Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

оруулсан Алсын Хараа

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан  Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, тайлбар мэдээлэл өглөө.  Хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүн, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга асан, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл, ажлын хэсгийн жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Д.Сүхжаргалмаа, ШИНЭН-ын дэд дарга,  Үндсэн хууль судлаач Т.Ууганбаяр, тус намын генсек Б.Мөнхжаргал нар  оролцож байр сууриа илэрхийлэв.

Ц.Ганхуяг: УЛС ТӨРИЙН 24 НАМ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДСЭН 

Хэвлэлийн хурлын эхэнд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг Ажлын хэсэг байгуулж,  Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах болсон шалтгаан нөхцөл, ач холбогдлын талаар танилцуулав.  Тэрбээр “1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн Үндсэн хуулийг халах цаг болсныг зөвшөөрч байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хууль хэлэлцэхийг шаардаж байна.  Тиймээс улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн.  Төр муу байгаа нь, төр байгуулдаг гол хууль болох Үндсэн хууль муу байгааг илтгэж байна. Төр авилгатай байна. Төрд хулгай нүүрлэж байна. Төр дарангуйлагч болж уу. Хонгилын шүүх байна уу. 650 хууль хүний эрхийн зөрчилтэй байна уу. Улс хөгжихгүй, иргэд ядуу байна.  Энэ бүхэн Үндсэн хуулиас үүссэн хямралууд юм. Тиймээс одоогийн Үндсэн хуулийг халах цаг болжээ. Ард түмний санал асуулгаар цоо шинэ Үндсэн хуулийн төсөл батлах саналыг бид гаргаж байна.

Ард түмний санал асуулгын тухай хуулиар бүх асуудлаа шийдье” гэлээ.  Мөн тэрбээр “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэглэхийг эсэргүүцэж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх эрх мэдэл Зөвлөлдөх зөвлөлд байхгүй. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх мэдэл парламентад ч байх ёсгүй. Зөвхөн ард түмэн л шинэ Үндсэн хуулийн төслийг батлах эрхтэй. Ерөнхий сайдын 109 тоот захирамж гарч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлаар нэгтгэн боловсруулсан саналыг 2022 оны есдүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаярт даалгасан. Ингээд өөрийн гэсэн Үндсэн хуулийн төсөлтэй дөрвөн нам нийлж дундын хувилбарыг гаргаж ирээд байна. Одоогийн хуулиас бүх талаар илүү болсон гэж Ажлын хэсгийн эрдэмтэд дүгнэж байна. Энэ төсөл нээлттэй байгаа. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орох ёстой. Ард түмний шүүлтүүрээр орж төгс төгөлдөр хууль болоосой гэж хүсэж байна.  Бид Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ ёсоор атгуулахын төлөө ажилласан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан.

Өөрөөр хэлбэл, ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Тиймээс ч Шинэ Үндсэн хуулийн төслийн дугаар зүйлд “Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон, ард түмний засаглал мөн” гэж хуульчлах санал оруулж байгаа юм. Судалгаагаар ард түмний олонхийн дэмжлэгийг хүлээдэг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх зарчмын саналуудыг төсөлд багтаасан. Дөрвөн намын төлөөлөл болон эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг Шинэ Үндсэн хуулийн үг үсэг, зүйл заалт бүр дээр  санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэсэн учраас зарим нэг зүйл заалт, зарчим, үг хэллэг надад ч таалагдахгүй байгаа нь үнэн. Та бүхэнд таалагдахгүй үг хэллэг гарах нь гарцаагүй. Гэхдээ төслийг бүхэлд нь уншаад үзвэл зөв юм байна.

Сайн суурь тавьчихсан юм байна.  Бага сага засвар хийгээд урагшилмаар юм байна гэсэн сэтгэгдэл та бүхэнд төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна. Харамсалтай нь, хуучин хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттай дайралт хийж эхэллээ. Хуучин хуультайгаа байвал хэн хожих вэ.  Зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь хэнд ашигтай вэ. Зөвхөн холимог сонгуультай болох хэнд ашигтай вэ. Энэ хоёрхон нэмэлтийг Үндсэн хуульд орууллаа гээд төр засаг цэвэрших үү. Улс орон гүн гүнзгий хямралт байдлаасаа гарч чадах уу. Улс орон хөгжиж чадах уу. Тиймээс хоёрхон нэмэлт хийхээр санаархагчдыг харин эсэргүүцэцгээе. Зөвлөлдөх санал асуулга гэх луйврыг таслан зогсооцгооё. Харин шинэ Үндсэн хуулийн төсөл дээр чадах чинээгээрээ хамтран ажиллаж, нэг сайхан төсөлтэй болцгооё. Тэгээд түүнийгээ ард нийтийн санал асуулгаар баталж,  цоо Шинэ Үндсэн хуультай болцгооё” гэлээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ТӨР ТӨВТЭЙ БИШ ХҮН ТӨВТЭЙ ҮНДСЭН ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ

-1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал хууль байсан.  Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжихээр томьёолсон байдаг. Ингээд УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон. Тэгэхээр УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжсэн байна.  Ингээд парламент гэдэг эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил яваад үзлээ.  УИХ-ын гишүүд, хувь хүний тухай энд ярих зүйл байхгүй. Үндсэн хуульд бичсэн тэр тогтолцоо зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарчихсан.

Хяналтаас гарсан төр засаг нь өөрөө ард түмний бухимдлыг төрүүлж байна.   Хянах ёстой хүмүүсээ хянаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй байгаа нь парламентын чадамжийг харуулж байна. Одоо хүн төвтэй, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн нийгмийн захиалга эрдэмтэд, судлаачид, ТББ, социологичид болон иргэдээс гараад байгаа юм. Бидний боловсруулсан хуулийн төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гээд 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц гэж үзсэн.  Түүнээс биш бид 1992 он Үндсэн хуулийг муулаагүй, үүргээ гүйцэтгэсэн.
Одоогоор улс төрийн 20 гаруй нам Үндсэн хуулийг шинэчлэх тунхаг бичигт гарын үсэг зурсан. Мөн саяхан болсон Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай хэлэлцсэн ард түмний том уулзалт дээр Ерөнхий сайд илтгэл тавьж гурван гарц байгааг тэнд байгаа хүмүүст хэлсэн.  Нэгдүгээрт, юу ч хийхгүй яг хэвээрээ байя. Хоёрдугаарт тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн.  Гуравдугаарт, цоо шинэ Үндсэн хууль хийе, энэ гурвын алинаар нь ч явахад би бэлэн байна гээд илтгэлээ тавьсан. Ерөнхий сайдын илтгэлийн гол агуулга цоо шинэ Үндсэн хууль хийхээс өөр аргагүй юм байна гэдгийг ухаантай л хүн байвал тэрийг сонсоод ойлгох, дүгнэлт хийх хэмжээний утга агуулгатай илтгэл байсан гэж би ойлгосон. Тийм учраас тэнд байсан улсуудын 70 гаруй хувь нь хоёр танхимтай парламентаас авахуулаад цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй гэсэн саналыг илэрхийлсэн.

Мөн хоёр жилийн өмнө МАН, МАХН нэгдэж байх үед Үндсэн хуулийн хямрал эргээд улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна. Үүнийгээ бүгдээрээ сайхан Үндсэн хууль болгоод ард түмнээ баярлуулах юмсан. Байгалийн баялгийг ард түмэндээ өгчих юмсан гэж ярилцаж байлаа. Тийм учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд оролцохдоо "Баялгийн эзэн Монгол" гэсэн лоозонтой орж байсан юм. Түүний цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгөх. Хоёр танхимтай парламент гэдэг нь төр засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх зарчим. Үүнийг зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр хийх боломжгүй.  Цоо шинээр батлахаас өөр аргагүй.  Намууд нэг танхимд нь, нөгөө танхимд нь тэрийгээ хянаж байдаг нам бус зарчмаар орох л асуудал.  Тийм ч учраас энэ нь дөрвөн нам цугларч яриад байгаа зүйл биш, бусад намууд тусдаа 10 гаруй жилийн турш шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад яваад байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд 109 дүгээр захирамжаараа гэнэт байгуулчихсан ч зүйл биш. Нийгмийн захиалга бий болоод байгаа. Ямар ч байсан төслөө явуулъя гэсэн. Ерөнхий сайд залуу хүний хувьд мэдрэмжтэй хандаад намууд ажилла, та нарын саналыг аваад ард түмнээрээ хэлэлцье гэсэн сайхан сэтгэлийг агуулсан.  Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар энэ ажлыг манлайлаасай. Бид ард түмнээрээ хэлэлцүүлээд шийднэ гэдэг байр суурьтай байгаа.

Шинэ Үндсэн хуулийн төслөө 2023 оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад албан ёсоор өргөн барьсан юм. Үүний дараа гадаад, дотоодын Үндсэн хууль судлаач хүмүүстэй харилцсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй Үндсэн хууль байх ёстой учраас гадны улс орнуудыг судалсан юм. Герман, Япон, Энэтхэг, Швед, Польшийн Үндсэн хуулийг судалсан учир эдгээр улс орны эрдэмтэдтэй холбогдоно. Тийм учраас Элчин сайдуудад өгчих ёстой юм. Энэ бол коммунист дэглэм биш, хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хууль боллоо гэдгийг гадаадын ЭСЯ-аар судлуулъя. Тэднээс нуучих юм бол ямар хууль хийх гээд байна, Монголыг хаашаа өгчих гээд байна гадаадынхан санаа нь зовно. Ардчилсан тогтолцоо гэдэг хамтын бүтээл. Нэг хүн ардчилсан тогтолцоог бий болгож чадахгүй учраас Монголыг сайхан яваасай, хөгжүүлээсэй гэж бодож байгаа гадаадын улс орнууд бас тусалж, дэмжээсэй. Гэхдээ дахин хэлье.  Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана. Энэ Үндсэн хууль хэрэгтэй, хэрэггүйг эцсийн эцэст ард түмэн шийднэ. Ард түмэндээ бэлэг болгож өргөн барьж байгаа юм.  Яг одоо энэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах цаг үе юм.

Б.Цогтгэрэл: МОНГОЛЧУУДЫГ ӨРТЭЙ БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ, УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ЭСРЭГ ХҮМҮҮС БАЙНА

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар явахгүй гэдгийг тодорхой хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 онд зөвлөлдөх санал асуулгаар туршиж байсан. Тухайн үед цөөхөн хүн ард түмнийг төлөөлж чаддаггүйг ойлгосон. Хоёр танхимтай болох талаар ярьж байна. Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн комисс, Аудитын ерөнхий газар зэрэг ялсан намаас хараат бусаар ажиллах ёстой олон байгууллага бий. Энэ бүх байгууллагын зохицуулалт Үндсэн хуульд ордог. Ингээд үзэхээр 35 хувийн хязгаарлалтад багтахгүй байна. Тиймээс шинэ Үндсэн хуулийн талаар ярьж байна.  Үндсэн хуулийг хэвээр нь үлдээх сонирхол зарим хүмүүст байна. Монголчуудыг өртэй байлгах, улс орны үсрэнгүй хөгжлийн эсрэг зогсож байгаа юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол хүний эрхийг ноцтой зөрчсөн байж боломжгүй зүйл. Уг хуулиас анхаарлыг өөр тийш нь хандуулах гээд шинэ Үндсэн хууль руу дайраад эхэллээ. Бодитоор судалж үзээд асуудалд хандах хэрэгтэй. Цахимаар дандаа мушгин гуйвуулж тайлбарлаж байна.  Тухайлбал, БНМАУ гэдэг үг өнөөдрийн Үндсэн хуульд бий. Гэтэл үүнийг биччихээд л энэ улсыг өөр улс болгох гээд байна гэж яриад байх юм. Иргэншлийн асуудлын тухайд төрд гурван үеэрээ монгол хүн ажиллах ёстой.

Д.Сүхжаргалмаа: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРГЭНИЙ ОРОН ЗАЙ ГЭДЭГ ҮГИЙГ НЭМЛЭЭ

-Элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзахад тэдний санаа зовнилыг мэдсэн юм. Бид чинь ардчилсан улс шүү дээ. 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаанаас огтхон ч ухраагүй. Харин ч шинэ шатанд гаргаж байна гэдгээ хэлсэн. Тухайлбал, шинэ Үндсэн хуулийн төсөлд иргэний орон зай гэдэг үгийг нэмлээ. Төрөөс энэ асуудлыг тэтгэн дэмжиж, тэлнэ гэсэн байгаа. Иргэний орон зай гэдэг нь иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, төрийн удирдлагад оролцох тухай юм. Тойргийн сонгогчдын гурав хуваасны нэгээс доошгүй хүмүүсийн саналаар гишүүдийг эгүүлэн татах заалтыг оруулж өгч байгаа. Одоо байгаа Цэцээр дамждаг арга нь бүтэшгүй. Нэг удаа 10 мянган сонгогчийн гарын үсэгтэйгээр хууль санаачлах эрхийг иргэдэд өгч байгаа. Санал болгож байгаа энэ хуулийг та бүхэн уншаарай. Хаях гэхээсээ илүү авах ухаанаар хандаасай гэж хүсэж байна. Өмнөх Үндсэн хуульд ийм механизм байгаагүй. Өөр нэг хүний эрх байдаг. Мэдээлэл хайх, авахаас гадна түгээх гэдэг үгийг огт ашиглаж байгаагүй. Энэ үгийг бид нэмж өгч байгаа. Уг хуульд хүний эрхийг хумьсан зүйл огт байхгүй. Хүн амын 67 хувь нь бага орлоготой, орон гэргүй олон хүн байна. Нэг хүүхэд төрөхөд ядуурлын шугаман доогуур орж байгаа. Засаг төр хэдхэн хүний гарт орчихсон, ашиг сонирхлын зөрчилд орсон. Олон мянган хүн эх орноосоо дайжиж байна. Энэ бүх нөхцөл шалтгааны үүднээс шинэ Үндсэн хууль хэрэгтэй байгаа юм.

Үндсэн хууль судлаач Т.Ууганбаяр:


-Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэдэгт хуульч, эрдэмтэд, улстөрчид санал нэгдэж байна. Үндсэн хууль гэдэг нь төр байгуулдаг, сонгодог, огцруулдаг, эрх мэдэл олгодог, эрх мэдлийг хуваарилдаг эх сурвалж.  Тэгвэл өнөөдөр төр муу байгаа тухай олон нийт ярьж байна.  Төр муу байгаа бол Үндсэн хууль муу байна л гэсэн үг. Авлига байгаа нь Үндсэн хуулийн асуудал. Хонгилын шүүх байгаа бол Үндсэн хуульд асуудал байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хямрал ерөөсөө хууль эрх зүйн орчинтой холбоотой, түүнээс үүссэн гажуудал болсон гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

Сэтгэгдэл бичих