Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Монголыг эергээр харуулж чадлаа

оруулсан Алсын Хараа

Дэлхийн олон улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны зургаадугаар сарын 29, 30-нд хоёр өдрийн турш чуулсан нь өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдал байлаа. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсан нь олон улсын анхаарлын төвд орж чадсан, дэлхийн эмэгтэй дипломатчид нэгэн дор нэгдэн чуулсан түүхэн үйл явдал байлаа гэж хэлж болох юм.

Жил бүрийн 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулдаг. Харин манай улс энэхүү арга хэмжээг өөрийн улсдаа өндөр хэмжээнд, бие даасан томоохон уулзалт хэлбэрээр анх удаа зохион байгуулсан нь уригдан ирсэн олон зочдын төдийгүй дэлхийн улс орнуудын эмэгтэй улс төрч, дипломатуудын дуу хоолойгоо нэгтгэх хүсэл эрмэлзэлд түлхэц үзүүлсэн явдал байв.

Монгол бол НҮБ-д элссэн цагаасаа эхлэн хүйсийн тэгш харьцааг тэнцвэртэй хадгалах, эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох олон улсын санаачилгыг тууштай дэмжиж ирсэн улс билээ. Мөн түүнчлэн манай улсын хувьд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших, ялангуяа ардчиллыг маш сайн хөгжүүлж байгаа гэдгээрээ дэлхийд үнэлэгдэж байгаа юм. Хүний эрхийг дээдлэхийг эрхэм болгодог эрх чөлөөт улс гэдгийнхээ хувьд энэ арга хэмжээг эх орондоо зохион байгуулж чадсан нь нөгөө талаасаа олон улс дахь том сурталчилгааг хийгээд авлаа гэсэн үг. Энх тайван байдлыг сахиж, тэнцвэртэй бодлого баримтлан, гадаад харилцаагаа ихээхэн тэнцвэртэй авч явж байгаа нь манай улсад аливаа уулзалт, чуулган болох таатай нөхцөл бүрэн байгааг илэрхийлж буй нэг тал нь.

НҮБ-ын 193 орны 30 гаруй нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай байдаг. Тэдгээрээс Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок,  Франц Улсын Гадаад хэргийн сайд Катрин Колонна, Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Наледи Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине, Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Памела Хамилтон, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмит нар биечлэн оролцсон. Мөн нээлтийн ажиллагаанд Андорра Улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд, феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг Япон, БНСУ, Люксембург зэрэг улсын Гадаад хэргийн эрэгтэй сайд нар, НҮБ-ын эмэгтэй өндөр албан тушаалтнууд цахимаар оролцон, мэндчилгээ дэвшүүлж байв. Мөн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нь уншиж уламжилсан. Эдгээр хүмүүсийн хувьд Монголын талын санаачилгыг маш таатайгаар хүлээн авч, цаашид эмэгтэйчүүд, эмэгтэй дипломатууд энэ уулзалтыг тогтмол хийж байх нь зүйтэй юм байна гэдэгт санал нэгдэж байлаа.

Энэхүү уулзалт хурлаар,

Уур амьсгалын өөрчлөлт,

Хүнсний аюулгүй байдал,

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг гэсэн 3 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар арга хэмжээг нээн үг хэлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаарх Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан.

Ингээд дэлхийн эмэгтэйчүүд нэгдэн дэлхий дахины өмнө тулгарч буй олон асуудалд өөрсдийн нөөц бололцоог ямар арга замаар дайчлах, оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд хэрхэх вэ гэдгийг нээлттэй хэлэлцэж чууллаа. Чуулганы төлөөлөгчид феминист гадаад бодлогын сайн туршлагаасаа танилцуулж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ дэлхийн бүх улс орнууд бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий дахины энх тайван оршихуйд тулгарч байгаа асуудлууд, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал гэх мэт ижил төстэй олон бэрхшээлтэй нүүр тулж байгаа. Энэ бүхэнд эмэгтэй дипломатууд, эмэгтэйчүүд дуу хоолойгоо гаргаж байх, дээрх асуудлуудыг тэд харьцангуй эерэг шийдвэрлэх чадамжтай гэдгээ энэ өдрүүдэд ярилцаж, тус тусын туршлагыг хуваалцан, санал бодлоо солилцлоо. Мөн тэд аль нэгэн хүйсийн давамгай байдлыг чухалчлан онцгойлох биш, гагцхүү хүмүүс хүйсээс хамааралгүйгээр өөрсдийн оролцоог нийгэм улс төрийн аль ч өнцөгт хүргэж байх учиртайг илэрхийлж байв. Энэ нь аливаа хүн тэгш эрх, эрх чөлөө, боломж нөхцөлөөр хангагдах ёстой гэсэн үзэл санааг баримтлах зарчим буюу феминист бодлого.

Монгол Улс хүйсийн тэгш харьцааг хадгалах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын санаачилгыг тууштай дэмждэг бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Эмэгтэйчүүдийн байр суурийн асуудлаарх комиссын удирдах бүрэлдэхүүнд орж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг идэвхитэй оролцуулдаг. Энэ нь  гадаад бодлогодоо эмэгтэйчүүдийн оролцоог орхигдуулахгүй байгаа нэг хэлбэр гэж үзэж бас болох юм.

Мөн энх тайван байдлаас гадна уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, хэмээх нь ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийн хувьд хамгийн түрүүнд, хамгийн хүчтэй сөрөг нөлөөг үзүүлдэг гамшиг гэдэг. Яг үүнд эмэгтэйчүүд илүүтэй дуу хоолойгоо нэгтгэн, шийдвэр гаргах түвшинд хүрч ажилладаг байх нь маш чухал гэдгийг олон улсын эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, эмэгтэй дипломатууд хэлж байлаа.

Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал холын чимээ биш, дэргэд ирсэн аюул гэдгийг энэ үеэр мөн оролцогчид дурьдаж байв. Түүнчлэн олон улсад салбар бүр дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо өндөр болж байгаа хэдий ч хүссэн хэмжээнд, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд маш цөөн байдаг гэдэгтэй тэд санал нэгдсэн юм. Юутай ч дэлхийн олон улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар манай улсад чуулсан нь зөвхөн өнгөрсөн долоо хоногийн ч биш, энэ жилийн хувьд, цаашилбал улс орны гадаад бодлогын хувьд нэгэн түүхэн хуудсыг нээсэн томоохон онцлох үйл явдал болж чадлаа. Мөн Монголыг дэлхийд эерэгээр харуулах сурталчилгаа болсон гэж ажиглагчид хүлээн зөвшөөрч байна.

Сэтгэгдэл бичих