Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн 6 заалтын нэгээс бусад нь энэ удаад хасагдаж нөөцөөр үлдэв. Засгийн газраас одоогийн Үндсэн хуулийн зургаан заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан иргэд олон нийт харьяа яамдаас санал авах ажлыг зохион байгуулж энэ тавдугаар сарын 1-нд дуусгавар болгосон. Хамгийн төгсгөлд тавдугаар сарын 2-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг авсан.
Тус зөвлөл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гурван гишүүнтэй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10.1.4 дэх “үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал авсан байх” заалтын хүрээнд асуудлыг авч хэлэлцжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн зургаан заалтаас УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгох тухай ганцхан заалт зөвшөөрөгдөх босго давж бусад таван заалт нь унасан байна.
УИХ-аар хэлэлцүүлэхээр зөвшөөрөгдсөн ганц заалтын тухайд гэвэл, одоогийн Үндсэн хуулийн 21.1 дэх УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна гэсэн нь УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөгдөх үг өгүүлбэртэй.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зөвхөн УИХ-ын гишүүдэд байдаг учраас төсөлд байгаа нийт гишүүдийн 152 гэсэн тоо, түүнчлэн холимог тогтолцооны 50:50 гэсэн хувь хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх боломжтой. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр унасан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн таван заалтыг энэ 2020-2024 оны УИХ-аар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.
Энэ удаад Үндсэн хуулийн өөрчөлт оруулах төслөөс хасагдаж, дараагийн удаад 2024 оноос хойших парламентаар хэлэлцэгдэх нөөц болон үлдэж буй таван заалтыг уншигчдадаа танилцуулъя. Үүнд,
___Хүчин төгөлдөр байгаа: 13.1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
-Өөрчлөхөөр төсөлд тусгасан нь: 13.1. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
___Хүчин төгөлдөр байгаа: 65.1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. -Өөрчлөхөөр төсөлд тусгасан нь: 65.1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно.
___Хүчин төгөлдөр байгаа: 66.1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
-Өөрчлөхөөр төсөлд тусгасан нь: 66.1. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.
___Хүчин төгөлдөр байгаа: 66.2. Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
-Өөрчлөхөөр төсөлд тусгасан нь: 66.2. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
___Хүчин төгөлдөр байгаа: Арван ес/1/ дүгээр зүйлийн 2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.
-Өөрчлөхөөр төсөлд тусгасан нь: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн нийт таван заалт юм.