Зөвлөлдөх зөвлөл ирэх даваа гарагт зөвлөмжөө УИХ-д хүргүүлнэ

оруулсан Алсын Хараа

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдэл эрэлхийлэх зорилгоор зохион байгуулсан "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-нд Төрийн ордонд боллоо.

Санал асуулгын эхний шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 800 хүн хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад оролцсон юмТус арга хэмжээ өндөрлөсөнтэй холбогдуулж Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болон оролцогчдын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

 Хоёрдугаар шатны зөвлөлдөх уулзалт нь,

•иргэний болон улс төрийн эрх, хариуцлага

•парламентын ардчилал

•эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах

•нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Ингэхдээ Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөх чадамжтай хэмээн үзэж, ажил мэргэжил, оршин суугаа дүүрэг, сум, насны хувьд ялгаатай 800 хүнийг дээрх уулзалтад оролцуулсан хэмээн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд онцолж байв. Мөн энэ сарын 20-нд Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг УИХ-д хүргүүлэхээр тогтсон болохыг хэллээ.

 

Баянхонгор аймгийн иргэн Ш.Чимэгээ “Би АН-ын гишүүн. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдээ төлөөлж энэхүү Зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уг уулзалтад оролцсоноор маш их мэдлэг олж авлаа. Улс төрийн тогтолцооны асуудлаар өөрийн байр суурийг энэ үеэр гаргаж, холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Зөвлөлдөх уулзалтад 800 хүн оролцсон ч зохион байгуулалтыг сайтар хангаж ажилласан нь илт байсан. Бидний зүгээс өгсөн саналуудыг ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Өмнөговь аймгийн иргэн Н.Баттунгалаг “Миний хувьд ямар ч бэлтгэлгүйгээр энэхүү мэдээллийг өгч байна. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын үеэр “Оролцогчид унтлаа” гэсэн шүүмж цахим орчинд цацагдсан. Би 31 дүгээр бүлэгт хуваарилагдаж, оногдсон сэдвээр хэлэлцүүлэгт оролцсон. Гэртээ хүүхдээ хараад сууж байсан хүн ийм уулзалтад оролцсондоо баяртай байна. Энэхүү хуралд оролцсон иргэд маань энгийн хүмүүс. Иймээс хуралд оролцохдоо хоёр дахь өдрөөсөө ойлгож зүгшрэн, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн” гэв.

“Монголын хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалт “Тус уулзалтад миний бие ажиглагчаар оролцлоо. Ажиглагч нь ямар нэгэн байдлаар өөрийн байр суурийг илэрхийлэх боломжгүй байдаг юм байна. Эхний үе шатанд нийгмийн идэвхтэй хэсгийнхэн оролцсон гэж харж байна. Харин энэ удаагийн уулзалтад энгийн иргэдийг тохиолдлын байдлаар сонгон оролцуулсан нь илт байсан. Оролцогчид 15 хүнтэй баг болон тодорхой асуудал дээр байр сууриа илэрхийлж байлаа. Уулзалтыг ерөнхийд нь харахад, тухайн оролцогч ямар арга хэмжээнд оролцож байгаагаа ойлгоогүй ч хүмүүс ирсэн байгаа нь нэг талаас маш сонирхолтой байсан. Энэ нь төлөөллийн ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо. Улс төрийн намууд бодлогын баримт бичгээ боловсруулахдаа ийм хэлбэрийг ашиглах нь оновчтой санагдлаа" гэв.

Зөвлөлдөх санал асуулгыг анх 2017 онд хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар зохион байгуулж байсан юм. Хууль батлагдахаас  өмнө хоёр ч удаагийн арга хэмжээ болж байжээ. Зөвлөлдөх санал асуулгыг нийт иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлаар өөрсдийнх нь саналаар зохион байгуулах боломжтой. Одоогийн байдлаар, 120 зөвлөлдөх санал асуулгыг 50 гаруй улсад зохион байгуулаад байгаа болохыг хэвлэлийн бага хурлын үеэр хөндөгдөв.

Сэтгэгдэл бичих