“Койнчид” юунд буруутай вэ?!

оруулсан Алсын Хараа
Ид шалгагдаж буй нүүрсний хулгайтай зэрэгцээд койны хэрэг босч ирлээ. Учир нь сүүлийн үед хохирогчид ч, хохирлын тоо ч нэмэгдсэн байгаа юм. 2020 онд ес, 2021 онд 81, 2022 онд 370, энэ оны эхний сард найман хэрэг бүртгэгджээ.
Хамгийн сүүлд, өчигдөр ЦЕГ-ын албан ёсны мэдээллийн сайтад “...Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан” гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээлэл нийтлэгдэв.
Түүнчлэн цагдаагийнханхан өчигдөр IHC (Inflation Hedging Coin) койныг гаргадаг компанийн оффис дээр үзлэг шалгалт хийсэн гэх мэдээлэл цацагдав. Ер нь бол уг койныг гаргадаг “Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж буй талаар 2022 оны аравдугаар сараас хойш яригдсан.
Энэ компанийг Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од, О.Мөнхжин, Б.Гантиг нар 2021 оны наймдугаар сарын 10-нд үүсгэн байгуулжээ. Гэхдээ хууль хяналтынхан койнтой холбоотой асуудлыг анхаарч эхлэх үеэр Б.Идэр-Од нь компаниасаа нэрээ хасуулсан байдаг. Тус компани байгуулагдсанаасаа хоёр долоо хоногийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 25-нд арилжаагаа эхлүүлсэн.
IHC койны реклам эхнээсээ олны сонирхлыг татаж байв. Койн гаргахынхаа өмнө “...Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг болон комедиан Идэр-Од нар хамтран IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг гаргах гэнэ. Тэд наймдугаар сарын 25-ны өдөр дөрвөн биржээр зэрэг IEO хийх ажээ. IEO гэдэг нь… Initial Exchange Offering хэмээх үгний товчлол ба крипто биржээр дамжуулан койн гаргагчид анхны хөрөнгө оруулалтаа татахыг хэлнэ.
Таны мэдэх ёстой зүйлс:
30 мөнгө: Анх зах зээл дээр нэг койн 30 мөнгөөр гарна.
Нэг их наяд: Нийт нэг их наяд IHC койн бий.
10 хувь: Нийт койны 10 хувийг олон нийтэд санал болгоно.
15 сая төгрөг: Нэг хөрөнгө оруулагч дээд тал нь 15 сая төгрөгөөр худалдаж авах боломжтой.
30 тэрбум төгрөг: Нийт 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Сонирхолтой факт: Үүсгэн байгуулагчдын Instagram дагагчдын тоо давхардсан тоогоор 705 мянга ажээ. Ийм олон дагагчтай инфлюенсерүүд нийлэхээр 30 тэрбум төгрөгийг дор нь босгочих байх даа. Олон нийтийн сүлжээний нөлөө крипто зах зээл дээр ч мөн сүр хүчээ харуулах цаг иржээ.
Эцэст нь… Дараа 7 хоногт white paper гарахаар сайн уншаад, эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтын сонголтоо хийнэ биз ээ. Бид хэд ч бас тухайн үед нь мэдээлэл оруулах болохоор имэйлээ харуулдаад сууж байгаарай” гээд л рекламдсан.
Үнэхээр ч энэ нь биелж “...30-хан секундын дотор 30 тэрбумыг босгосон” гэх дуулианы эзэд болцгоосон. Ингээд л цаашаа явж өгсөн дөө. 2022 оны хоёрдугаар сарын 25-нд “...“Ихбит” компанийн охин компани болох Икс Мета бирж олон улсын Binance.com-той албан ёсны партнёр болж олон улсын зах зээл, дотоодын зах зээл дээр хамтран ажиллах гэрээ үзэглэлээ” гэсэн мэдээлэл ч цацагдаж байв. Түүндээ “...Дашрамд дуулгахад “Ихбит” компани нь  хөрөнгө оруулалтын зах зээлд шинэ салбарыг нээж, цаашлаад виртуал хөрөнгийн талаарх мэдээ мэдээллийг тогтмол хүргэн маш богино хугацаанд амжилттай ажиллажээ. Мөн 2021 оны наймдугаар сарын 25-нд Монголын дөрвөн крипто бирж дээр нэгэн зэрэг IEO-гоо хийсэн ба хоёрдагч зах зээл нээснээс ердөө нэг сарын дотор 2500%-ийн өсөлтийг үзүүлсэн амжилттай байгаа юм” гэсэн байдаг. Олон нийт ч хошуурсан.
Гэвч өнөөдөр тэдний цуглуулсан хийгээд тэдэнд оруулсан мөнгө “эрэн сурвалжлагдаад” эхэллээ. “Ихбит”-ийн залуус шалгагдаж, хөрөнгө оруулагчид нь хохирогчид гэсэн нэртэй болоод гараад ирлээ. Гэхдээ “койнчид” яагаад буруутах болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Уг нь төрийн нэрийн өмнөөс ийм санхүүгийн үйл ажиллагааг зохицуулдаг, бодлого барьдаг газрууд койн дэлгэрэх үеэс л сэрэмжлүүлж ярьсаар байжээ.  Жишээ нь, 2021 оны наймдугаар сарын 26-нд Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэн “...Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж байна. Ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй.
Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа. Блокчейн технологийн өндөр нууцлал нь ямар зорилготой, хэнтэй арилжаа хийж буйг мэдэх аргагүй болгосноор энэхүү эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь залилан авах гэмт хэрэг маш түгээмэл бийг мартаж болохгүй” гэж байв.
Бас Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны есдүгээр сарын 20-нд гаргасан мэдэгдэлдээ “..Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд СЗХ-нд нэр бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан шаардлагын дагуу шалгахад дараах нийтлэг алдаа, дутагдлууд илэрч байна. Үүнд үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын ISO/MNS/IEC 27001 стандартыг нэвтрүүлээгүй, нэвтрүүлсэн боловч эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж сертификат аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны орлогоос бүрдсэн эсэх болон гарал үүслийг бүрэн тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтныг тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй гэх мэтчилэн тусгайлсан шаардлагуудын бүрдлийг хангахгүй байна”гэсэн байдаг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгэгдэл бичих