Манай улсын Засгийн газраас “Гэрэгэ” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулснаар Монгол Улсад дефолт болох эрсдэл байхгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.
Тэгвэл уг бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг өөр бонд гаргаж санхүүжүүлэх шаардлага үнэхээр байсан эсэх талаар болон дефолтын эрсдэлээс яаж хамгаалагдсан талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очироос тодрууллаа.
- Сайн байна уу, дефолтыг уншигчдад энгийнээр тайлбарлаж өгч болох уу?
- Дефолт буюу “default” нь төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй бол үүсдэг зүйл. Өөрөөр хэлбэл өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр олон улсын зах зээл дээрээс 2017 онд босгосон “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларыг төлөх ёстой. Гэтэл энэ мөнгөө хугацаандаа төлж чадахгүй бол дефолт болно. Банкнаас иргэн зээл авчхаад гэрээний үүргээ хүлээхгүй, төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байгаатай адил олон улсын байгууллагад төлбөрөө төлөхгүй бол энэ улс төлбөрөө төлж чадахгүй байна гэх асуудал үүснэ.
Тэгээд энэ улс цаашид ер нь төлбөр төлж чадах уу гэх асуудал яригдана. Олон улсаас зээлж авсан мөнгө учраас заавал төлөх ёстой. Өөр газраас мөнгө авах гэхээр өмнөх газартаа мөнгөө төлөөгүй юм байна. Тэгэхээр авах бол өндөр хүүтэй ав, танай эдийн засаг муудаад байгаа юм биш үү гэдэг.
- Хэрэв дефолт болбол яах вэ?
- Тухайн улсад дефолт болбол Монгол Улсын Хөгжлийн банк, эсвэл арилжааны банкууд зэрэг бусад зээлтэй хувийн хэвшлийнхэн гэрээнийхээ дагуу мөнгөө нэн даруй төлөх тухай заалттай. Засгийн газрын бондын гэрээнд ч мөн адил бий. Ингээд нэг дор бүх төлбөрөө төлөхөд хүрвэл улсын эдийн засагт том сөрөг үр дагавар учирна.
Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд дефолт болж байсан, дефолтод хүрч байсан тохиолдол байхгүй. Цаг хугацаанд нь төлөхийг нь төлөөд, зохицуулахыг нь зохицуулаад шилжүүлээд явж ирсэн.
- 2022 оны 10-р сарын эхэнд байх. Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон дефолт болох эрсдэл маш өндөр байгаа гэдгийг хэлж байсан. Харин одоо Монгол Улс дефолт болох эрсдэлээс хамгаалж чадлаа. Тухайн үед манай улсын эдийн засагт ямар сорилт тулгараад байсан бэ. Нөхцөл байдал хэр байв?
- Цар тахлын дараа бид эдийн засгаа сэргээж, тогтворжуулах өндөр хүлээлттэй байсан боловч биднээс хамааралгүйгээр гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөр буюу хойд хөршөөс эхэлсэн дайны эхлэл, урд хөршийн хилийн хаалт нь манай улсын эдийн засгийн сэргэлтэд ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Үүнээс болж хил, гаалийн саатал, нүүрсний орлогын тасалдал, экспортын бууралт, импортын барааны үнийн өсөлт, гадаад валютын албан нөөц багассан, төсөв тэлсэн зэрэг цар тахлын үеийн хүндрэлүүд 2022 онд хэвээр үргэлжилсэн.
Энэ үед бидэнд хоёр сонголт л үлдээд байсан. Нэг нь Монгол Улс дефолт зарлах, нөгөөх нь Олон улсын валютын сангийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдах байсан. Гэхдээ Засгийн газраас өрийн зохицуулалтын амжилттай хийснээр бүх хүндрэл бэрхшээлийг давж гарлаа.
- Одоо манай гадаад өр хэр хэмжээтэй байгаа вэ?
- Монгол Улсын гадаад өр одоо ойролцоогоор 33 тэрбум ам.доллар байна. Хамгийн их төлбөртэй жил нь 2023 он бөгөөд зургаа орчим тэрбум ам.долларын эргэн төлөх хуваарьтай байсан. Үүнийг гадаад валютын нөөцөөрөө төлж чадахгүйгээс хойш зарим бондын хугацааг сунгаж, заримыг нь өөр эх үүсвэр олж төлөхөөс өөр арга байгаагүй юм. Мөн заримыг нь нөөцөөсөө төлөх гэх мэтээр зохицуулсан.
Манай улсын эдийн засаг ам.долларын хангалттай нөөц байхгүй үед "Гэрэгэ" бондын 800 сая ам.долларыг шууд гаргавал эдийн засагт том шок болно шүү дээ.
2023-2025 оны Засгийн газрын өрийн удирдлагын стратегид аливаа өр төлбөрийг төлөхийн тулд эдийн засгаа, төсвөө шоконд оруулж болохгүй. Төсвийн эдийн засагтаа дарамт үзүүлэхгүйгээр өр төлбөрөө шийдэх чиглэл даалгаврыг УИХ-аас гаргаж өгсөн байдаг юм. Гэхдээ тэглээ гээд бүх өрөө хойшлуулаад байж болохгүй, чадах хэмжээндээ төлөх ёстой. Тэр утгаараа сүүлийн нэг, хоёрын төслийн хувьд зарим хэсгийг төсвөөсөө төлж, үлдсэн хэсэгт нь өрийн зохицуулалтын арга хэмжээ авсан.
- Өрийн зохицуулалт хийсэн гэж үү?
- Тийм ээ. Нэг өр төлбөрийг төлөхийн тулд бид гурван жил ажилладаг. "Гэрэгэ" гэдэг төлбөр дээр гэхэд сүүлийн гурван жил ажилласан. Зах зээл дээр үнэ нь унаад байгаа бол авчихъя. Эдийн засаг сайн үед дахин санхүүжилт босгоод буюу өөр бонд гаргаад төлье гэх жишээтэй. Энэ бүгдийг өрийн зохицуулалтын арга хэмжээ гээд байгаа юм.
Улс орнууд төлбөрөө хугацааг нь дөхүүлж төлөх нь илүү эрсдэлтэй. "Гэрэгэ" бондын хамгийн сүүлийн төлбөр болох 368 сая ам.долларыг тавдугаар сарын 1-нд төлснийг та бүхэн мэднэ. Сүүлийн гурван жил ажиллаж, шийдэж байж хамгийн сүүлийн төлбөрийг сая хийсэн нь энэ.
- Зарим иргэдийн зүгээс бондуудын төлбөр хийх эх үүсвэрийг заавал дахиж өөр бонд гаргаад төлөх ёстой юм уу гэж их асууж байгаа?
- Жишээлбэл, сая өрийн зохицуулалт хийхгүйгээр тавдугаар сарын 1-нд Гэрэгэ бондын 800 сая ам.доллароо төлнө гэсэн бол гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар руу унаж, ханшаа хэд хүртэл алдах вэ гэх асуудал гарч ирэх байсан. Импортоор бүх юмаа авдаг улсын хувьд дахиад барааны үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралд хүнд тусна. Дээрээс нь хувийн хэвшлүүд, арилжааны банкууд бүгд валютаар өрөө төлдөг учраас өрөө төлөхөд хомсдол үүсэх эрсдэлтэй.
Бондоос өөр эх үүсвэр гэвэл зээл авч болно. Гэхдээ нэр нь өөр болохоос хоёулаа л зээл. Тийм учраас урт хугацаатай бага хүүтэй бондыг эрэлхийлдэг.
Түүнчлэн КОВИД-19-ийн болон дайны дараа ам.долларын урсгал эргээд Америк руу буцаж чиглээд үнэтэй олддог болчихсон. Ийм үед хөрөнгийн зах зээл дээр Монгол шиг B зээлжих зэрэглэлтэй улс өөрсдөө өрийн зохицуулалт хийх нь олон төрлийн ач холбогдолтой. Тодруулбал,
- Засгийн газар түрүүлж хаалга нээсэн болохоор хувийн хэвшлүүд өөрсдөө очоод өрөө зохицуулах боломжтой.
- Олон улсын зах зээлд олон улсын байгууллагууд Монгол Улс өрөө амжилттай зохицуулж чадаж байгааг харж байна.
- Одоо бидэнд ямар төлбөрүүд хүлээгдэж байгаа вэ?
- 2024 онд бид "Хуралдай" бондыг төлнө. Хуралдай бондын үлдэгдэл ойролцоогоор 390 сая орчим ам.доллар бий. 2025 онд Засгийн газрын бондын төлбөр байхгүй. 2026 оноос бондын төлбөртэй.
Засгийн газрын бондоос гадна Хөгжлийн банкны хоёр том бондыг энэ жил төлөх ёстой.
- 30 тэрбум иений Самурай бонд
- 500 сая ам.долларын Евро бонд
Хөгжлийн Банкны хувьд 30 тэрбум иений Самурай бондынхоо эх үүсвэрийг бэлдчихсэн. Монголбанкны дансанд байршуулаад хугацаандаа төлөхөд бэлэн байна. Засгийн газар өрийн асуудлаа шийдчихээр Хөгжлийн Банк өрийн асуудлаа шийдэхэд дөхөм болсон.
- Энэ оны буюу 2023 төсвийн хувьд өр төлбөрөө хэрхэн төлөхөөр төлөвлөсөн, төсвийн хувьд ямар арга хэмжээ авсан бэ?
- 2023 оны төсвийг бид 2022 оны 10 сард УИХ-д өргөн мэдүүлдэг бөгөөд УИХ-аас 11 сард төсвийг албан ёсоор баталдаг. Биднийг 2023 оны төсвийг боловсруулж байхад дэлхийн санхүүгийн зах зээл тодорхойгүй бид өрөө дахин санхүүжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй, төсвийн орлогоо бүрэн хуримтлуулж чадах эсэх нь гадаад хүчин зүйлээс өндөр хамааралтай байсан.
Жишээ нь БНХАУ хилээ хэзээ нээх нь тодорхойгүй, Дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн нөхцөл байдал хэзээ тогтворжих нь тодорхойгүй байсан. Ийм үед бид нэг талаас төлөх нь тодорхой төлбөрийг хэрхэн төлөх холбогдох бусад зардлуудыг хэрхэн эрэмбэлж төсөвтөө тусгах, зардлын өсөлтийг төсөв даах хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байхад анхаарсан.
Энэ он гарснаар эдийн засаг, төсөвт нааштай үзүүлэлтүүд гарч байна. Эдийн засгийг тогтворжуулахын тулд Засгийн газраас боломжит бүхий л арга хэмжээг авч хичээж ажиллаж байна.