“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын хугацаанд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас ирүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, "Тогтоолын төслийг сайжруулах шаардлагатай" хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт буцаалаа.

Засгийн газрын өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж буй. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эерэг үр дүнд хүрсэн хэмээн Засгийн газар үзэж, дээрх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас нүүрс олборлолт, тээвэрлэлт, ашгийн дүн, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр "2011 оноос анхны экспортоо хийж, ам нөхцөлөөр нүүрсээ борлуулж байсан. Тэрхүү хугацаанд 96.3 сая тонн нүүрс борлуулсан байна. Хэрэв бид хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж ирсэн бол 4 тэрбум ам.долларын орлого алдсан байна гэсэн тооцоо гаргасан. Нөгөө талдаа компани өнгөрсөн хугацаанд сайн чанарын нүүрсийг сорчлох байдлаар нийлүүлж байсан. Сул коксжсон нүүрсийг түүхэндээ ганц удаа зарж үзсэн. Цаашид бид ийм төрлийн нүүрсийг зарах шаардлагатай. Одоогийн байдлаар, компани 11 төслийг санхүүжүүлж байна. Гэхдээ зөвхөн компанийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх баяжуулах болон угаах үйлдвэр, төмөр замын холболт зэрэг төслийг эрэмбэлэн санхүүжүүлэх нь үр дүнтэй" гэсэн асуудлыг хөндөж байв.

Тухайлбал, онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн болохыг сайшаагаад, хууль, эрх зүйн хувьд энэхүү хугацааг сунгах боломжтой эсэхийг тодруулж байсан юм. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиараа, онцгой дэглэмийн хугацааг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болох аж. Гэхдээ үндэслэл болгож буй уг хууль нь БНМАУ-ын үеийн хууль юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлаас баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль дахь “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэх заалтыг үндэслэн хэлэлцэж байгаа болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаж байлаа.

Сэтгэгдэл бичих