Авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааны нэг болох Шүгэл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа. Тэрбээр Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
-Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчин нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж ойлгож байгаа. Уг хуулийг хаврын чуулганаар батлах болов уу гэх хүлээлттэй байна. Ярилцлагаа хуулийн төсөл, Шүгэл ажиллагааны талаар эхэлье?
-Засгийн газар энэ оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, улс төрийн манлайлал, хүсэл зориг гарган ажиллаж байна. “Шүгэл”, “Шүүр”, “Шил”, “Шувуу”, “Шилжүүлэн авах” гэсэн 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байна. Шүгэл ажиллагааны хийгдэхээр төлөвлөж байгаа нэг ажил нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх асуудал. Өнгөрсөн долоо хоногт тус хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх зорилгоор иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзалтыг УИХ-ын Ажлын хэсгээс зохион байгуулсан. Хуулийн төсөл батлагдсаны дараа олон нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх том ажил хүлээгдэж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь далд, нуугдмал хэлбэрээр үйлдэгдэж, нийгэмд тулгамдсан асуудал болж, эдийн засгийн өсөлтийг хойш татаж байгаа учир мэдээллийг аль болох ил тод болгож, шүгэл үлээгчдээсээ мэдээлэл авч, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль нийтийн эрх ашгийг төлөө шүгэл үлээж буй хувь хүмүүс хамгаалалт, баталгаа бий болгож, мөнгөн урамшуулал олгох үндсэн зохицуулалттай.
Манай “Шүгэл” ажиллагааны бас нэг зорилго нь төрийн үйлчилгээний анхан болон дунд шатны хүнд суртал, үүнийг үүсгэж байгаа нөхцөлийг арилгах чиглэлээр шийдэл эрэлхийлж, санал дүгнэлт боловсруулах юм.
Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамгийн их тулгамдаж буй асуудал юу байгаа талаар, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига өгөх нөхцөл үүсгэдэг процесс хаана байгааг олохоор дүн шинжилгээ хийж, иргэдийн мэдээлэлд үндэслэн тодорхой шийдлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш Засгийн газрын 11-11 төвд Баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт иргэдийг хүлээн авч уулзаж байна. Мөн тус төвийн операторын утсаар мэдээлэл хүлээн авч байна.
Ажил эхэлснээс хойш 130 орчим иргэнтэй биечлэн уулзсан. Баасан гараг бүр иргэдээс ирүүлж буй мэдээллийг харахад гомдол, санал гаргаж буй салбарын хамрах хүрээ их өргөжиж байгаа нь анзаарагдлаа. Иргэд биечилж уулзан, цаг зав гарган мэдээлэл өгч буйд талархаж байна.
-Иргэдийн хэлж буй санал, гомдлыг авч үзвэл ямар салбартай холбоотой нь зонхилж байна вэ?
-Эхний хоёр удаагийн уулзалтаар газрын маргааны талаарх мэдээлэл нийт гомдол, саналын 80 орчим хувийг эзэлж байв. Харин үүнээс хойш иргэд зөвхөн өөрт тохиолдсон бус тодорхой салбар, төрийн байгууллагатай холбоотой мэдээллийг өгөх болсон. Энэ нь эерэг үр дүн.
Тухайлбал, ирсэн гомдлууд дунд Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэхчлэн Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалттай холбогдуулж ил тод, нээлттэй болгох талаар мэдээлэл, саналыг ирүүлсэн. Мөн төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэх хоцорсноос шалтгаалж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож байгаа талаар гомдол санал ирсэн. Аль ч улсын хувьд Засгийн газар, төрийн байгууллага хамгийн сайн зээлдэгч буюу гэрээний үүргийн гүйцэтгэгчид тооцогддог. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалж төрийн байгууллагын төлбөр төлөх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан гүйцэтгүүлэх боломжгүй байна.
Бид ирж буй зарим мэдээллийг бусад ажиллагаа руу шилжүүлж байна. Жишээ нь, шаардлага хангахгүй, ёс зүйн зөрчилтэй, хуульд нийцээгүй үйл ажиллагаа зэрэг төрийн албаны томилгоотой холбоотой мэдээллийг Шүүр ажиллагаанд шилжүүлэн ажиллаж байна.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгч буй мэдээлэл нь нийтийн эрх ашигт хамааралтай байх гэж тодотгож заасан байсан. Нийтийн эрх ашиг гэх хүрээг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Шүгэл ажиллагааны чухал хэсэг нь иргэдтэйгээ хамтран ажиллах, мэдээлэл хүлээн авах. Иргэд маань үүнийг дэмжиж, хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байгаа. Манай ажлын хэсэг иргэд, бизнес эрхлэгчдэдээ тулгамдаж байгаа асуудлыг сонсож, Засгийн газартай холбох гүүр нь болох зорилготой.
Нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг шүгэл үлээгч их бий. Тэднийг хамгаалах асуудал чухал байдаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой эсхүл хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг тодорхой урамшуулал, хамгаалалттайгаар авдаг тогтолцоо олон улсад бий.
Үүнээс гадна байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэхчлэн нийтийн эрх ашгийн төлөө асуудлаар шүгэл үлээгчдийг хамгаалалтад оруулахаар хуулийн төсөлд оруулсан.
Энэхүү төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, эцсийн байдлаар хэрхэн батлагдах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Одоогийн төсөлд үйлчлэх хүрээ нь
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох
- Нийтийн эрүүл мэнд
- Хүрээлэн байгаа орчин
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах
- Шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашгийн төлөө шүгэл үлээх гэж тодорхой чиглэлээр нь зааж өгсөн.
Өндөр хөгжилтэй орнуудыг харвал шүгэл үлээгч нь томоохон корпорац, группийн ажилтан байх нь их. Жишээлбэл, “Мета”-гийн ажилтан компани нь хувь хүний мэдээллийг хэрхэн хадгалж, боловсруулж байгаа талаар шүүмжилж, шүгэл үлээж байв. Машин үйлдвэрлэгч Volkswagen компанийн үйлдвэрлэсэн автомашины нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын талаар шүгэл үлээсний улмаас тус компани АНУ-д 33 тэрбум ам.долларын торгууль төлж хариуцлага хүлээж байсан. Энэ мэтчилэн зарим мэдээллийг олон нийт олж мэдэхэд хэцүү байдаг. Ялангуяа байгаль орчинд хохирол учруулсан, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон асуудалд. Иймд далд хэлбэрээр үйлдэгдэж буй нийтийн эрх ашгийг хохироосон үйлдлийг илчлэхэд шүгэл үлээгчид чухал үүрэг гүйцэтгэнэ.
АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах юм. Манай улсад олон улсын байгууллагуудаас өгдөг зөвлөмж нь ч шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоотой болох тухай байдаг.
Иргэд энэ хуулийг “матаас”-ны хууль болчихвий гэдгээс болгоомжилсон хандлага бий. Нэг нь нөгөөгийнхөө мууг үзэх хэрэгсэл болохвий гэдэг ч юм уу.
Мөн манай ардын зүйр үгэнд “Амьд хүний гэрч болсноос Үхсэн хүний дэр бол”, “Хувиа борлуулж, Довоо шарлуулах” гэх зэргээр хэлдэг.
Бид энэ мэт хандлагыг өөрчлөх шаардлагатай. Шүгэл үлээгчийг нийтийн эрх ашгийн төлөө зориг гарган эрсдэл хүлээж буй эерэг дүр гэдэг утгаар нь хүлээж авах нь зүйтэй.
Хууль батлагдах нэг хэрэг. Хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах нь туйлын чухал. Манай ажлын хэсэг хууль батлагдахаас гадна хэрэгжүүлэхэд, олон нийтэд таниулах, мэдээлэл өгөхөд анхаарч ажиллана.
-Урамшууллын талаар та түрүүн цухас дурдлаа. Манай улсын хувьд төрийн албаныхан илүү шүгэл үлээх болов уу гэх бодол төрсөн. Гэтэл тэднийг урамшуулахдаа хувийг нь бууруулна гэж тусгасан байсан?
-Урамшууллын нөхцөл, босго хэмжээ зэргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Мөн хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй асуудлууд ч бий. Тухайлбал, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий төрийн байгууллага, гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан мэдээлэл хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар төрийн нууц хамгаалах үүрэгтэй ажилтан, төрийн нууцтай танилцах эрх бүхий этгээд болон тэдний хамаарал бүхий хүмүүст үйлчлэл хамаарахгүй. Иймээс ажлын чиг үүргийнхээ дагуу олж авсан мэдээллээ буруугаар буюу хувийн эрх ашгийн төлөөр мөнгө олох хэрэгсэл болгох ашиглах нөхцөл байдал үүсгэхгүй байх зохицуулалт хуулийн төсөлд тусгасан.
Цаашид болгоомжлох асуудал бий. Онцолбол, олж авсан мэдээллээ төлөөний этгээдээр дамжуулж мэдээлээд ашиг авах эрсдэл бий. Бусад улсын тухайд шүгэл үлээгчийг шударгаар мэдээлэл өгсөн этгээд гэж тодорхойлсон. Шударгаар мэдээлэл өгнө гэдэг нь өөрийн итгэл үнэмшлийн дагуу нийтийн эрх ашигт хэрэгтэй гэж үзээд мэдээлэл өгөхийг хэлнэ.
Нөгөө талаас хуулийн төслийн гол зохицуулах асуудал нь мөнгөн урамшуулал гэхээс илүү шүгэл үлээгчдийг хамгаалах тухай юм. Ажил олгогчийн эсрэг шүгэл үлээвэл ажлын байрыг нь хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүй байх талаар хуулийн төсөлд тусгасан. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд шүгэл үлээгчийг оруулахаар тусгаж байгаа. УИХ-аар тус хуулийн төслийг хэлэлцэх явцад хэрхэн өөрчлөх нь гишүүдийн бүрэн эрхэд хамаарна.
Төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар иргэд илүү их мэдээлэлтэй болсноор авлига, албан тушаалын гэмт хэрэг буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд олон мэдээлэл ил болж байгаа. Гэхдээ ил тод болсон мэдээллийг хэрхэн хооронд нь дүн шинжилгээ хийж, дүгнэх вэ гэдэг нь цаг хугацаа их шаарддаг. Ийм учир мэдээлэлд хэрхэн дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг ч манай ажиллагааны хүрээнд судалж байна.
-Мэдээлэл өгсөн хүнд чирэгдэл учрах магадлал хэр вэ. Аливаа хэргийн гэрч болсон хүмүүсийг хуулийн байгууллагаас байнга дуудах нь иргэдэд хүнд байдаг шүү дээ?
-Энэ бол хэрэг хянан шалгах, мөрдөн байцаах процессын асуудал. Мэдээлэл өгсөн иргэнийг дахин дахин дуудах нь санаачилгыг нь мохоох сөрөг талтай байж болох
талтай ч энэ нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэхээс илүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах асуудал юм.
Ер нь тухайн хэргийг мөрдөн шалгаж байгаа тусгай чиг үүргийн байгууллага, мөрдөгчийн хувьд хэр ойрхон хугацаанд мэдээлэл авах шаардлагатай вэ гэдэг нь тухай мөрдөн байцаалт, хэрэг шалгах явцаас хамааран шийдэх асуудал. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээлэл авах шаардлага үүсэж болно.
-Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудын саналыг хэр их тусгасан бэ?
-Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. УИХ дахь ажлын дэд хэсгээс иргэний нийгмийн байгууллагуудтай хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Цаашид ч хэлэлцүүлгүүд хийх хуваарьтай талаар мэдээлэл авсан.
Бид Шүгэл ажиллагааны хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд болон сэтгүүлчидтэй нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Авлигатай тэмцэхэд олон талын оролцоог хангах шаардлагатай.
Өдөр тутам нийгэмд тулгамдаж буй асуудал, яагаад хийж болдоггүй юм бэ гэж бодогдмоор олон ажил төсөвгүй гэх шалтгаанаар хойшлогддог, хэрэгждэггүй. Гэтэл авлига, албан тушаалын гэмт хэргээр их хэмжээний хулгай нүүрлэсэн байгаа нь ил болсон. Төсвийн хөрөнгийг мэдээлэлд ойр хүмүүс ашигласаар байгаа жишээнүүд ч гарлаа. Энэ мэтчилэн шударга бус зүйлийг таслан зогсоох, ирээдүйд хүртээмжтэй, шударга, тэгш нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилгоор авлигатай тэмцэх зайлшгүй шаардлагатай.
-Авлига, албан тушаалын хэргүүд төрийн болон орон нутгийн өмчит компаниудад ямар хэмжээнд байгааг ил болж буй мэдээллүүдээс харж болохоор байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Хаврын чуулганаар хүлээгдэж буй томоохон хуулийн төсөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль бий. Сүүлийн үед гарч буй авлигын томоохон хэргүүд төрийн өмчит томоохон компаниудтай холбоотой байна. “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк зэрэг компаниуд төрийн өмчит компаниуд.
Цаашид төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулж, тодорхой салбаруудад төрийн өмчит компани үйл ажиллагаа эрхлэх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг тодорхой болгож байж манай эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжирна. Манай улс уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа нь эрсдэл их дагуулдаг. Энэ салбарт ажиллаж буй төрийн өмчит томоохон компаниудынхаа засаглалыг сайжруулах, худалдан авалтыг ил тод болгох, нягтлан бодох бүртгэлд нь сайтар хяналт тавьснаар авлигын эрсдэл бодитой буурна.
Иймд худалдан авалт, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоход зайлшгүй анхаарч, сайжруулах хэрэгтэй. Хаврын чуулганаар дээр дурдсан хоёр хуулийн төсөл батлагдвал цаашид төрийн өмчит компаниудыг ил тод, хувьцаат компани болгох, илүү сайн хяналт тавих боломж бүрдэнэ.
Бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчидтэй мөн эдгээр хуулийн төсөл дээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
-Төр өөрөө компани байгуулж, хувийн хэвшилтэй шударга бусаар өрсөлдөж байна гэх шүүмжлэл их. Ер нь төрийн өмчит компани байх ёстой юу гэх асуудал ч яригдах болсон шүү дээ?
-Аль ч улсад төрийн өмчит компани байдаг. Хөгжингүй орнуудын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг нь төрийн өмчит компаниуд. Манай улсын хувьд стратегийн, нийтийн үйлчилгээний салбарт төрийн өмчийн оролцоо байхаас өөр аргагүй. Тодорхой хэмжээнд нийтийн үйлчилгээг хүргэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхэд төрийн болон орон нутгийн өмчит компани үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй. Хамгийн чухал нь авлигын эрсдэлийг яаж бууруулах тухайд бий. Хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх нь мөн чухал байна. Нөгөө талаас зарим салбарт төрийн өмчийн оролцоо байх шаардлагатай юу гэдэг бодлогын асуудлыг мөн тодорхой болгох нь зүйтэй.
Мөн цаашид нэг бодолцох ёстой зүйл нь төрийн өмчит компаниуд эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг хангахад бид анхаарах хэрэгтэй.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нээлттэй ярих болсноор төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага нь шийдвэр гаргаж эрсдэл хүлээхээс болгоомжилдог болох нь төдийлөн эдийн засгийн үр өгөөжгүй, харин ч зардал нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс төрийн өмчит компанитай холбогдох шийдвэрийг гаргах процесст хамаарах дүрэм журмыг сайтар мөрдөж, шаардлагыг нь хангасан бол тухайн шийдвэрийг гаргаснаар хувь хүн дээр эрсдэл хүлээдэггүй байхад мөн анхаарах хэрэгтэй. Үгүй бол төрийн ажил гацах, эс үйлдэл нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нь эдийн засгийн хувьд үр өгөөжгүй.
Шаардлага хангасан, хийгдэх ёстой зүйлс нь бүгд хийгдээд ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн дагуу шийдвэр гаргасан бол тухайн шийдвэр гаргасан хувь хүнийг хамгаалах зохицуулалтыг бий болгох нь төрийн албанд ажиллах урам зоригийг нэмэгдүүлж, төр шударгаар зүтгэсэн хүндээ халтай биш, харин ээлтэй байх боломжийг бүрдүүлнэ.
Эх сурвалж:IKON.MN