Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүныг энэ удаагийн "Элчин сайд ярьж байна" буландаа урьж ярилцлаа.
Зөвхөн Чингис хаанаар өнөөгийн Монголыг төсөөлж болохгүй
-Эхний асуултыг Монгол орны талаарх таны сэтгэгдлээр эхлэхийг хүсч байна. Монголд өвлийн ид хүйтэн цаг өнгөрч, хаврын дэлгэр цаг ирж байна. Монголын өвөл хэр хүйтэн санагдав?
-Хоёр дахь удаагаа Монголд өвлийг өнгөрүүллээ. Өнгөрсөн өвөл нэлээд чанга өвөл болсон санагдаж байна. ЭСЯ-ны зүгээс зуд болох вий гэдэгт багагүй санаа тавьж, өвөлжилтийн талаарх мэдээлэлтэй анхааралтай танилцдаг. Би Монголын өвөлд маш их дуртай. Европын өвөл бүрхэг бороотой, чийглэг учраас хүнд санагддаг бол Монголд эсрэгээрээ хүйтэн ч гэсэн байнга нар тусдаг, сэтгэл сэргээсэн гоё өвөл болдог. Монголын дөрвөн улирал бүгд өөр өөрийн онцлог, өнгө төрхтэй.
-Монгол Франц хоёр улс 58 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон ч түүнээс давсан өнө эртний харилцаатай. Та хоёр орны харилцааг хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?
-Хоёр улс орчин үеийн дипломат харилцаа тогтоогоод 58 жил болж байгаа ч гэлээ Монгол Франц хоёр улс маш эртний олон зуун жилийн харилцаатай.
Жишээ нь, 1254 онд Францын архитекторын зохион бүтээсэн, Хархоринд Монголын хааны ордны төвд байгуулсан “Мөнгөн мод”-ны зураг өнөөгийн Монголын мөнгөн дэвсгэрт дээр байдаг. (Монгол мөнгөн дэвсгэрт гаргаж үзүүлэв). Хоёр улс харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүй аль ч үед маш сайхан, таатай харилцаатай улсууд гэж боддог.
Манай хоёр улс хоёулаа өөр өөрсдийн баялаг түүхтэй улсууд. Ирэх аравдугаар сард Чинис хааны тухай томоохон үзэсгэлэнг Францад зохион байгуулах гэж байна. Энэ үзэсгэлэн “Монголчууд дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилсөн бэ” гэдэг том агуулгын хүрээнд толилуулж үүнийг дахин сануулах зорилготой. Гэхдээ Чингис хаан Монголыг илэрхийлэх томоохон илэрхийлэл мөн боловч зөвхөн Чингис хаанаар өнөөгийн Монголыг төсөөлж болохгүй. Францыг мөн адил ганцхан Эйфелийн цамхаг эсвэл кроссаунт хоёроор төсөөлж болохгүйтэй адил. Хэдийгээр эдгээр нь алдартай боловч Францыг бүрэн илэрхийлэхгүй. Франц Улс шинэ технологиуд, өндөр хурдны галт тэрэг, орчин үеийн сансрын технологи зэргээр дэлхийд танигдсан.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийсэн болон ойрын үед төлөвлөсөн гол томоохон ажлуудаасаа нэрлэвэл…?
-Францын хувьд Монгол Улстай харилцах хамтын ажиллагаандаа гурван чухал зорилтыг баримталж явдаг. Үүний эхнийх нь Монгол Улсын бие даасан байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Монгол Улсын бие даасан байдлыг бэхжүүлэхэд дэмжинэ гэдэг төрөөс ард иргэддээ үзүүлж байгаа үйлчилгээг улам сайжруулах, аливаа нэг салбарт өөрийн бие даасан байдлаа улам чадавхжуулж, мэргэшүүлэхэд хамтарч ажиллах тухай юм.
Энэ хүрээнд хамгийн бодитой төсөл гэвэл Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа төслийг дурдмаар байна. Уг төслийн хүрээнд ОБЕГ агаараас аврах ажиллагаа явуулах өөрийн гэсэн нэгжтэй боллоо.
Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтарч ажиллах, Байгаль орчинд чиглэсэн, бохирдлыг бууруулах зорилготой хэд хэдэн төслүүдэд хамтарч байна. Тухайлбал, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэхээр эхлүүлээд байгаа. Өнгөрсөн сард Францын Засгийн газрын санхүүжилттэй, уг төслийн Франц талын оролцогч “Пома” компани Улаанбаатар хотын захиргаатай эхний удаагийн санамж бичиг байгуулсан. Ирэх жилийн сүүлээр эхний шугамыг нээж ашиглалтад оруулна гэсэн хүлээлттэй байгаа.
Гурав дахь зорилт маань хоёр улсын ард түмэн хоорондын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өрнүүлэх. Манай хоёр улс хоёулаа чөлөөт, нээлттэй нийгэмтэй улсууд. Энэ үнэт зүйлсээ улам бэхжүүлэх соёлын, залуус хоорондын ард түмэн хоорондын харилцаа гэдэг мөн ялгаагүй үнэ цэнэтэй, утга учиртай. Энэ хүрээнд тамирчдын хамтарсан бэлтгэл, ард түмэн хоорондоо найрсаг харилцаа, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа зэргийг ойроос дэмжиж ажилладаг.
Жишээ нь, франц хэлний сургалтын анхан шатны сертификатыг бид ЭСЯ дээр гардуулж өгдөг. Франц хэл сурч байгаа хүмүүс Элчин сайдаас анхныхаа диплломыг гардаж авна гэдэг тэдэнд цаашдын хүсэл тэмүүлэл, урам зоригийг нь илүү сэргээдэг гэж итгэж байна. Цаг гарзадсан дэмий зүйл хийж яваагүй ээ гэдгийг нь улам илүү ойлгуулдаг ч байж болох юм. Ирж дипломоо авч байсан хүмүүсийг харахад маш олон салбарын хүмүүс байдаг. Багш нар, цэргийнхэн, уран бүтээлчид, архитекторууд, инженерүүд оюутнууд гэх мэт. Тэд бүгд өөр өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, өөр өөрсдийн өнцгөөс Франц улсыг хардаг, ач холбогдол өгдөг гэсэн үг. Тэднийг дэмжих нь бидний үүрэг юм. Өмнө нь франц хэл сурахыг хүмүүс илүү утга зохиол, хэл шинжлэл талаас нь харж чухалчилдаг байсан бол энэ нь илүү өргөн хүрээнийх болж өөрчлөгдсөн гэж хэлж болно. Франц хэл бол орчин үеийн шинжлэх ухааны судалгаа хийхэд, НҮБ-ын харьяа байгууллагад ажиллах, ажлын байрын сонголтуудаа улам солонгоруулахад чухал ач холбогдолтой хэл юм байна гэдэг талаас нь ойлгодог болсон байна.
-Та яриандаа дүүжин тээврийн тухайд онцолж хэллээ. Улаанбаатар хотын иргэд зарим нь дэмжиж байгаа ч зарим хүмүүс дүүжин тээвэр байгуулж байгаад тийм ч итгэлтэй биш байгаа. Ер нь дүүжин тээврийг яагаад хамгийн зөв гарц гэж үзэн хамтран ажиллах болсон юм бэ?
-Дүүжин тээвэр бол томоохон өргөн чөлөө, гол замуудын дээгүүр суурьшлын бүсүүдийг холбож байгаа тээврийн нэг хэрэгсэл. Энэ тээврийн нэг онцлог нь ямар нэг байдлаар түгжрэлд өртөхгүй, тормоз гишгэдэггүй, зогсолтгүй эргэж байдаг. Жишээ нь, Хархориноос Яармаг чиглэлд зорчиход нэг талдаа 11 минутыг зарцуулна гэж байгаа. Тэгвэл одоогийн байдлаар иргэд тийш зорчиход түгжрэлгүй үед 25 орчим минут, түгжрэлтэй үед түүнээс хамаагүй урт цаг зарцуулж байгаа. Уг тээврийн хэрэгслээр зорчсоноор, нэг зорчигч хамгийн багадаа 25 минут хэмнэж энэ цагаа сурч боловсрох, эрүүл мэнд, гэр бүл, чөлөөт цагтаа зарцуулах боломж гарна гэсэн үг. Дүүжин тээврийн цикль нь зогсолтгүй эргэж байгаа учраас дараагийн бүхээг нь хурдан ирдэг. Энгийнээр тайлбарлавал, хоёр минут тутамд дүүрэн хүнтэй автобус явж байгаатай адил ачаалал даана гэж тооцож болно. Мөн ямар нэгэн дуу чимээний бохирдол үүсгэддэггүй тээвэр гэдгээрээ онцлог. Мэдээж дүүжин тээврээр бүх асуудлыг шийднэ гэж хэлэхгүй, гэхдээ цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай олон төрлийн тээврийн хэрэгслийн нэг нь юм.
-Соёл боловсролын салбарт хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Соёлын харилцаанд уран бүтээлчид чухал оролцоотой. Манай ЭСЯ-нд Монголын орчин үеийн артистуудын зураг, каллиграфууд байгааг та анзаарсан байх. Соёлын хамтын ажиллагааны хүрээнд Францад Монголын орчин үеийн урлагийг таниулах тал дээр илүү анхаардаг. Боловсролын хамтын ажиллагааны талаар гэвэл Монгол дахь Франц сургуулийг юун түрүүнд дурдмаар байна. Энэ сургуулийн сурагчдын 75 хувь нь монгол айлын хүүхдүүд байдаг. Нийгмийн давхарга бүрийн хүүхдүүд суралцдаг. Энэ нь бидний хувьд тун чухал зүйл юм. Мөн хоёр орны Засгийн газрын хамтарсан сургалтын тэтгэлэг бий. Эрдмийн зэрэг горилох гэж байгаа хүмүүст зориулсан хамтарсан тэтгэлгийг жил болгон зарладаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэлэгт хамтарч ажиллахаар зорьж байна. Нөгөө талаас Францаас оюутнуудыг Монголд сургах чиглэлээр МУИС болон Францын их сургуулиудын хооронд нэлээд эрчимтэй яриа хэлэлцээ явагдаж байгаа. Франц улс АНУ ч юм уу, бусад улс оронтой харьцуулахад дээд боловсрол үнэтэй биш. Энэ нь Францад сурахад гадаад оюутнуудад багагүй дэмжлэг болдог болов уу. Мөн Францын их дээд сургуульд сурна гэдэг нь Итали, Герман, Швейфарь Испани зэрэг Европын бусад улсуудад сурах үүд хаалгыг мөн нээж өгдөг.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хамгийн том нөөцтэй улс
-Боловсрол, соёлоос гадна өөр ямар салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байна вэ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт, мөн ус цэвэршүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулсаныг санаж байна?
-Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж байгаа чухал төслүүд байгаа. Мөн зөвхөн компаниудын хооронд хэрэгжиж байгаа олон бизнес хамтын ажиллагаа бий. Бие даасан байдлыг бэхжүүлэх хүрээнд Засгийн газар хооронд болон хууль эрх зүй, парламентын хамтын ажиллагаа өндөр түвшинд байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд цөмийн чиглэлээр чухал хамтын ажиллагаа байгаа. Монгол Улсад эрчим хүчний шилжилт хийх тал дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах бүрэн боломжтой. Нүүрс хүчлийн хийг багасгах сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бололцоо бий. Энэ салбарт хүсэл эрмэлзлэлээс давсан хамтын ажиллагааны зорилт байгаа. Одоогоос арав орчим жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын компани Монголд хөрөнгө оруулалт хийж ажиллаж байсан. Нуулгүй хэлэхэд, энэ компанийн төсөлтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд бий. Хэрэв тэдгээр асуудлуудыг шийдэж чадах юм бол ногоон эрчим хүч төдийгүй сэргээгдэх эрчим хүчний салбарт өөрсдийн санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийх, Монголыг сонирхож байгаа Франц компаниуд бий. Дээр дурдсан францын хөрөнгө оруулагч компани эрчим хүчний яаманд харьяалагддаг агентлагтай хамтран ажилласан. Агентлагийн зүгээс гэрээний заалтаа баримтлаагүй асуудал гарсан. Энэ жижиг асуудалд шийдэл олж чадна гэж найдаж байна. Монгол Улс дэлхийд сэргээгдэх эрчим хүчний хамгийн их нөөцтэй. Өөр хаана ч Монгол шиг ийм арвин нөөцтэй улс байхгүй.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эхэлснээр хямд эрчим хүч хэрэглэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж, нэмж бохирдол үүсгэхгүй байх давуу талтай. Би ч бас Улаанбаатарын оршин суугч. Өвөлдөө хотын агаар ямар болдгийг маш сайн мэднэ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эхэлснээр ард иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэйгөөс гадна бохирдолтой тэмцэх томоохон арга хэмжээ болох юм.
Цөмийн салбарт гэвэл маш тодорхой төсөл явагдаж байгаа. Байгалийн ураныг олборлож өөр улсад аваачиж боловсруулаад түлш гаргаж авдаг төсөл явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Цөмийн салбар өөрөө маш их анхаарал татдаг. Хүмүүс цөмийн салбарыг ямар зарчмаар ажилладгийг сонирхдог ч гэсэн энэ талаар мэдлэг, мэдээлэл тааруубайдаг. Уг нь өдөр тутамдаа бид цөмийн технологийг ашиглаж байдаг. Энэ өрөөнд байгаа утаа мэдрэгч гэхэд цөмийн технологиор ажилладаг. Эмнэлэгт хамгийн их хэрэглэж байна. Рентгенээр зураг авах нь цөмийн технологи юм. Монголд одоо явагдаж байгаа энэ төсөл бол байгалийн дүр төрхийг эвдэхгүй онцлогтой технологитой. Бусад уул уурхайн олборлолтой харьцуулахад газрын хөрсөн дээр шороо овоолохгүй, газар ухахгүй. Төсөлтэй холбоотой байнгын тодорхой хяналт шалгалтуудыг хийгээд явдаг. Уг төсөл нь Монгол дахь Францын гол хөрөнгө оруулалтын төсөл бөгөөд Франц Улс уг төслийг амжилттай хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Франц улсад ураны олон ордтой байсан. Францын засгийн газар урантай холбоотой, байгал орчинд нөлөөлөхгүй байх, зүй зохистой хянах талаар маш арвин туршлагатай. Энэ бүх мэдлэг туршлагаа Монголд хэрэгжүүлж байгаа төсөлдөө ашиглаж, бүх талаар дэмжих боломжтой. Мөн одоо хэрэгжиж байгаа төсөлтэй холбоотойгоор байгаль орчны нөлөөллийн бүх төрлийн судалгааг хийсэн байдаг. Хамгийн сүүлд ШУА-аас энэ төсөл нь тухайн газар нутгийн ус хөрс, ургамал, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлж байна уу гэдгийг дэлгэрэнгүй судалсан. Судалгааны үр дүнд төслийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү төсөл нь хоёр орны Засгийн газар хооронд болон төрийн өмчийн томоохон компаниудын хооронд хэрэгжиж байгаа чухал төсөл юм. Мөн Монголын томоохон компаниуд Францтай харилцаа тогтоох, бизнесийн хамтын ажиллагаа нэмэгдүүлэх сонирхол их байгаа. Аль аль талдаа бизнесийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол их бий.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа маш сайн түвшинд байдаг учраас аливаа нэг хүндрэл бэрхшээл гарлаа гэхэд аль аль тал нь ярилцаад шийдчихдэг. Миний бодлоор маш үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой ч одоогоор түр зогсонги байгаа гэвэл сэргээгдэх эрчим хүчний салбарыг хэлнэ. Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар нэлээд анхаарч байх шиг байна. Саяхан гэхэд Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэлэлцүүлэг болсон.
Монгол Улсын бие даасан байдлыг дэмжих хүрээнд Хиймэл дагуулын чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхол мөн өндөр бий. Франц Улс энэ салбарт маш их туршлагатай. Нөгөөтэйгүүр,Монгол Улс хиймэл дагуул түрээсэлж, түүнийгээ тогтвортой биш өртөг төлж ашиглана гэдэг нь тийм ч сайн зүйл биш. Харин өөрийн гэсэн хиймэл дагуултай, хэн нэгнээс хараат бус байна гэдэг Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд чухал ач холбогдолтой.
-Саяхан Францын Хөдөө аж ахуйн сайд манай улсад айлчлаад буцсан. Энэ хүрээнд ямар хамтын ажиллагааны яриа хэлцэл өрнүүлсэн бэ?
-Францын хөдөө аж ахуй, хүнсний бие даасан байдлын сайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-9-нд Монголд айлчилсан. Тэрбээр мөн өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг Францад хүлээн авсан юм. Манай хоёр Улсын хөдөө аж ахуйн салбарын харилцаа маш амжилттай өрнөдөг нь энэ салбарт арвин түүх соёлтойн дээр энэ салбарын компаниуд маань маш идэвхтэй байдагтай холбоотой юм. Айлчлалын үеэр сайд нар хүнсний бие даасан байдал, хэрэглэгчдэд ил тод байх, малын эмнэлэг зэрэг салбарт нэмүү өртөгийг ахиулсан, аж ахуйчдын орлогыг өсгөсөн, байгаль орчныг хадгалан хамгаалсан олон тодорхой хамтын ажиллагаануудын талаар санал солилцсон. Энэ сараас эхлэн Монгол Улсын Ойн газарт Францын эксперт ажиллаж байна. Энэ бүхэн маш бодит хамтын ажиллагаа юм гэдгийг та бэлхнээ харж байгаа биз ээ.
Carrefour Монголын үйлдвэрлэгчдэд томоохон зах зээл нээсэн
-Монголд саяхан хоёр ч франц дэлгүүр үүд хаалгаа нээлээ. Энэ бас худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны нэг дэвшлийн үр дүн байх?
-Тэгэлгүй яахав. Carrefour-ийн хувьд хэрэглэгчдэд сонголтыг нь солонгоруулж өгөхийг зорьж байгаа. Европ, франц, монгол бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа. Монголын үйлдвэрлэгч нарт их том зах зээл шинээр нээгдэж байгаа гэсэн үг. Жишээ нь, бүтэн жилийн турш ийм чанартай ийм бүтээгдэхүүн их хэмжээгээр авах боломжтой гэж санал болгодог. Тэгэхээр цаад үйлдвэрлэж байгаа газар нь бүтэн жилийн турш орлоготой, найдвартай худалдан авагчтай мөн чанарын хувьд стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэнэ. Энэ нь хэрэглэгчдэд ч хэрэгтэй юм. Зөвхөн францаас бүтээгдэхүүн авчрах биш, монгол үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлоготой гэсэн үг. Ялангуяа нарийн ногоо, мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг бүтэн жилийн турш нийлүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө үйлдвэрлэгч нарыг дэмжиж байгаа хэрэг юм. Гэхдээ мэдээж дарс, бяслаг зэргийг бол Францаас авчирч байна (инээв).
-Францаар сонин юу байна вэ. Ажил хаялт болж байгааг монголчууд мэдэж байгаа. Мөн Франц улс цэвэр усны хомсдолд орсон учир машин угаахыг хориглолоо гэдгийг албан ёсоор зарласан нь багагүй түгшээсэн мэдээлэл байлаа. Францад нөхцөл байдал ямар байна вэ. Усны асуудал үнэхээр тэгж хүндэрсэн үү?
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал бол ганц улсын эсвэл нэг тивийн асуудал биш. Дэлхий нийтийн асуудал учраас нийтээрээ үүнд анхаарах хэрэгтэй. 2015 онд хийсэн Парисын гэрээ бол байгал хамгаалахад дэлхий нийтээрээ ямар зан үйлтэй байх вэ гэдгийг нэг хүрээнд оруулж өгсөн. Энэ үеэр улс орон болгон өөр өөрсдийн үүрэг амлалтыг авсан. Улс орон болгон өөрийн зүгээс юу хийх вэ, хоорондоо яаж хамтарч ажиллах вэ гэдгээ ярьж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд манай хоёр улс энэ тал дээр хангалттай сайн хамтарч ажиллаж байна. 2026 онд Цөлжилтиийн эсрэг томоохон олон улсын хурал Монголд болох гэж байгаа.
Уур амьсгал өөрчлөгдөөд зарим газраа цөлжилт явагдаад, зарим газар үерийн аюулд өртөөд, нэг газраа хэт халаад нөгөө газар хэт хөрөөд байгаа энэ өөрчлөлтийг багасгахад улс орнууд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ тодорхойлох нь туйлын чухал. Цэвэр усаа хэмнэх нь нэн тэргүүний хийх ажил мөн.
Байгаль хамгаалах гэдэг бол аль нэг тусгай хамгаалалттай газрын ургамал амьтныг хамгаалах гэхээс илүү өглөө босоод шүдээ угаахдаа усаа хэмнэх зөв дадлаас эхлэх учиртай. Манай ЭСЯ Монголын Тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ыг дэмжиж ажилладаг. Тэд байгаль хамгаалах талаар хүүхэд залуучуудад зориулсан нөлөөллийн ажлуудыг маш сайн зохион байгуулдаг.
Хамгийн эхний хийх ёстой ажил бол хүмүүст өдөр тумын байгаль хамгааллын талаар хийж болох энгийн дадлуудыг сурталчилж, танин мэдүүлэх юм. Францад болж буй жагсаал цуглаан зэрэг асуудлуудын тухайд гэвэл францууд монгол хүмүүстэй их төстэй.
Нэг хүнээр даргалуулаад байх дургүй. Энэ талаараа бид жаахан төстэй болов уу. Хувь хүмүүс нь бие даасан, үзэл бодлоо тэр дор нь чөлөөтэй илэрхийлдэг. Ямар нэг асуудалд санал зөрөлдөж байгаагаа олноороо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах нь ардчилсан оронд байдаг тун энгийн зүйл. Гэхдээ ингэж үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар нэг байдлаар хүчирхийлэлд уриалж, үймээн самуун дэгдээж болохгүй. Үзэл бодлоо илэрхийлж жагсаал хийж байгаа хүмүүсийг цагдаа хүчний байгууллагууд хориглож, саад учруулж болохгүй. Хаа хаанаа хүчирхийллийг үүсгэхгүй, ухаалаг байдлаар зохион байгуулах хэрэгтэй.
Монгол ухаалаг гадаад бодлогоороо бусад улс орнуудад үлгэр жишээ улс
-Монгол Улс хоёр хөрштэй, гуравдагч хөршийн бодлогыг эрхэмлэдэг гадаад бодлоготой улс. Франц улс ч Монголын чухал гуравдагч хөршийн нэг. Орос-Украйны асуудал үүсээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Манай улсын хувьд НҮБ-ын санал асуулгад ч түдгэлзсэн, төвийг сахисан байр суурьтай байгаагаа илэрхийлж буй. Нөгөө талаар Европын холбоо болон олон улс ОХУ-д хориг тавьсан байгаа. Ер нь гадаад орнууд ялангуяа Европын холбоо Монголын онцгой нөхцөл байдлыг хэр ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа бол?
-Монголын газар зүйн байршил болон түүхтэй холбоотой бүх асуудлыг бид бүхэн маш сайн ойлгодог. Энэ ээдрээтэй нөхцөлд Монгол Улс өөрийн гэсэн замаа тодорхойлж тэр замаасаа хазайхгүй явж байгааг харж байна. Монгол Улс өөрийн бодлоготой, гуравдагч хөршөө гэсэн, олон улсын тавцанд ил тод, идэвхтэй гадаад бодлогоо хазайхгүй авч явж байгаа нь сэтгэл хөдөлгөм санагддаг.
Монгол бол зөвхөн хоёр хөршийнхөө дунд байдаггүй, маш олон улстай харилцаа холбоо өндөр хөгжсөн найрсаг дотно түншийн харилцаатай байдаг нь маш ухаалаг бодлого юм. Энэ байдал нь бүс нутагт байгаа бусад улс орнуудад ч маш том мессэж болдог гэж бодож байна.
Бие даасан байдал, тусгаар тогтнолоо нэр төртэй хамгаалж, хадгалж авч явдаг энэ гадаад бодлогоороо Монгол Улс дэлхийн олон улсад загвар улс гэж би боддог. Дайнтай холбоотой Францын байр суурийн хувьд хэлэхэд яриа хэлэлцээ бол энэ ээдрээтэй асуудлын гол гарц юм гэдгийг үргэлж сануулсаар байгаа. Нэг улс нөгөөдөө өөрийгөө тулгаж байгаа энэ түрэмгийлэл бол үндсэндээ 2014 оноос эхэлсэн гэж хэлж болно. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг хамгийн хурдан дуусгах алхам бол ОХУ нэн даруй өөрийн цэргээ Украйнаас гаргах. Одоогоор Украйн газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй байна. Энэ бүхэнд бүх талаар туслах нь Европуудын үүрэг юм. Аливаа хэлэлцээр хэзээ хэрхэн хийх эсэхийг Украин улс өөрөө шийднэ. Бидний энэ улс бие даасан, бүрэн эрхт байдлаа хадгалан хамгаалахад нь туслах үүрэгтэй.
-Та Монголд амьдраад хоёр жил болсон байна. Таны намтрыг уншиж байхад өмнө нь Герман, Зимбабве, Индонез зэрэг улсуудад дипломатчаар ажиллаж байсан. Анх удаа Элчин сайдаар манай улсад ажиллаж байгаа юм билээ. Танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн Монголын гурван зүйлийг нэрлээч гэвэл та юу хэлэх вэ?
-Бэрд гарч ирээд гурван хүслээ хэл гэдэг шиг санагдчихлаа. (инээв).
Хамгийн эхнийх нь гэвэл монголчуудын эрч хүч. Монгол хүмүүс маш эрч хүч, энергитэй хүмүүс санагддаг. Хоёрдугаарт, би Монголыг таатай сюрпризүүдээр дүүрэн байдаг улс гэж хэлнэ. Жишээ нь, жиюүцчи бөхийн Дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулахын төлөө Улаанбаатар хот болон Лос-Анжелис хот өрсөлдөөд Улаанбаатар хот энэ эрхийг авсан. Мөн саяхан Азийн сагсны аварга болсон шүү дээ. Монголчууд ямар ч газар арга эвээ сайн олж чаддаг хүмүүс санагддаг. Энэ нь гадаад бодлого дээр нь ч тод илэрдэг. Өөрийн арга замаа маш сайн олоод, улс орнуудтай харилцаад явдаг. Гурав дахь онцгой зүйл гэвэл мэдээж Монголын гайхалтай байгаль. Байгалийн олон янзын өнгө будаг маш үзэсгэлэнтэй. Монголын хөдөө очоод шөнийн тэнгэрийг ажих их сайхан мэдрэмж байдаг. Би Элчин сайдаар ирээд удаагүй байхдаа Хархорин руу явсан юм. Тэгж явахдаа битүү од түгсэн шөнийн тэнгэрийг хараад үнэхээр гайхаж бас маш их сэтгэл хөдөлж байлаа.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин