Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын үеэр “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Манай улсын хувьд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийг эрмэлзэж байгаа юм. Мөн олон улсын түвшинд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн тоог тогтмол нэмэгдүүлж ирсэн байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоо нь энх тайван байдлыг хангахад том үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Ерөөс эмэгтэйчүүдийн оролцоо сайтай байх аваас аливаа зөрчил мөргөлдөөн, хүүхэд эмэгтэйчүүдэд тулгардаг хүчирхийлэл гэх мэтийг даван туулахад асар их эерэг нөлөө үзүүлж байдаг байна. Тийм ч учраас манай улсын хувьд Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй энхийн сахиулагчдыг оролцуулахад нэлээд анхаарч ирсэн байдаг.
“Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт Монголын анхны эмэгтэй генерал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор оролцож илтгэл тавьсан юм. Түүнтэй товч ярилцлаа.
-Энэ хэлэлцүүлгийн үеэр дэлхий нийтийн энх тайван байдалд эмэгтэйчүүд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг, хүн төрөлхтөн аюулгүй аж төрөхөд эмэгтэй хүмүүс ямар их дэм үзүүлж байдаг талаар зочид сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Энэ арга хэмжээний талаарх сэтгэгдэл, байр суурийг тань эхлээд сонирхоё...
-Энх тайван аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүд хувь нэмрээ хэрхэн яаж оруулах юм бэ гэдэгт төвлөрч ярилцлаа. Энх тайвныг бэхжүүлэх үйлсэд мэгтэйчүүдийн үүрэг оролцоо өндөр болж байгаа боловч хүссэн хэмжээнд, ялангуяа шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо маш бага байгаа гэдэгт бүгд санал нийлж байна. Үүнийг яаж илүү ахиулах, дараагийн үеэ хэрхэн боловсруулж бэлдэх, дараа дараачийн үеүдэд энэ асуудлыг яаж ойлгуулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ хүргэхийн тулд шинэ залуусаа маш сайн бэлдэх нь зүйтэй юм байна гэдэг санаа ч гарч байна. Монголын эмэгтэй энхийг сахиулагчийн хувиар энэ арга хэмжээнд оролцож туршлага хуваалцлаа. Дэлхий нийтэд тулгарсан асуудлуудад эмэгтэйчүүд ямар үүрэг гүйцэтгэж оролцох вэ, бэрхшээлийг хэрхэн шийдэхэд бид юу хийх ёстой вэ гэдгийг эмэгтэй дипломатчид нэг дор цуглаад ярьж байгаа нь их чухал.
Дэлхийн олон улсуудын, чухал улс гүрнүүдийн Гадаад хэргийн сайд нарыг Монголдоо урьж ирүүлээд энэ томоохон сэдвүүдээр асуудал дэвшүүлж ярьж, туршлагаа хуваалцаж чадаж байгаа нь Монгол хүний хувиас хэлсэн ч бахархалтай л үйл явдал. Манай улсын энх тайванч, аюулгүй байдлыг эрхэмлэдэг байр суурь өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулах гол хөшүүрэг болсон гэж хэлж болно. Улс орон болгонд ийм арга хэмжээ зохион байгуулаад байх нөхцөл боломж тэр бүр олдохгүй шүү дээ.
-Энх тайвныг сахиулахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүй байж чадах эсэх нь бас сонирхолтой сэдэв болов уу?
-Хувь хүнийхээ үүднээс ярихад хүн төрөлхтөн нэг зүг рүү харж, энх тайван байдлыг сахиж аж төрөх, энэ үйлсэд хувь нэмрээ оруулахад хүйсийн ялгаатай байдал төдийлөн нөлөөлөхгүй ч байж болох юм шиг. Гэтэл яах аргагүй энх тайван аюулгүй байдлын асуудалд эрчүүд давамгайлах хандлага байдаг. Энэ хандлага, энэ байдлыг хэрхэн өөрчлөх, ингэснээр бид хувь нэмрээ илүү түлхүү оруулах боломжтой юм гэдэгт төвлөрч ярьж байгаа нь энэ чуулганы гол ач холбогдол, гол агуулга нь юм шүү дээ.
-Дэлхийн энх тайван байдлыг хангахад эмэгтэй энхийг сахиулагчдын үүрэг оролцоо тодорхой түвшинд нэмэгдэж байгаа. Ялангуяа манай улсын энхийг сахиулагчдын хувьд маш сайн оролцоотой байдагт түлхэц болж байдаг зүйл нь чухам юу юм бол?
-Манай эмэгтэй энхийг сахиулагчдын үүрэг оролцоо өндөр байгаа нь төр засгийн дэмжлэг төдий хэмжээнд өндөр байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч маань НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмж, НҮБ-аас гаргасан уриалгыг дэмжиж, цэрэг хандивлагч улсын хувьд энхийг сахиулах арга хэмжээнд тэргүүнд нь явах болно гэдгээ илэрхийлсэн. Энэ амлалтдаа ч хүрч байгаа. Өнгөрсөн жил манай улс эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын түвшний томоохон чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулсан. Ийм томоохон санаачилгыг бусад улс орнуудаас түрүүлж гаргаж чадсан. Энэ арга хэмжээг таван жил тутам зохион байгуулж байхаар НҮБ-д илгээлтээ өгсөн. Энэ мэтээр манай эмэгтэйчүүдэд төр засгийн зүгээс ч бодлогоор тодорхой хэмжээнд дэмжлэг байгаа нь бидний амжилтанд түлхэц болж байдаг юм.
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах болсон. Цаашид ч энэ хандлагыг нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байдаг. 2027 он гэхэд Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчийн тоог нийт энхийг сахиулагчдынхаа 15 хувьд хүргэхээр зорьж байна.