Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Ард түмэн төрөө байгуулж, хянадаг болно

оруулсан Алсын Хараа
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  “ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна.
-Та Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.  1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараах он жилүүдэд энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх ёстой гэсэн яриа нэлээд гарч байжээ.  Гэвч ард иргэд төдийлөн ойл­голтгүй байх шиг.  Ер нь Үндсэн хууль гэж юу юм.  Яагаад өөрчлөх ёс­той вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Аливаа улс орны хөгжил мухардсан, хямарсан, ард иргэд нь бухимдсан, тэдний ирээдүйтэй холбоотой асуудлууд шийдэгдэхгүй, шийдэгдэх эсэх нь ч тодорхойгүй ийм цаг үед энэ нөхцөл байдлаас гарах хоёр арга байдаг.
Үүний нэг нь хувьсгал тэмцэл, нөгөө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн арга юм.  Би бодохдоо өнөөдөр Монгол Улсад тулж ирсэн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас гарах зөв арга бол заавал жагсаал, цуглаан мөргөлдөөн, зөрчилдөөн биш Үндсэн хуулийг  шинэчилсэн  байдлаар найруулж өөрчлөх  нь зүйтэй гэж ойлгож байна.  Ингэж Монгол Улсын хөгжлийн нэгэн шинэ эрин үеийг эхлүүлэх цаг хугацаа болсон.  1992 онд Үндсэн хуулийг батлахад нь цаг үеийн нөхцөл байдал яг өнөөдрийнхтэй төстэй байсан.  Тухайн нийгмийн харилцаа хямралтай байсан.  Үүнээс гарах гарц нь жагсаал цуглаан гэхээсээ илүү шинэ Үндсэн хууль байсан юм.  1992 оноос өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд ч яг л адилхан тухайн цаг үеийнхээ шаардлагаас урган гарсан байдаг.  Энэ талаарх эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг нэгтгээд харвал, 1992 оноос өмнө байсан Үндсэн хууль нийгмийн хувьд нэг намын тогтолцоотой байсан учраас тэр намыг тойрч улс орны чухал үйл явдлууд өрнөдөг байв. Тэр нь тухайн үедээ нийгэмд эерэг чиг баримжаа, хандлагыг үүсгэж байсан гэдэг нь ойлгомжтой.  Гэхдээ энэхүү тогтолцоо нь нийгмийн хөгжлийг гацааж, зогсоож эхэлсэн байдаг.   Ялангуяа хүний эрх,  эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй болох эрхүүд зөрчигдөж байв. Мөн тухайн цаг үед  дэлхий дахинд ноёлж байсан ардчилсан төрийн тогтолцоо Монголд байхгүй учраас иргэд бухимдаж эхэлсэн.  Ингээд 1992 оноос нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжжээ.    Төрийн зүгээс энэ ажлыг манлайлан зохион байгуулж, 1992 оны Үндсэн хуулийг маш олон хоног хэлэлцэж баталсан.  Энэ хууль маань  хэрэгжиж эхлээд 30 гаруй жил болжээ.
-Эрх баригчдын зүгээс 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэдэгт ямар байр суурьтай байгаа вэ.  Бид шилжилтийг яаж хийх ёстой вэ?
-Тухайн үед Монгол Улс нам төвтэй тогтолцооноос төр төвтэй тогтолцоо руу амжилттай шилжиж чадсан. 1992 оны Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлсэн хүмүүст бид талархах хэрэгтэй.  Эгзэгтэй үед хүч хөдөлмөр, ур чадвар, туршлагаа гаргаж нийгмийг сайн сайхан тогтолцоо руу удирдан чиглүүлж цоо шинэ нийгмийг  бий болгож чадсан юм.  Гэхдээ тухайн үеийн хууль батлагчиддаа талархлаа гээд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, хүрч болохгүй, шинээр баталж болохгүй гэсэн зүйл огт байх  ёсгүй.  Яагаад гэхээр Үндсэн хууль гэдэг өөрөө тухайн улсын ард түмний ямар улс оронд амьдаръя гэж хүсч мөрөөдөөд байгаа юм, юунд тэмүүлээд байгаа юм тэрийг нь тогтоодог, бий болгодог байх хэрэгтэй.  Олон улсад Үндсэн хуулийг нийгмийн гэрээ гэж их зөв зүйтэй тодорхойлсон. Үүнийг эрдэмтэн судлаачид ч баталдаг.  Үндсэн хуулиараа гэрээ байгуулсан ард иргэд шууд утгаараа төр засгийнхаа шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадна. Мөн  төлөөллийн байгууллагаараа  энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой.   Ингэснээр төр засаг маань хаа хаанаа хариуцлагажих юм. Ард иргэд, төр засаг хариуцлагатай байна гэдэг Үндсэн хууль хийгээд аливаа хуулийн амин сүнсийнх нь нэг юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулийг яагаад шинэчлэн найруулах ёстой вэ гэхээр төр төвтэй нийгмийн харилцааг Үндсэн хуульдаа тусгачихсан чинь төр засаг өөрөө бүхэлдээ хариуцлагын гадна үлдчихээд байна.  Нам төвтэй тогтолцоо байхад нам хариуцлагын гадна үлддэг байлаа.  Харин одоо төр хариуцлага хүлээдэггүй болчихлоо. УИХ-ыг гэхэд Үндсэн хуульд эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага гээд заачихсан.  Парламентын дээр болон дэргэд ямар ч байгууллага байхгүй байна.  Харин  дор нь Ерөнхийлөгч, Засгийн газар,  хууль шүүхийн байгууллага байх нь байна.  Тэгэхээр төр өөрөө хариуцлагын гадна үлдэж, бүх зүйлийн дээр нь гараад суучихаар өнөөдөр нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүх зүйл хямраад байна. Төрийг нийгмийн харилцааны голд, төвд нь тавьж болдоггүй юм байна.  Нийгмийн харилцааны гол субъект нь ард түмэн юм байна.   Энэ нь 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөх нэг гол шалтгаан юм. Тамгагүй төр, эзэнгүй төр, толгойгүй төр гэж нэрлээд байгаагийн гол  шалтгаан нь ердөө л энэ.  Нам төвтэй нийгэм байснаас төр төвтэй нийгэмд шилжиж, алдаж онож 30 гаруй жил боллоо. Одоо Монгол  Улс нийгмийн дараагийн шинэ харилцаа руу шилжиж, хөгжлийн төлөө өөрчлөлтийг хийх цаг болсон.  Хөгжил ард түмэн, иргэдийн төлөө учраас зайлшгүй Үндсэн хуулийг  шинэчлэн найруулах шаардлагатай байна.  Энэ бол бидний үеийнхэн болон одоогийн төр засагт ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг юм.  Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж, “Та бүхэн маань энэ үйл хэргийг манлайлж ажиллаач. Бид дэмжиж ажиллая.  Гэхдээ Үндсэн хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг яг цэвэр онолын хүрээнд хийж, өөрчлөх хэрэгтэй” гэдгийг хэлсэн.  Ер нь аливаа зүйл онолын дагуу явахгүй болохоороо ойлголтоор амьдарч эхэлсэн. Аливаа асуудалд бүх хүн өөр өөрийн ойлголтоор яваад байх юм бол хэзээ ч энэ улс орны асуудал цэгцрэхгүй шүү дээ.  Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байх болно.  Улс орны ийм ороо бусгаа байдал нь  маш их хор уршигтай.   Өнөөдрийн ганц хоёр жишээ гэхэд залуучуудын амьдрал, иргэдийн эрүүл мэнд, хүний эрх эрх чөлөөний асуудалд хортой байна.  Цаашлаад улс орны ҮАБ, тусгаар тогтнолд нөлөөлөх хор уршигтай байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа онолын өөрчлөлтүүдийг тодорхой тусгаж, улс орноо эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зарчмын саналаа илэрхийлсээр байна.
-Улс төрийн намууд нэгдэж, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан.  Нэг хэсэг нь цоо шинэ Үндсэн хууль гэж яриад байгаа.  Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Шинэ Үндсэн хууль биш шинэчилсэн найруулгын төсөл юм.  1992 онд баталсан Үндсэн хууль дээр үндэслэж, дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэж, илүүг нь хасаж, огт байхгүйг нь нэмсэн ийм төсөл болсон.  Аргачлалын хувьд шүү дээ.  Улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд хариуцлагатай хандаж байна.  Одоогийн нөхцөл байдалд Үндсэн хууль алдаа гаргасан хүнд хариуцлага хүлээлгэдэг биш алдаа гаргасан хүнийг хариуцлагын гадна үлдээдэг, мулталдаг болчихоод байна.   Харин бидний боловсруулсан Үндсэн хуулийн төслөөр хариуцлага алдсан л бол хаашаа ч зугатааж чадахгүй ийм төсөл болсон гэдгээрээ онцлог.  Магадгүй энэ онцлогийг олж харсан, хариуцлагаас мултараад сурчихсан хүмүүс эсэргүүцэх болов уу.  Тэдэнд маш эмзэг тусах нь тодорхой.  Хэн ч би алдаа гаргачихлаа хариуцлагаа хүлээе гээд ирэхгүй шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс дуртай ч дургүй ч байсан  Үндсэн хуулиа өөрчилж, хариуцлага тооцдог тогтолцоо руу орох нь гарцаагүй.   Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцаад миний бие Үндсэн хуулийн төслийг  боловсруулах ажлыг хэсгийг ахалж ажиллахаар болсон.  Залуу удирдагчийн хувьд асуудлыг зөв талаас нь харж, сайн сайхан нийгмийг бий болгох хүсэл эрмэлзлэлтэй байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай ч уулзсан.  Ингээд өнгөрсөн хэдэн сарын хугацаанд улс төрийн намуудын төлөөлөл цаг наргүй сууж, олон талын судалгаа хийж, Үндсэн хуулийн төслөө боловсруулаад байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан.
сонин mn
Тэрбээр хямралт байдлаар гарах арга замын тухай гурван зүйл хэлсэн.  Нэгдүгээрт, юу ч хийхгүй яг хэвээрээ байя. Тэгээд нэг мэдэхэд гарчихаж магадгүй тухай.  Энэ нь хүнийг хүнээр солих тухай асуудал  л даа.  Өнгөрсөн хугацаанд хүнийг хүнээр солиогүй биш олон сольсон.  Өөрчлөлт авчраагүй, харин ч нийгмийн асуудал доройтсон.  Тэгэхээр энэ бол өөрийгөө хуурсан, гэнэн арга юм. Хоёрдугаарт, Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн.  Тухайлбал,  УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай.  Гишүүдийн тоо миний бодож байгаагаар бол  76 гишүүн олондож байна.  Монгол шиг цөөн хүн амтай оронд 33 орчим гишүүн болно. Гэтэл төлөөлж байгаа гишүүдийн тоо цөөн учраас төр засгийн бодлого буруу байна.
Төлөөллийн ардчилал хэрэгжихгүй байна гэнэ.  Үгүй юм аа, хариуцлагын тогтолцоо байх юм бол хэдэн  ч гишүүнтэй байж болно. 76 хүнийг 152 болгосноор асуудлыг шийднэ гэж байхгүй. Мөн сонгуулийн холимог тогтолцоог хуульчилъя гээд байх шиг байна. Бас л гэнэн арга.Парламентын засаглалыг нэмэлт өөрчлөлтөөр биш шинэчилсэн найруулгаар бэхжүүлэх нь зүйтэй юм.  Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цоо шинэ Үндсэн хууль хийе, энэ гурвын алинаар нь ч явахад би бэлэн байна гэсэн.
Саяхан Зөвлөлдөх зөвлөл байгуулагдахаас өмнө Төрийн ордонд, Ардын Их хурлын танхимд 600-700 орчим хүн хуралдсан.
Тэр хуралд оролцож байгаа хүмүүсийн бараг 70 гаруй хувь нь Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өгсөн.   Мөн Зөвлөлдөх зөвлөлийн хүрээнд иргэдийн 60 гаруй хувь нь шинэчилсэн найруулгын төсөл хэрэгтэй гэжээ.
Тэгэхээр энэ нь ард түмний хүслийг харуулаад байна.  Үндсэн хуулийг шинэчлэн найруулснаар  улс орны тусгаар тогтнол алдагдана гэсэн зүйл байхгүй.  Төр засаг хямарна гэж байхгүй.  Ингэж бие биенээ хуурч, ард түмнээ айлгаад, тархи толгойг нь угаагаад байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдын хэлж байгаа гурав дахь замыг сонгож, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх нь зүйтэй юм.
-Хийж чадахгүй бол ямар нөхцөл цаг үе биднийг хүлээж байна вэ? 
-Нэгдүгээр зам буюу юу ч хийхгүй яг хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүй.  Уурлаад бухимдаад, өр ширэндээ баригдаад, магадгүй улс орны аюулгүй байдал эмзэгшилтэй болохыг үгүйсгэх аргагүй.   Дараагийн нэг арга нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах зам бий.   Ингэснээр улс орны нийгэм эдийн засгийн байдал дээрдэхгүй, харин ч дордоно.  Энэ бол жинхэнэ аюул.  Гурав дахь нь бол  Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга.  Энэ өөрчлөлтийг хийснээр төр төвтэй, хариуцлагаас мултардаг байдлыг халж, ард түмэн төвтэй, тэдэнд үйлчилдэг, тэднээс айдаг ийм хариуцлагатай төр засгийн систем рүү шилжих юм. Төрд хулгай гардаггүй Үндсэн хуультай болъё.  Би өнгөрсөн хугацаанд олон улс орны Үндсэн хуулийг үзлээ, хүмүүстэй ярилцлаа.  Тэд  хэлж байна.  “Ер нь их энгийн шүү, хулгайч хүн төрийн ямар нэгэн өндөр албан тушаалд очсон ч хулгай хийж чадахааргүй ийм хуультай байхгүй юу, манайх” гэж зарим нь хэлж байна.  Тэгэхгүй сайн хүн, үлгэрийн баатар, бурхан багш шиг хүн өндөр албан тушаалд очоод Монгол Улсыг аварна гэвэл тэрэн шиг гэнэн юм байхгүй шүү гэж байна. Тэгэхээр улс төрийн намуудын хамтран боловруулсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл маань хулгайч хүн албан тушаалд очоод хулгай хийж чадахгүй, эргүүлэн татагдах тийм л хууль болсон.  Одоогийн хууль маань олон хулгайчийг хаацайлаад байна шүү дээ.  Өнгөрсөн хугацаанд төрд олон ч том хулгай гарлаа.  Нэг нь шийдэгдсэн үү.  Бодох л хэрэгтэй.
-Одоогийн Үндсэн хуультай харьцуулахад та бүхний боловс­руулсан Үндсэн хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөлд ямар тухайлсан өөрчлөлтүүд орсон бэ?
-Маш энгийнээр тайлбарлахад, нийгмийн харилцааны голд нь л монгол хүнийг, ард түмнийг тавьчих.  Монгол Улсын эзэн хэн бэ Монголын ард түмэн. Монгол Улсын иргэн шүү дээ. Яагаад гэвэл  Монголын ирээдүй, одоо үе нь, өнгөрсөн цаг хугацаа нь монгол хүн. Өөр хэн ч биш. Ард түмэнгүйгээр тусгаар тогтносон улс орон байхгүй, харин тусгаар тогтнолоо алдаад ард түмнийхээр хүсэл зориг, эв нэгдлээр сэргэсэн улс орнуудын түүх олон. Тухайлбал, Еврейчүүд байна.  2000 гаруй жилийн өмнө нутгаасаа хөөгдсөн. Ингэхдээ тарж бутарсан ч шашин, хэл, соёл, ой санамжаа хадгалж үлдсэн учраас Еврейчүүд 2000 жилийн дараа 1948 онд дахин улсаа байгуулж чадсан.  Яагаад гэвэл улс орон нь тарж бутарсан ч гэлээ еврейн ард түмэн байсаар байсан байна. Тэгэхээр бидний гол зорилго бол парламентыг заавал энэ хэвээр нь байлгах гээд байлгах шаардлага байхгүй.  Ард түмэн бол бидний үнэт зүйл болохоос биш УИХ биш.  Ард түмэн байгаа цагт парламент, Засгийн газар, шүүх бий болно. Ард түмэн нийгмийн харилцааны голд орсноор төр засагт хариуцлагаа тавьж чадна.  Төр засаг хариуцлагатай байснаар Монгол Улс хөгжинө.
Т.САЙХАН   
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл бичих