"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМАГТ 409.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨВЛӨРҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

оруулсан Алсын Хараа
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд байгуулагдсан Хамтын ажиллагааны хорооны хурлыг 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.
Хамтын ажиллагааны хорооны хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төлөөллүүд оролцож, Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, компанийн 2025 оны орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын тайлан, гэрээг шинэчлэн байгуулах төслийн санал, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд хамтран ажиллах, 2026 онд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласнаас Цогтцэций суманд 43.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн бөгөөд 2026 оноос агаарын бохирдлын төлбөр 100 хувь аймгийн төсөвт орохоор хууль өөрчлөгдсөнийг хурлын үеэр онцоллоо.
Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хөгжлийн санд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлсэн бөгөөд хурлаас Хамтын ажиллагааны хорооны гишүүдийн олонхын саналаар хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг 100 хувь дүгнэж, ирэх жилд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг батлав.
Энэ удаагийн Хамтын ажиллагааны хорооны хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Э.Батбаяр, салбарын захирал С.Гансүх, Ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа, Захиргаа, Удирдлагын газрын дарга Б.Гансүх, ХМОНХХ-ийн дарга Х.Болортуяа, ХМОНХА-ны дарга С.Мөнхбаяр, аймаг сумаас Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин, Цагаан-Овоо хөдөлгөөний тэргүүн У.Цэрэнхорол нар оролцлоо.

Сэтгэгдэл бичих