал хөдөө орон нутагт хүргэж байсан. Ингэж байж миний өвөө Хөдөлмөрийн баатар авч байсан юм. Гэтэл одоо ард түмний мөнгөн дээр, төрийн өндөр хангамж эдлээд, цүнхчин хийгээд, хулгай луйврынх нь эрэг шураг болоод Хөдөлмөрийн баатар, гавьяат авдаг болсон. Ийм ичгүүргүй юм гэж байж болох уу. Тэгээд нөгөөдүүл нь ичихгүй Монгол дээл өмсөж түүнийгээ зүүгээд ах дүү хамаатан садан нь тойрчихсон тосч аваад ч байх шиг...
Ийм муухай завхрал, тэнэглэлээ одоо зогсоох хэрэгтэй. Социализмын үеийн хүнийг урамшуулдаг байсан тэр шагналуудыг одоо наймаа, хулгай, хуйвалдааны, долоолтын, цүнх баригчийн шагнал болгосон нь сүүлийн Ерөнхийлөгч нарын завхрал. Энэ завхралыг засах боломж байгаа юу? байгаа. Энэ хулгайч нарт өгсөн хөдөлмөрийн баатар, гавьяатаа одоо хураагаач ээ. Монгол уУсын хуулиар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэм буруутан биш гэж байна л даа. Үнэн. Гэхдээ Монгол улсын шүүх өөрөө олон улсын авлигалын индексээр хамгийн авлигалжсан улсын хамгийн хараат бус байдлаа алдсан, хамгийн авлигалжсан шүүх гэдгээр дэлхийн 140 орноос 119-р байранд байгаа шүү. Тэгэхээр ийм шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох нь чухал уу, үгүй юу гэдгийг бодоцгооё. Тийм үү? Бид хямралын туйлдаа хүрчихсэн. Эрх зүйт төрөө хүндлээд, төрт ёсоо хүндлээд, төрдөө итгэе гэхээр төрийнх нь дээр шийдвэр гаргагч шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд хулгайч. Төрийн тэргүүнээсээ авхуулаад бүгд хулгайчийн дансанд бүртгэгдчихсэн. Дандаа хулгайч нартай нэг хөнжилд орчихсон. Тэврэлдчихсэн. Ийм эмгэнэлтэй нөхцөл байдалд хүрчихсэн. Энэ ард түмэн чинь ийм эмгэнэлтэй нөхцөл байдалд гарцгүй болно шүү дээ. Гарцгүй болохоор яах юм, үймээн самуун л болно шүү дээ. Үймээн самуунд хэн хождог юм. Бүгд л хохирно шүү дээ. Хамгийн том хохирох хүмүүс нь энэ хохироосон эрх мэдэлтнүүд. Эд нарыг гэр оронтой нь хамт шатаана, ойр хавийнх нь ах дүү, ээж аав, үр хүүхдийг нь аягүй бол ална шүү дээ, энэ бухимдсан, уурласан ард түмэн чинь. Та нар зөндөө олон авлигажсан улсуудын жишээн дээр харж байгаа биз дээ. Украйнд их хурлынхаа гишүүдийг барьж авч дамжлаад хогийн саванд хийгээд таглаж байсан шүү дээ. Тэр ард түмэн нь ядуу, дарангуйлагч Кадафиг яаж байлаа. Алтан гар бууг нь бөгсөнд нь чихээд, зодсоор байгаад алсан. Маш олон ийм эмгэнэлтэй жишээ байгаа шүү дээ. Бид нар муу ч, сайн ч ардчиллын зах зухаас мэдэрчихсэн ард түмэн.
Монголд Хойд Солонгосын Ким Ун шиг нөхөр гарч ирээд, бид дарамтлуулаад, алга ташаад уйлаад суухгүй, тодорхой хэмжээний омогтой, ааштай, хэрсүү тийм л нийгэм. Нэг том дутагдал нь бид нар гэнэн итгэмтгий, хууртамтгай, хошгоромтгой байна. Энэ бүхэн бидний алдаа болоод үүний үр дүнд худалч, хуурмаг хүмүүст бодохгүйгээр итгээд, шуураад байна. Тэгэхээр аль нь зөв бол, аль нь худлаа ярьж байгаа бол гэдгийг ялгадаг баймаар байна. Амьдрал дээр хамгийн том шүүгч нь цаг хугацаа өөрөө байдаг. Тухайн хүн юу хийж бүтээсэн юм? Ярьсан хэлсэндээ байсан юмуу, нийтийн хөрөнгөнд гар дүрж байсан уу гэдгээр нь хүнийг шүүж тунгааж байж ханддаг баймаар байна. Түүнээс бус өнөөдрийн халамж өгсөн, хоосон амласанд нь биш. Бид үүнийг бишгүйдээ л амслаа. Хамгийн том хохирогч нь бид нар өөрсдөө л болж байна. Өнөөдөр тэр УИХ-ын гишүүд, сайд нар, нүүрсний хулгайчид, “Женко” Х.Баттулга нар хэн нэг хүний аав ээжийг буудаагүй л байх л даа. Тэгэхдээ энэ өлсөж үхэж байгаа, ядуурч үхэж байгаа, гутарч архинд орж үхэж байгаа, ядуугаас болж хоорондоо хэрүүл уруул болж гэр орон нь бутраад, үр хүүхэд нь архи, тамхи, хар тамхинд ороод үхэж байгаа энэ ядууралтай холбоотой зүйлийг бол хийж байгаа этгээдүүд нь энэ л хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол хүн алсан дайны гэмт хэрэгтнүүд байхгүй юу даа. Хүн амины гэмт хэрэгтнүүд. Улс орныг хорлон сүйтгэх гэдэг бол нэгдүгээрх гэмт хэрэг, эдгээр улсуудын. Эдгээр хүмүүст хуулийн хамгийн дээд санкцийг өгөх ёстой.
Манай нийгэмд “Женко” Х.Баттулгыг шүтсэн төөрөгдөл маш их байна. Бид ийм юманд хууртаж болохгүй. “Женко” нь ч хулгайч, Ц.Элбэгдорж нь ч хулгайч, МАНАН ч маш том хулгайч. Бүгд хулгайч.
Бид нар уг нь энэ том, том хулгайч нарыг төрт ёсныхоо дагуу эрх мэдэлд байгаа улсуудаар нь даруулж, хохирлоо барагдуулж авбал зөв, оновчтой, ашигтай. Түүнээс бид өөрсдөө мод, хутга барьж эд нарыг шийтгэх бол хэцүү шүү дээ. Гэхдээ төр шийдэхгүй бол энэ арга зам руугаа л орно.
Эрх баригчдын дотор энэ нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүс их байх шиг байна. Тэгэхээр МАН өөрөө энэ асуудлыг эцэслэн, бүрэн шийдэж чадах болов уу?
Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа улсуудаа гэдэг ч юмуу, Засгийн Газраа унагах эрх нь тэр олонхид, парламентад байгаа шүү дээ. Кноп болгоны эзэн чинь янз бүрийн гэмт хэрэгт холбогдчихсон. Мэдээж түүгээрээ барьцаалж, шантаачилж л байгаа. Намайг ингэвэл Засгийг чинь огцруулахын төлөө ингэнэ шүү, тэгнэ шүү гээд л... Ийм нөхцөл байдлыг иргэд соргогоор анзаарах хэрэгтэй. Дарагдаж байгаа кноп болгоныг, хэлэлцэж байгаа хууль, асуудал болгоныг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ хулгай, дээрмийн асуудлыг хамгийн нэгдүгээрт шийдэх хэрэгтэй. Мөн хохирлыг нь барагдуулж авмаар байна. Энэ хохирлыг барагдуулаад авбал ард иргэд чинь тодорхой хэмжээний ажилтай болж, өр ширнээсээ гараад авах нөхцөл үүснэ. Хулгайд алдсан мөнгөөрөө ард иргэдийнхээ өр төлбөрийг дарах хэрэгтэй. Аль ч улсын нийгэм ижилхэн байдаг юм. Ажлын чадвартай, хурдтай, тэсвэр хатуужилтай хүмүүс байгаа. Чаддагүй хүмүүс ч байгаа. Нийгэмд бүгдээрээ хичээгээд хувийн бизнес хийгээд амьдралаа өөд нь татаад явах чадвар хүн бүрт байхгүй. Ийм тохиолдолд төрийн зохицуулалт өөрөө цаанаасаа бий болж, тахир дутуу, чадвар муу хэсэгт боломж олгох зохицуулагчийн л үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ байр сууринаас дээрэм хулгайд алдсан мөнгөөрөө ядарсан, зүдэрсэн, зовсон, шантарсан, өвчин эмгэгт нэрвэгдсэн, өр ширэнд баригдаад баларсан, ядуу иргэдийнхээ өр төлбөрийг хамгийн түрүүнд дарах хэрэгтэй. Тэглээ гээд тэр хүмүүс нэг их оцойж овойтлоо баяжаад, найр хийх гээд байгаа хүмүүс биш л байгаа. Хамгийн ядарсан хэсэг нь хүн амын маань бараг 70 хувь болчихоод байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна. Цаашаа хулгай гаргахгүйгээр олон нийтийн хяналттай, нээлттэй компаниуд бий болгох хэрэгтэй. Тэгээд яаралтай УИХ-ынхаа ээлжит бус сонгуулийг хийх хэрэгтэй. Тэгж байж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хулгай хийж үзээгүй, хулгай хийж сураагүй тийм төлөөллүүдээ УИХ-д гаргана. Бизнес хийдэг хүмүүс УИХ-д орж ирээд бужигнуулчихлаа гэж зарим нь ярьж байна. Тэдгээр хүмүүс чинь дотроо янз, янз. Ёс зүйтэй бизнесмэн гэж байгаа. Хулгайч бизнесмэн гэж байгаа. Аль ч салбар сайнтай, муутай байна. Улстөрч дотор ч ёс зүйтэй улстөрч байгаа шүү дээ. Хуучин зөндөө л ёс зүйтэй мундаг улстөрчид байсан л байна шүү дээ. Гэхдээ ёс зүйгүй улстөрчид нь давамгай байна л даа. Аль болох нийгмийн шүүлтүүрээр орсон, тэгээд энэ 30 жилд хэзээ ч сонгогдож байгаагүй зөв хүмүүсээ гаргаж ирж, сонгож УИХ-ын ээлжит бус сонгуулийг хийх хэрэгтэй. Өнөөдөр МАН-аас юм хүлээх хэцүү болсон. Их, бага бүгд гараа юманд дүрчихсэн. Бохирдчихсон.
Яахав өнөөдөр энэ Засгийн Газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг дуугарч байгаа шигээ үйлдэл хийчих болов уу гэж харахаас өөр зам алга. Тийм үү? Сайн муу, алдаа оноотой ч гэсэн Эрдэнэтийн 49 хувийг төрд авлаа. Төрд авлаа гээд чонын амнаас гараад барын аманд орсон уу гэдэг бас асуудал явж байгаа. “Сахал” иддэг байсан бол одоо хэн идэж байна, тийм үү. Х.Бадамсүрэн, Б.Цэнгэлээр гараа хийгээд дээр хэн идээд байна гэдэг сонин асуулт гарч ирнэ. Тиймээс бүх зүйлийг төрд байлгах гэхээсээ илүүтэй мөнгө олдог хэдэн том компаниа олон нийтийн хувьцаат компани болгох хэрэгтэй. Гэхдээ өмч хувьчлал шиг ганц нэг сэргэлэн компаниуд нь ар, өврийн хаалгаар хувьчлаад авчихдаг тийм нээлттэй компани биш. Бүх ард түмний, иргэдийн иргэний үнэмлэхээр оролцдог тийм олон нийтийн компани болох хэрэгтэй. Тэгж байж хяналттай, үр ашигтай явуулна. Сайн жишгүүд Скандиновын орнуудад зөндөө л явж байна. Норвеги, Швед, Финланд, Канад, Австрали гэх мэт. Эдгээр улсуудаас үлгэр дууриалал авах асуудал нээлттэй байгаа. Боломж бүрэн дүүрэн байгаа. Манай улс төрчид зөндөө л судалдаг. Судалж ирээд л хулгай хийдэг. Хулгай яагаад гараад байна гэхээр эзэн нь өөрөө юмаа хянахгүй, нягтлахгүй, мөрдөхгүй, шалгахгүй болохоор хулгайч төрж гарч ирдэг. Энэ бол жижиг гэр бүлийн асуудал дээр ч бий болдог зүйл.
Хяналтгүй, шалгалтгүй, эрх дураар нь байлгавал хүн тэгээл завхардаг. Түүнтэй адилхан улс оронд хулгайч тэгж л гарч ирдэг. Бид хяналтгүй, хүлцэнгүй, зоргоор нь хаясан. Тэгээд бид ийм завхарсан, цайсан, мэлздэг, гүтгэдэг, худлаа ярьдаг, хулгайч нарыг гаргаад ирсэн. Тэгээд түүнийхээ горыг л амсаж байгаа. Бид нар дөнгөж саяхан л тэр хулгайчдаа шүтэж байсан шүү дээ. Санаж байгаа биз дээ. Бид нар ийм төөрөмтгий байхгүй юу. Саяхан л бид нар хэдэн мянган лайк өгөөд л, агуу цоохор дээлт гээд л, агуу булчинт гээл саймширхаад л байсан биз дээ. Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, УИХ-ын даргаа, УИХ-ын гишүүдээ, сайд нараа энд тэнд явахаар нь биенд нь гар хүрэх гээл шаагилдаад л , дагаж гүйлдээд л... Бид нар чинь ингэж л мунхардаг, гэнэн ард түмэн байхгүй юу. Цайлган ч юмуу, мэдэхгүй. Хувь хүний ч бай, төрийн ч бай ямар ч асуудалд дандаа ингэж гэнэн хандаад дараа нь толгойгоо шаадаг. Тэгэхээр бид үүн дээр ухаантай хандах хэрэгтэй. Нэгнээ доромжлохдоо биш. Эрх мэдэлгүйчүүд аль болох нэг тал болох хэрэгтэй. Эрх мэдэлтнүүдийн эсрэг. Эрх мэдэлгүйчүүд маань хэн нэгнийг өмөөрч, хэн нэгний талд орж болохгүй. Эрх мэдэлтнүүд дунд эрх мэдэлгүйчүүдийн талын сайн хүн гэж байхгүй. Өнөөдөр зүгээр л Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг ашиглахын төлөө л байх хэрэгтэй. Түүнээс эд нар бурхад гэж бодож болохгүй. Эд нарыг ашиглаж тэр том хулгайч нарыг нь эрх зүйт төрийн хуулиар нь цээрлүүлж, хохирлоо барагдуулахын төлөө явах хэрэгтэй. Хэрэв эд нар хийхгүй бол мод, чулуу гээд чадах зэвсэгээ бариад босохоос өөр арга байхгүй.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар бол Монголын тэргүүн баячууд. Яагаад эх орноо тонон дээрэмдээд байна вэ?
Хүн болгоны зан характер, үзэл бодол өөр. Зарим хүн өөрийн хийж, бүтээсэн жижигхэн үйлдвэртээ сэтгэл ханамжтай амьдардаг. Зарим хүмүүс нь ханаж цаддаггүй. Бүгдийг нь, бүгдийг нь гээд өдөр, шөнөгүй элийрээд, солироод, улам их шунаад байдаг. Харамсалтай нь төрд байдаг, бизнестэй холбоотой улсууд, тодруулбал "Сахал” Д.Эрдэнэбилэг байна уу, манай энэ Ц.Элбэгдорж нь байна уу, Х.Баттулга нь байна уу, ханаж, цаддаггүй тачаалтай гаж хүмүүс. Ийм гаж хүмүүсээс бид салах ёстой. Энэ хүмүүс уг нь идэж уугаад, ханаж цадаад болиод явчих болов уу гээд оройн дээд Очир сахиус болтол нь бид тахисан шүү дээ. Тэгтэл энэ хүмүүс маань тэгэхгүй дахиад л дайраад л байна, дахиад л зүтгээд байна. Энэ хүмүүсийг бид өөгшүүлэх биш эрх зүйт төрийн ёсоор хариуцлагыг нь тооцож чаддаг болох ёстой. Ингэж чадах юм бол дараа дараагийнх нь хүмүүс хязгааргүй тачаал, гажиглалаа зогсооно.
Хүн өөрөө төгс биш учраас хөндлөнгийн нөлөөлөл заавал хэрэгтэй байдаг. Ингэж байж зөв замаар явдаг. Тиймээс сонгосон, итгэсэн хүмүүсээ байнга хянадаг байх хэрэгтэй. Түүнээс биш баян болохоороо дахиад идэхгүй байхаа, угаасаа баян юм чинь гэж бодох хэрэггүй. Хязгааргүй шуналтай хүмүүс байна. Ард түмэн нь Д.Сүхбаатарын талбайд байхад хэд, хэдэн нисдэг тэрэг худалдаж аваад энд тэндгүй өөрийнхөө солиорлоор тав дахин нугарсан үнээр, алтаар төмөр зам бариад явж байна шүү дээ, “Голомт”-ын Д.Баясгалан. Яагаад гэвэл Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хамгийн дотны найз байсан.
Өнөөдөр У.Хүрэлсүхийн хамгийн дотны найз гэж хүн болгон ярьж байна. Гэрт нь байж байдаг гэж.
Тийм болохоор энэ хүн миний наад захын дээрмийн хэрэг дээр шийтгүүлээгүй шүү дээ. Би банкны хуулгатай бодит баримттайгаар 4 сая долларыг яаж Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав энэ хоёр дээрэмдээд, намайг шоронд хийж байгаад, Монголын бүх шоронгоор явуулж байгаад, тэгээд энэ Д.Баясгалан гэдэг хүний дансаар нь миний бүх мөнгө ороод туслах, жолооч нарынхаа нэр дээр аваад нотлох баримттай боогдсон хэрэг харамсалтай нь гацсан. Сарын өмнө Х.Нямбаатар сайд дотоодын хөрөнгө оруулагч нарыг дээрэмдсэн хэргийг сэргээнэ гэж байсан. Одоогийн байдлаар сэргээгүй байгаа. Мэдээж Х.Нямбаатар мөрдөн байцаагч, прокурор биш. Хэлж байгаа нь сайн байна. Гэхдээ шүүгч, мөрдөн байцаагч, прокурорууд маань өнөөдөр тодорхой улс төрийн өндөр албан тушаалтнуудын нөлөөнд байгаагийн хамгийн том баталгаа энэ.
Тэрбумаар нь хулгайлдаг байсан бол одоо их наядаар нь хулгайлдаг боллоо. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ?
Дэлхийн бусад улсуудтай харицуулахад манай эдийн засаг, ДНБ жижигхэн. 13 тэрбум доллар буюу 40 гаруй их наяд төгрөг шүү дээ. Тэгэхэд бид өөрсдөөсөө 100, 1000 дахин том ДНБ, эдийн засагтай бусад улсуудтай харьцуулахад, тэр улсад 50, 60 мянган долларын асуудалд ороход л нийгэм нь шаагилдаад, тэр хүн балраад, хариуцлага тооцуулаад, ажлаа өгөөд, хохирлоо барагдуулаад дээрээс нь торгуулдаг. Албаны машинаар хотын захын байшин руугаа явснаас болж Францын сайд нийгмийн шүүмжлэлд орж огцроод, улс төрийн ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөж байх жишээний. Нэг сая долларын хэрэгт холбогдоод Солонгосын Ерөнхийлөгч амиа хорлож байх жишээний. Хоёр, гурван сая долларын хэрэгт орооцолдсон Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгч: Уучлаарай” гээд 25 жилийн хорих ял аваад явж байх жишээний. Манайх бол тэдний хажууд олон зуу дахин бага эдийн засагтай улс. Гэтэл бидний авлига, хулгайн мөнгө нь тэдний мөнгөний хажууд бүр хэдэн тэгээр том. Бүр хэдэн тэгээр том. Бод доо, 40 их наяд төгрөг гэдэг чинь 13 тэрбум доллар. 13 тэрбум долларыг идсэн түүх дэлхийд байхгүй. Дэлхийн хамгийн баян улсуудад 13 тэрбум доллар төр засгийнх нь эрх мэдэлтнүүд нь бизнесийнхээ хулгайч нартайгаа хамжаад идчихсэн түүх байхгүй.
Тэгэхэд ард түмний төлөөлөл гэж байгаа хөгийн Сайнхүүгийн Ганбаатар энэ үйлдлийг өмөөрөөд зогсож байх жишээний. Ард иргэдээ ингэж муухай ганцаардуулж, тэнэгтүүлж явсаны гайнд нь өнөөдөр эднийг ингэж даамжиртал нь, саяас нь хэдэн зуун сая, тэрбумаас нь хэдэн арван тэрбум, одоо ингээд хэдэн их наядаар нь иддэг болтол нь өөгшүүлсэн байна. Яагаад гэвэл бидний инфлүнсэр гэж итгээд байдаг, бидэнд үнэн юм хэлээд байж магадгүй гэж боддог нөгөө олны танилууд чинь ард иргэдээ дандаа мунхруулдаг, өөрсдөө худалдагддаг.
С.Ганбаатар ил тод “Женко”-д худалдагдсан, “Женко”-гийн кармааны хүн болсон. Нэг хэсэг миний сайн найз байсан шүү дээ. Одоо “Женко”-гийн бүр баруун гарын цүнхчин. Цүнх ч юу байхав, бүр гутлын үдээс нь болсон.
Тэгээд ийм завхарсан, өөдгүй юм яриад явж байдаг. Ер нь бол Сү.Батболд хулгайч, “Женко” хулгайч гэдэг ч юм уу хэн нь бага хулгайч, хэн нь их хулгайч вэ гэсэн уралдаан явагдаагүй шүү дээ. “Хотгор шанага”-ын Ч.Хүрэлбаатар том хулгайч уу, “Женко” том хулгайч уу гэдэг уралдаан явагдаагүй шүү дээ. Энд хулгайчийн тухай л яригдаж байгаа байхгүй юу. Хариуцлагын тухай л ярьж байна. Тийм биз? Тэгэхээр “Женко” гэдэг хамгийн их цөлмөж идэж байгаа, нүдэн дээр ил энэ хулгайч. Ийм ил хэргүүдээсээ эхэлж шийдэх ёстой байтал ард иргэдийг төөрөгдүүлэх гэсэн тэр том хулгайч, энэ жижиг хулгайч гэж бусармаг юм хийснээс болоод ард иргэд чоныг хонь гэж хараад, андуураад хохироод дуусч байна.
Олны танил жүжигчин байна уу, хошин шогийнхон байна уу, дуучид нь байна уу, алдартангууд нь байна уу, хэлэмгий доломгойнууд нь байна уу? битгий ингэж ард иргэдээ төөрөгдүүлээ. Одоо нэг сүрхий залуу “Женко”-гийн талаас л яриад байна лээ. Энэ муухай. Би үндсэндээ 35-н жил бизнес хийж байна. 1987 онд Дэнжийн мянга дээр жинс зарах гээд л зогсож байсан хүүхэд. Би Монгол Улсын бүх цаг үеийн бизнесээр явсан. Би төрийн өмчийн хувьчлал, концесс, тендер, төсвийн хөрөнгө, ЖДҮ, Хөгжлийн банк, бонд, төмөр зам, Таван толгой алинд нь ч оролцож үзээгүй. Би алинд нь ч оролцож үзээгүй. Тийм болохоор би маш бардам хэлж байгаа юм. Надад итгэ, иргэд ээ. Би та нарт худлаа зүг чиг зааж өгөхгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт, би эрх мэдэлд очихгүй. Иргэд яагаад төрд гомдсон вэ? гэвэл өөрсдийнх нь итгэсэн хүн эрх мэдэлд очоод хулгай хийгээд баяжаад явчихдаг. Би эрх мэдэлд очихгүй. Ямар ч дарга, сайдын суудалд очихгүй. Надад олон янзын саналууд тавьж байсан. Төрийн компани, үйлдвэр дээр менежментийг нь хийгээч гээд.
Би төртэй холбоотой ажил хийхгүй. Би өөрийнхөө дуртай, чаддаг юмаа хийгээд олон зуун ажлын байраа хадгалаад, татвараа төлөөд явж байгаа. Энэ нь надад хангалттай. Гэхдээ би энэ иргэдийг сонсож, зөв чиглэл рүүгээ харж, зөв тал руугаа тэмцвэл илүү үр дүнд хүрнэ шүү, та нарын амьдралд эерэг өөрчлөлт гарна шүү л гэж явна. Энэ олны танил хүмүүс бас янз янз байх юм. Цаана нь эзэнтэй ч байна, үгүй ч байна. Улаан цагаан олны анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролддог нь ч байна. Энэ мэт буруу нөлөөллүүдээс болоод бид өнөөдрийг хүртэл төөрөөд л явж байна шүү. Сая төгрөгний хулгайгаа хэдэн их наяд болтол нь томруулчихаад, өөрсдийнхөө амьдралыг хэдэн арав дахин дордуулчаад, гутраад, балраад сууж байна даа.
Иргэд системийн өөрчлөлт хийе гэж их ярьж байна. Танд ямар шийдэл, гарц байна вэ? Таны бодол юу вэ?
Бид аливаа зүйлийг дэс дараатай хийж байж үр дүнд хүрнэ. Зөв үү? Нэгдүгээрт, жагсаж буй ард иргэддээ хандаж хэлэхэд Д.Сүхбаатарын талбайгаа орхиж болохгүй. Д.Сүхбаатарын талбай дээрээ тууштай байх хэрэгтэй. Талбай ойролцоогоор 50 орчим мянган хүнээр дүүрдэг. Д.Сүхбаатарын талбайгаа дүүргэхэд олон хүн ч хэрэггүй. Байгаа, байгаа сум, дүүрэгтээ тэмцлээ хийх хэрэгтэй. Шаардлагаа тавих хэрэгтэй. Тэгээд хамгийн түрүүнд хамгийн том хулгайчаасаа, Ерөнхийлөгч байсан хүнээсээ, 01 гэдэг албан тушаалтнаасаа эхлэх хэрэгтэй. Х.Баттулга гэдэг хүнд эхлээд хуулийн хамгийн чанга, хатуу шийтгэлийг нь өгөх хэрэгтэй. Энэ бидний нэгдүгээр ажил. Дараа нь МАН-ын, мөнгөний дүн нь арай доогуур байгаа бусад хулгайч нарт нь хариуцлага тооцох хэрэгтэй.
Түүний дараа бид энэ системийн өөрчлөлт буюу Үндсэн хуулинд өөрчлөлт хийх арга хэмжээгээ авах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр парламентаа түрүүлээд тараачихаар Ерөнхийлөгчийн засаглал руу явчих эрсдэл байгаа юм.
Нэг хүний засаглал бол манайд хамгийн том эрсдэл. Ний нуугүй хэлэхэд манай Ерөнхийлөгч нэг их мундаг ёс зүйтэй, эрдэм номтой, туршлагатай, сэхээтэн хүн биш шүү дээ.Бидний дундаас гарч ирсэн, бидэнтэйгээ адилхан бас л нэг сайхан цэргийн дарга нөхөр л байгаа.
Бидэнд ямар ч байсан парламентийн засаглал гэдэг хамгийн чухал зүйл. Парламентийн засаглалаа авч үлдэхийн тулд бид өөрсдөө шахаж, нүдээ цавчихгүй харж байгаад энэ хулгайч УИХ-ын гишүүдээр кнопыг нь даруулаад системийн, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийлгээд авах хэрэгтэй. Энэ өөрчлөлтөөр Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тогтолцоо зэрэг маш олон зүйлээ өөрчилж авах хэрэгтэй. Ингэж өөрсөндөө ашигтай хувилбар луу орно. Энэ бол бидний хоёр дохь ажил. Тэгээд УИХ-аа тараах хэрэгтэй. Энэ хулгайч нар сайн дураараа тарахгүй учир бас л тэмцлийн үр дүнд тараана. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан, Ерөнхийлөгчийн засаглал тогтохгүй болсны дараа. Улмаар бид оюун ухаандаа нэг зүйлийг баримтлах хэрэгтэй. Урьд өмнө сонгогдож байсан нэг ч хүнийг дахин сонгохгүй гэдэг хатуу чанга дүрэмтэй болох хэрэгтэй. Салбар, салбарын тэргүүний, мэргэжилтэн, сэхээтэн, ёс зүйтэй багш, эмч, судлаач, эрдэмтэн, бизнесийн, уул уурхайн, малчдын төлөөллийг хангасан бидний удирдлагыг гаргаж ирэх хэрэгтэй.
Мэдээж энэ дундаас гарч ирсэн Засгийн Газар харьцангуй өөр болно. Манайд ямар ч бизнес хийж үзээгүй улс төрийн албан тушаалтнууд, удирдах албан хаагчид, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хамгийн баян амьдардаг. Энэ жишгийг бид халах хэрэгтэй. Төрийн төсвийг хамгийн бага болгож олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод болгоод ирэхлээр хулгай хийх боломж бага болно. Нөгөө хамгийн өөдгүй, шуналтай, хулгайчид чинь төр лүү, улс төр лүү дайрдагаа болино. Яагаад гэвэл тэнд очоод эдлэх ямбагүй болчихно. Хулгай хийж олон өрөө хаустай болох боломжгүй болно. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь бодит зах зээл дээр гарч, бизнесээ хийж надтай өрсөлдөж амьдрах болно.
Ярилцсан Ч.Явуухүү
Sonin.mn