"Авлига" хороололд аарах байх"

оруулсан Алсын Хараа

Үерийн эрсдэлтэй бүсэд барилга угсралт гүйцэтгэж байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлт гарсантай холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй ноцтой хохирол учруулсан тохиолдол шуурхай ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байгаа. Үер болоод асуудал хүндэрсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хүлээх боломжгүй учир хуулийн зохицуулалтын дагуу шийдэж байна. Сэлбэ, Дунд голын бүсэд газар олгосон, бусад асуудлыг шийдвэрлэсэн албан тушаалтнуудын судалгааг гаргасан. Асуудлыг шийдвэрлэхээр хуулийн байгууллагад том ажлын хэсэг байгуулагдсан.

Шунхлай групп компанийн ШТС онцгой объект учир бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Бусад компанийн удирдлагуудтай уулзахад тодорхой шийдэлд хүрээгүй. Гэхдээ Засаг даргын захирамжийг биелүүлнэ. Өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэр хүлээх далимаар замхруулж байсан. Цаашдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан тохиолдол хуулийн заалтуудыг шуурхай хангаж ажиллана.

Төрийн хөрөнгө бол иргэдийнх. Тиймээс иргэдийн татварын хөрөнгөөр шийдвэрлэх ёстой ажлыг нь гүйцэтгэнэ. Олон хүн үүнийг яах вэ гэж барьцаж байгаа. Үер даланг хаасан гээд бүх барилгыг буулгана гэж байхгүй. Энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудад ёс зүйн биш эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж байгаа. Бүгд хуулийн байгууллагад өөрийн гэсэн тайлбараа өгөх ёстой. Хууль зөрчиж байшин барьсан олон асуудал байгаа нь үнэн. Энэ бүхнийг эргэн харж асуудлыг шийдвэрлэнэ" хэмээн ярив.

Нураах ажлыг мэргэжлийн байгууллагад хандаад шийднэ. Миний хувьд ч гэсэн Монголд ийм өндөр барилга нурааж байсан тохиолдлыг хараагүй. Мэргэжлийн байгууллагуудаас нь шаардлагатай зөвлөмж, тусламжийг авна. Шүүхийн шийдвэр гэж ярьж байгаа. 2022 оны шүүхийн шийдвэр байгаа. Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ  мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой.

Ахлах байцаагчийн дүгнэлтээр гарцаагүй өмнө хэлсэн буулгах үндэслэлүүд байгаа. Захирамжид талбайн хэмжээг хүчингүй болгох тухай, Хүчингүй болгосон талбайг чөлөөлөх тухай хоёр захирамжийг хүлээлгэн өгч байна. Маргааш захиалагчдыг хүлээн авч уулзахаар болж байна. Нураахдаа мэргэжлийн байгууллагатай ажиллахгүй бол хүндрэлтэй. Энэ газар дээр маш олон асуудал байгаа. Жирийн иргэн хууль зөрчөөд далан руу оруулаад байшин барьж чадахгүй. Энд ямар нэгэн холбоо сүлбээ байгаа. Тэгээд энэ асуудал ингэж шийдэгдсэн. Зүгээр жирийн нэг бизнес хийж яваа залууд хууль зөрчигдөж, газар олгогдохгүй” гэв.

"500 ГАРУЙ АЙЛ ӨРХИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭХ ВЭ ГЭДЭГТ САНАА ЗОВЖ БАЙНА" 

“Акуа гарден” хотхон буюу “Эм Эм Жи” компанийн ажилтан:

-Манай байгууллагын хувьд маш удаан хэвлэлээр яригдсан захирамжийг гардаж авч байна. Энд дурдсан хуулийн заалтыг судалсан. Манай төсөл улс, нийслэл, яамнаас 30 гаруй хуулийн дагуу зөвшөөрөлтэй.  Усны хамгаалалтын бүс зөрчсөн гэдэг асуудал бий. Энэ хуулийн заалтаар манай газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхээр орж, “хууль зөрчөөгүй” гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр бий. Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсийг Байгаль орчны сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тогтоолоор журмаар тогтооно гэж заасан. Журмаараа үерийн хамгаалалтын далан бүхий газар онцгой хамгаалалтын газа тогтоохгүй гэж заасан.

Хоёрдугаарт, нураах захирамж гарсан гурван байршлын хувьд “Шунхлай”, SOutlet бол нэг хүний өмчлөл. Манай төсөл 500 гаруй өрхийн захиалгатай, 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Захиалагчийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага ажиллаж байгаа.

Одоогоор энэхүү төсөлд 100 орчим тэрбумын хөрөнгө оруулалт орсон. Үүний 70 хувь нь банкны өр болон захиалагчдын мөнгө юм.

Захирамжийн тухайд хэлэхэд бид шүүхэд гомдол гаргах эрхтэй. Үерийн асуудал юунаас болсон бэ гэдгийг бүгд харж байгаа. Нийслэлийн удирдлагууд ч мөн хүлээн зөвшөөрч байна. Өчигдөр Ж.Сандагсүрэн орлогчтой уулзахад нийгмийн хариуцлагын хүрээнд Натурын гүүрнээс Нарны зам хүртэлх шороон даланг төмөр бетон далан болгодог юм уу, түр замын гүүрэн байгууламж хийдэг юм уу төр хувийн хэвшлийн хүрээнд хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн. Хамгийн гол нь 500 гаруй айл өрхийн хохирлыг хэрхэх вэ гэдэгт санаа зовж байна.

Сэтгэгдэл бичих