Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчныг нь сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон юм. Түүнчлэн Монгол Улсын хувьд үндэсний тодорхойлсон хувь нэмрээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гаргасан. Энэ хүрээнд жил бүр ДНБ-ий нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар зорин ажиллаж буй болохыг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай өнгөрсөн онд зохиогдсон “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы хүрээнд гарсан үр дүнг тодорхойлохдоо “Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсны зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан. Нөгөө талдаа санхүүгийн салбарынхан 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл болгох амлалтыг аваад буй. Гуравдугаарт, энэ чиглэлийн мэдлэг чадавхыг сайжруулах талын санал санаачилгыг эхлүүлж чадсан. Дөрөвдүгээрт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн банк, санхүүгийн салбараас зохих хэмжээний дэмжлэг авахаар тохиролцож, сан байгуулсан. Тус санд жил бүр 2-3 тэрбум төгрөг банкуудаас эх үүсвэр татаж байна. Үүний зэрэгцээ банкны салбарынхан 86 сая модыг тавьж ургуулах амлалт өгсөн” хэмээсэн юм.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ уг банк нь тогтвортой санхүүжилт гэдэг ойлголтыг ХХБ арван жилийн өмнөөс эхлэн нэвтрүүлсэн ба одоогийн байдлаар нийт зээлийнхээ 1,6 хувийг ногоон зээлд хандуулсан болохыг хэллээ. Тэрбээр мөн 2030 он гэхэд нийт олгох зээлийнхээ 10 хувийг ногоон зээл болгох амлалтаа биелүүлэхээр ажиллаж байна гэв. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Уламжлалт эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжиж буй дэлхийн үйл явцтай бид хөл нийлүүлэн алхах ёстой. Дижитал эдийн засаг гэж өнөөдөр ярьж байгаа ч эцсийн дүндээ эдийн засгийн бүх суурь хөгжил ногоон эдийн засаг болж хувирна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба Байгаль орчны итгэлцлийн санг байгуулах ажлын хэсгийг тэрбээр ахлан ажиллаж байгаа. Уг санг олон улсын стандартын дагуу байгуулж чадвал ойрын хугацаанд 700 орчим сая ам.долларын санхүүжилтийг босгох бололцоо бүрдэнэ гэсэн юм.
Санхүү, тогтвортой байдлын институтын ерөнхийлөгч, БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн дарга Ма Жүн “Тогтвортой санхүүжилтээр бид хаашаа явж байна, цаашдын чиг хандлага” илтгэлдээ “Хятад Улс ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлснээр ногоон зээлийн томоохон системийг босгож чадсан. Жилд 25 их наяд юанийн ногоон зээл олгож байна. Монгол Улстай ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүчний салбарт харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж бололцоо өргөн байна хэмээн харж байна” хэмээн тэмдэглэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай ч мөн адил энэхүү чуулганаас гарах үр дүнгийн нэг нь Хятадын талтай энэ чиглэлд түлхүү хамтарч ажиллах, тэр дундаа санхүүжилт авах тал дээр ахиц гарна хэмээн харж байгаагаа илэрхийлсэн юм.
Форумын өчигдрийн арга хэмжээний хүрээнд “Тогтвортой санхүүгийн олон улсын чиг хандлага”, “Шилжилтийн үеийн санхүүжилт болон хөрөнгө оруулагчдын хүлээлт”, “Парисын хэлэлцээрт нийцэх шилжилтийг дэмжих бодлогын урамшуулал”, “Холимог санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлүүд” хэлэлцүүлэг өрнөсөн. Өнөөдрийн хувьд “Олон улсын тайлагналын стандартуудын зах зээлд үзүүлэх нөлөө, цар хүрээ”, “Ногоон болон тогтвортой санхүүжилтийн таксономийн харилцан үйлчлэлийг сайжруулах бодит алхмууд”, “Технологи, инновацын тусламжтайгаар тогтвортой байдлыг санхүүжүүлэх нь” хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
Тус чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм.