У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Мартын 8”-ныг яаж тэмдэглэсэн бэ?
Бид “...Ковид” гээд бараг хоёр жил хорионд байлаа. Өнгөрсөн зунаас хойш энгийн амьдралдаа эргэж орсон. Намраас хойш тохиодог баяруудыг ёстой нэг утгаар нь тэмдэглэж байна. Сая цагаан сар гэж юу болоод өнгөрөв өө. Цаг агаар ч сайхан. Битүүнээс л “...Хавар ирсэн”-ийг зарлав шүү. Ингээд цагаан сар өргөн ч, удаан ч үргэлжиллээ. Залгуулаад өнгөрсөн долоо хоногт “Мартын 8”-ныг тэмдэглэлээ.
Ер нь бол ковидоос хойш ийм томоохон баяруудад төрийн зүгээс ч нэлээд ач холбогдол өгөөд байдаг болсныг онцлох хэрэгтэй. Цагаан сар ч ойлгомжтой. “Мартын 8”-ныг ч төрийн институциуд дор бүрнээ, өөр өөрийнхөөрөө тэмдэглэж өнгөрүүллээ.
“Мартын 8” буюу 2023 оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тухайд өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д нэлээд анхаарч байна. 2023 оны гуравдугаар сарын 3-нд ивээл дороо “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд зохион байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөн дээр үг хэлэхдээ“...
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс зарим асуудалд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай. Энэ талаарх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя” гэсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Мартын 8”-ны өдөр УИХ-ын үе үеийн эмэгтэй гишүүдийг хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн. УИХ-ын 33 жилийн түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Дээрх 30 гаруй жилийн хугацаанд анх нийт УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлжээ. Тэр дундаа сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгдсэн байна. Тодруулбал, “...2016-2020, 2020-2024 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-аас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй” гэж УИХ-ын дарга хэлсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд “Мартын 8”-ны өмнөх өдөр МУБИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өгсөн. Маргааш нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г хүлээж авч уулзсан. Уулзалтын үеэр УИХ-ын дарга “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар дэмжихийг Элчин сайдаас хүсжээ.
УИХ-ын дарга 2023 оны гуравдугаар сарын 10-ны баасан гаригт ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, авлигатай тэмцэх асуудлаарх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мартын 8”-ны өдөр эрх нь зөрчигдсөн, сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн талаарх холбогдох байгууллагуудын танилцуулгыг сонсжээ. Энэ талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Ер нь түүний тухайд “Мартын 8”-ны өдөр дуугүй суугаад байдаггүй. Ерөнхий сайд болсон жилээ буюу 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаан болсон. Тэр хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх баримттай танилцсан. Дараа нь ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан.
Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал” гээд “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” гэж байсан юм.
Бас Т.Чимгээг зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаа мэдэгдэж байв. Энэ дагуу дээрх материалууд нууцаас гарч, нэлээд үйл явдал өрнөсөн. Өдгөө НПГ-аас Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөх байгууллагууд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулаад байна. Бас Малайзад амиа алдсан А-гийн асуудлаар 2022 оны гуравдугаар сарын 8-нд, дахин намар нь аравдугаар сарын 11-нд тус улс руу захидал илгээж байв. Түүндээ “...Хоёр улсын харилцааны асуудлыг дурьдаад, энэ хэргийг шийдэх цаг нь болсон юм биш үү гэсэн өгүүлбэр бичсэн байсан. Ийм учраас энэ их асуудалд дунд иргэнийхээ асуудлыг анхаарч, цаг үеэ олсон захидал явуулсан Ерөнхий сайдад иргэнийхээ хувьд талархал илэрхийлэх ёстой” гэж С.Шаарийбуу гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг юм.
“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!
Манайхныг ийнхүү “Мартын 8”-нд анхаарч байх зуурт нэг явдал боллоо. X Богд Монголоос тодорсон талаарх мэдээллийг эх сурвалжууд түгээлээ. Дөрөв хоногийн өмнө Энэтхэгт болсон явдлын зураг хөрөг, түүнийг дагасан мэдээ, нийтлэлүүд хөвөрч байна.
Тодруулбал, XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотыг Зүглэг Хан дуганд болсон авшиг хүртээх ёслолын үеэр энэ тухай зарлажээ. Гэхдээ энэ “...X Богд тодорлоо” гэдэг нь та бидний байсгээд л сонсдог хутагт, хувилгаадын хойд дүр тодорсонтой холбоотой бусад мэдээллүүдтэй агаар нэг юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс Үндсэн хуулиараа шашин шүтэх эрхийг чөлөөтэй нээсэн. Тэр утгаараа Монголд хүн төрөлхтний итгэж үнэмшдэг бараг бүх шашин зэрэгцэн оршдог. Хамгийн гол нь энэхүү шашны асуудалд Монголын төр оролцдоггүй. Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийн 9.1-д “...Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, 9.2-т “...Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй”, 9.3-т “...Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан. Ингэж төрийн хэрэг төрийнхөөрөө, шашных нь шашнаараа явж ирсэн. Тэр утгаараа, X Богдын асуудал дээр Монголын төрийн байр суурь ямар нэг байдлаар гарч ирэхгүй нь тодорхой юм. Харин Монголын Бурханы шашинтны төв хэмээдэг Гандантэгчинлэн хийдийн зүгээс “үг” дуугарч болох юм.
Хамгийн гол нь энэ үйл явдал нь цаагуураа зарим улс орны геополитикийн шинжтэй байр суурьтай холбогдоно. Шулуухан хэлэхэд, “...X Богд Монголоос тодорсон” гэдэг нь зарим хөршид маань таалагдахгүй л болов уу.
Судлаачид, экспертүүд ингэж дуугараад эхэлсэн байна. Бид мэднэ, XIV Далай лам Монголд айлчлах гэж юу болдог билээ дээ. Ямартай ч “асуудал” дагуулах магадлал өндөр. Их эвгүйтвэл ямар нэг “хариу арга хэмжээ” ирж мэдэх л юм. Тэгэхээр бид энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн үг.
Оюу толгойн далд уурхай “доллар даллах” уу?
Уг нь өнгөрсөн оны сүүлчээс эхлээд манай эдийн засагт П.Жасрай гуайн 20-иод жилийн тэртээ хэлж байсан шиг “...Хонгилын үзүүрт гэрэл” харагдаж эхэлсэн. Эдийн засгийн үзүүлэлт болдог зарим “тоо” илтэд сайжирч үзэгдсэн.Тэгвэл 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр ч сайн мэдээ бишгүй дуулдсан. 1.3 тэрбумд хүртэл унаад байсан ам.долларын нөөц оны сүүлч гэхэд 3.4 тэрбумд хүрсэн байдаг. Юунаас болсон нь ойлгомжтой. Нүүрсний хулгай зогсож, нүүрсний далд бизнес цэгцэрч, боомт бодитойгоор сэргэж эхэлж байна гэсэн үг.
Түүнчлэн өнөөдөр нэг түүхэн үйл явдал болох гэж байна. Оюу толгойн далд уурхай нээлтээ хийнэ. Оюу толгой өнөөдрөөс эхлээд одоогийнхоосоо гурав дахин илүү ашигтай олборлолт хийхээр болж байгаа юм. Үнэн хэрэгтээ, “...Монгол Улс “Оюу толгой” төслөөс хэзээ ашиг хүртэх вэ” гэдэг нь маш тодорхойгүй болоод байсан.
Хөрөнгө оруулалтын болоод бусад гэрээг 2009 онд байгуулсан. Түүнээс хойш манай эзэмшдэг 34 хувь дээр “хөрөнгө оруулалтын өр” бодогдсоор ирсэн. Энэ хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр бичигдээд байсан. Бусад асуудал нь гацаанд ороод байв. Гэхдээ 2021 оны сүүлчээр хоёр тал тохироонд хүрч, дээрх өрийг тэглэж, улмаар далд уурхайг эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ утгаараа энэ Засгийн газрын хийсэн хамгийн амжилттай, томоохон ажлуудын нэг юм. Тэгээд ч хоёр талын тохироо хэрэгжиж, хэлэлцэж ярьснаараа өнөөдөр нээлтээ хийж байна. Дашрамд хэлэхэд, Оюу толгойн далд уурхай бол дэлхийд эхний тавд орно. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай далд орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм.
Ер нь бол Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Тус төслийнхэн одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авдаг.
Тэгвэл Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Тухайлбал, далд уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай юм байна. Тэр утгаараа, далд уурхай нь манайх руу ам.доллар даллах, эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болох хүлээлтийг бидэнд үүсгээд байна. Тиймээс нээлт нь түүхэн үйл явдал болж байгаа хэрэг билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин