Хэнтий аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 70,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Хэнтий аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 28 сургуульд 17,158 сурагч, 36 цэцэрлэгт 6,308 хүүхэд сурч хүмүүжиж байна.
Сүүлийн гурван жилд гурван сургууль, долоон цэцэрлэг, гурван дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулсан бол одоо дөрвөн сургууль, хоёр цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн 11 сургууль, дөрвөн цэцэрлэг, дөрвөн дотуур байранд их засвар хийж 4,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан байна.
Монгол Улсын ууган сургуулийн нэг болох “Алтан гадас одонт” Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль түүхт 100 жилийн ойгоор шинэ байранд орлоо. Тодруулбал Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын ажлыг 2021 онд эхлүүлж 2022 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулсан юм. Шинэ барилга нь 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудал, спортын хоёр заал, нэг урлаг заалтай бөгөөд орон нутагт дах сургуулийн хамгийн том барилга гэдгээрээ онцлогтой.
Мөн тус аймаг сургалтын чанар, стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх зүүн бүсийн аймгуудын төв сургууль байгуулах зорилтын хүрээнд “Бэрх” олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийг Бэрх хотод барьж ашиглалтад оруулав.
Тус сургууль нь 2022 оны намраас сургалтаа эхлүүлсэн бөгөөд 18 багш, 26 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар хотын 257 сурагч суралцаж байгаа бол дотуур байранд 192 хүүхэд байрлаж байгаа юм.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зарим сургуулийн хэв шинжийг судалгаанд үндэслэн өөрчлөх тухай тусгасан. Уг зорилтын хүрээнд Хэрлэн суманд Ерөнхий боловсролын сургуулийн тоог нэгээр нэмэгдүүлж, V сургуулийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Тус сургууль нь 2023 оны намраас сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 518 сурагч, 50 багш, ажилтантай юм. Мөн Бор-Өндөр цогцолбор сургуулийг Бор-Өндөр бага сургууль болгон салгасан бөгөөд энэ оны хичээлийн жилд 1089 сурагч, 34 багш, 18 ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа тухай аймгийн БШУГ-аас мэдээлэв.