/МОНЦАМЭ/. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Энэхүү шатны Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу 800 гаруй төлөөлөл нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас хүрэлцэн ирж оролцож байна. Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд өмнө нь зохиогдсон уулзалт, арга хэмжээнүүдийн хамгийн чухал оролцогчид бол өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй иргэд юм. Хэлэлцүүлэгт оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Ингэхдээ нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан аж.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 374, орон нутгаас 426 хүн оролцож байна. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй. Насны хувьд, дундаж нас 37. Хамгийн залуу оролцогч 20-той бол хамгийн ахмад оролцогч 89 настай. Хүйсээр авч үзвэл, хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83-тай бол эмэгтэй оролцогч 89 насных юм. 20-29 насны оролцогч нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл, 25 хувь нь бакалаврын, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магистр болон түүнээс дээш боловсролтойчууд байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид аж. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч гэсэн статистик гарчээ.
Оролцогчид энэ үеэр 15 хүнтэй 54 хэлэлцүүлгийн хэсэгт хуваагдан, хэлэлцүүлгээс гарсан асуултуудад хариулт өгөх юм. Оролцогчдын зүгээс гаргах саналд экспертүүд ямар нэг байдлаар хөндлөнгийн нөлөө үзүүлэхийг хориглож буй. Энэ үеэр иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөнө. Эдгээр сэдвийн хүрээнд академич Р.Гончигдорж, профессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.Алтанзул, Б.Баясгалан, Б.Нарантулга, дэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээлэл өгөх юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалт болон эхний шатны үйл явцыг Зөвлөлдөх зөвлөл дүгнэж, зөвлөмж гарган УИХ-д хүлээлгэн өгнө. Эл уулзалтыг сурвалжлахаар 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 60-аад сэтгүүлч сурвалжлагч ажиллаж байна.