Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон тийш үсчсэн улс төр хийгээд байх шиг харагддаг. Сүүлийн долоо, найман жилийн турш олон ч улстөрчтэй барьцалдаж авахыг харлаа. Улс төрийн зодоон нүдээнд дуртай. Өөрөө түрүүлж цохино. Цохиулахаараа зуусаар байгаад хонзонгоо авдаг. Гол нь бүх салбар руу орж байна. Орсон, ухсан салбар бүрээс нь идээ бээр, элдвийн бугшсан зүйлүүд гарч ирдэг. Бүхэл бүтэн улсын бүх юм нь болохоо байчихсан гэхээр итгэхэд бэрх. Нэг бол энэ улсыг самраад, нөгөө бол цэгцлэх гээд үзээд байх шиг... Ер нь ойлгомжгүй улс төр хийдэг хүн юм. Харин өнгөрсөн долоо хоногт нийтэд нэлээд ойлгомжтой багш бэлтгэх төлбөрийг төр хариуцах шийдвэрийг “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн уулзалт дээр зарлалаа.
Тэр уулзалтад улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон. Тэр дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавьсан.
Түүндээ “Дэлхийн хэмжээний монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна. Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна. Үүний зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатай” гэв. Ингэж мэдэгдлээ.
Мөн “Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийнэ. Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан” гэв.
Уул нь Л.Оюун-Эрдэнийнх нь нэлээд ойлгомжтой байгаад байна. Түүний “Аль ч улс орны ирээдүйг өнөөдрийн хүүхэд, залуучууд тодорхойлно. Тэднийг эцэг эхээс гадна сайн багш бэлтгэнэ. Нийгмийн шилжилтийн хугацаанд багш нараа, боловсролын салбараа анхаарлын гадна орхисон. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээл хүний нөөцтэйгөө уялдахгүй байгаа зэрэг олон сөрөг үр дагавар гарсан. Өнөөдөр шилжилтийн энэхүү хугацааг цэглэж хөгжлийн реформыг Боловсролын багц хуулиар эхлүүлж байна. Багш нарыг цогцоор дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Босго оноог дээшлүүлнэ. Засгийн газар багш мэргэжлийг сонгож байгаа болон сонгосон багш нарын магистрын хөтөлбөрийг 2030 он хүртэл хариуцна. Орон сууц, олон улсын сургалт, цалин хангамжийн асуудлыг хөтөлбөрийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэнэ. Багш бүрийн компьютержүүлж зайнаас өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ бүхэн бол зөвхөн эхлэл. Сайн багшийн гар дээр улс орны маргаашийн нар мандна. Сайн инженер, сайн эмч, сайн шүүгчтэй болохын тулд эхлээд сайн багшийг бүрдүүлэх асуудалд улс үндэстнээрээ анхаарах цаг болсон” гэснээс ойлгогдоод байгаа юм.
Харин ээлжит хичээлийн шинэ жил, есдүгээр сарын 1-ний өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан энэ шийдвэр заримд нь таалагдахгүй байгаа бололтой. Гол нь сөрөөд байгаа хүмүүсийн дийлэнх нь нам өөртэй улстөрчид байх юм. Эндээс бодогдлоо. Ерөөсөө улстөржиж болохгүй сэдвийг улстөрчид маань ухаарах цаг болсон байна. Тэр нь энэ боловсрол, тэгээд эрүүл мэндийн бодлого, сэдэвт улс төр оруулмааргүй юм байна. Ийм ухамсар улс төрийн бүх намд суух ёстой юм байна.
Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 1-ний өмнө багш нарыг анхаарлын төвд оруулж ирээд, боловсролын бодлогоо танилцуулж байгаа нь энэ ажээ. Усны эх булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг багшийг сайн бэлтгэж байж боловсролын салбар “бондойно” гэж тэр үзэж байгаа бололтой. Энэ нь ч зөв гэдгийг салбарынхан нь хэлж байна. Салбараар ч тогтохгүй бүгдээрээ л тийм байна. Багш бэлтгэх төлбөрөөр эхлүүлж байгаа энэ хөтөлбөрт нь орон сууцнаас авахуулаад нийгмийн асуудлыг нь дээрдүүлэх олон арга хэмжээ багтсан юм байна. Харамсалтай нь багш нар ам нээж амжаагүй байхад улс төрийн намууд, улстөрчид угтаж аваад янз бүрээр дүгнээд эхлэв. Боловсрол, эрүүл мэнд гээд монгол хүмүүнийг бий болгодог суурь салбаруудад улс төрийн нүдээр биш монгол хүний ухаанаар хандмаар юм байна. Иймээс дээр хэлсэнчлэн боловсролын салбар “бондойход” улстөрчид өмхий үгээр утах нь утгагүй юм. Харин Л.Оюун-Эрдэнийн шүүх рүү дайрдгийг, газар цуцалж, бизнес рүү довтлоод байгаа зэргийг нь улс төржүүлэн нураах хэрэгтэй шүү дээ.
Б.Тулгат
"Өдрийн сонин"
2023.08.28 Даваа гараг