Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн хамтран судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
Тодруулбал, ШУТС-ийн санхүүжилтээр “Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятад, Монголын бүс нутгийн жишээн дээр” гадаадтай хамтарсан төсөл, Даян дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN) байгууллагын санхүүжилтээр “Монгол ба Хятадын нийгэм эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ ба бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь” судалгааны төсөл юм.
Хамтарсан экспедиц энэ оны наймдугаар сарын 12-23-ны өдрүүдэд Монгол, Хятадын ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын баг хамтран Дундговь, Баянхонгор, Ховд аймаг, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын баруун босоо коридор болох Цагаан нуур чөлөөт бүс-Өлгий хот-Ховд хот-Булган боомтын дагуу хээрийн судалгааг зохион байгууллаа.
Экспедиц нь орон нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тэр дундаа мал аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэд, төрийн байгууллагыг хамруулсан хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, мэдээлэл солилцох, судалгааны явц, үр дүнг мэргэжлийн байгууллага, оролцогч талуудад танилцуулж санал авах, орон нутгийн байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьжээ.
Экспедицийн хүрээнд Баянхонгор, Ховд аймгийн ЗДТГ, БОГ, ХХААГ-тай хамтран “Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгааны үр дүнг танилцуулан, орон нутгийн мэргэжилтнүүдээс санал зөвлөмж авч, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Мөн МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, түүний харьяа Күнзийн институт, Баруун бүсийн экологийн судалгааны суурин, Дундговь аймгийн “Жаргалант Сор ХХК” тахианы фермер, Ховд аймгийн “Altain meat” махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Орон нутгийн тариаланч, малчдын бүлэгтэй уулзаж, аж амьдрал, түүнд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдлын нөлөө, ган зудын талаар ярилцжээ.
Түүнчлэн, Тайширын усан цахилгаан станц, Хөшөөтийн уурхай, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс, Ховд аймгийн Булган олон улсын хилийн боомтын үйл ажиллагаатай танилцав. Хамтарсан экспедицийг Монгол талаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана, Хятад талаас тус улсын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, профессор Донг Соучин нар ахалжээ.