Японы тусламжаар барьсан Замын-Үүд дэх шилжүүлэх байгууламжаар жилд 2.5-2.8 сая тонн ачаа дамжжээ

оруулсан Алсын Хараа

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Замын-Үүд дэх төмөр замын Ачаа шилжүүлэн ачих анги өнөөдөр 39 га 4 талбайтай, өргөний царигийн 3, нарийн царигийн 2 замтай, 1200 вагон буулгах хүчин чадалтай, хоногт 902 вагон ачааг ачин, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсын төмөр замын ачаа тээврийг 100 хувь гүйцэтгэж байна. Тодруулбал, БНХАУ-аас орж ирж буй битүү болон чингэлэгт, мөн задгай зэрэг төрөл бүрийн тээврийн ачаа барааг нарийн царигаас өргөн царигийн замд, вагоноос вагонд шилжүүлэн ачиж байна. Өнгөрсөн хугацаанд 105.4 мянган тонн ачааг шилжүүлэн ачиж, 242.8 мянган тонн ачааг буулгажээ.

Замын-Үүд дэх төмөр замын Ачаа шилжүүлэн ачих ангийн байгууламжийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1996-1998 онд анх байгуулжээ. 1990-ээд оны эхэн үед манай улсын төмөр зам 1520 мм өргөн царигтай, харин БНХАУ-ын төмөр замын царигийн өргөн 1435 мм байсан тул хоёр улсын хооронд ачаа тээврийн хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй, хил гааль дээр ачаа шилжүүлэн ачих байгууламж хэрэгтэй байв.

Дээрх байдлыг харгалзан манай улсын Засгийн газраас 1990 оны 11 дүгээр сард Япон улсын Засгийн газарт “Замын-Үүд вокзалын орчим ачаа шилжүүлэн ачих байгууламж” барих талын судалгааг хийлгэх хүсэлт тавьжээ. Үүний дагуу Япон улсаас 1992-1993 онд ачаа шилжүүлэн ачих байгууламж байгуулах судалгааг хийж, үр дүнд “Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламж” гэсэн төсөл хэрэгжүүлэн хоёр улсын Засгийн газар хооронд 2.1 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн гэрээ байгуулан 1994-1996 онд ашиглалтад оруулсныг  Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Катанода Томоки тодотгож байна.

Үүний зэрэгцээ Японы Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу төмөр замын цариг болон вагон засварын байгууламжийг сайжруулах, шинэчлэх үйл ажиллагааг дэмжин 8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг үзүүлж, “Төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төслийг мөн 1993 оноос эхлүүлж, Монгол Улсын төмөр замд цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Ингэснээр манай улсын хилийн гол боомт Замын-Үүдээр орж ирэх ачаа тээвэр нэмэгдэж, ачаа тээвэрлэлтийн эргэлт ихэсч, ачаа ирэх хугацаа хурдан шуурхай болох, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, шинэ төрлийн олон бизнес бий болох зэргээр манай улсын эдийн засагт олон эерэг үр дүн гарч эхэлсэн юм. Энэ талаар УБТЗ ХНН-ийн харьяа Замын-Үүд дэх төмөр замын Ачаа шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогбаатараас тодруулав.

-Япон улсын тусламжаар ачиж буулгах, шилжүүлэн ачих байгууламжтай болсноор манай улсын төмөр замын ачаа эргэлт хэр нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн хугацаанд УБТЗ ХНН түүхэндээ хамгийн дээд хэмжээнд жилд 3.1 сая тонн ачааг дамжин өнгөрүүлсэн буюу шилжүүлэн ачиж тээвэрлэсэн. Энэ оргил үе нь 2008-2009 оны зааг дээр байсан. Одоо жилд дунджаар 2.5-2.8 сая тонн ачааг шилжүүлэн ачиж тээвэрлэж байна. Үүнээс Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулсан Ачаа шилжүүлэн ачих байгууламжийн үр өгөөжийг харж болно.

-Түүнээс өмнө манай улс төмөр замын ачааг БНХАУ-ын талд төлбөртэйгөөр шилжүүлэн ачиж байсан гэдэг. Манай улс өөрийн ачаа шилжүүлэн ачих байгууламжтай болсноор хэдий хэмжээний төлбөрийг чөлөөлж байсан бэ?

-Анх манай улс БНХАУ-аас ирж буй импортын ачаа барааг тус улсын хилийн талд ачиж буулган шилжүүлж байсан юм. Дараа нь манай төмөр замчид өөрсдийн хүчээр өртөөний зам дээрээ бага хэмжээгээр буюу 5-10 вагоноор ачдаг байсан. Энэ ажлыг манай улс 1995 оноос өмнө БНХАУ-ын талаар хийж гүйцэтгүүлж ирсэн бөгөөд үүнд жилд 12 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Замын-Үүдэд манай улс, УБТЗ ХНН ачиж шилжүүлэх байгууламжтай болсноор дээрх хэмжээний төлбөрийг чөлөөлж чадсан гэв.

Энэ талаар УБТЗ ХНН-ийн дарга асан, зөвлөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш хэлэхдээ, “Намайг замын дарга байх үед манай улсын төмөр замд иж бүрэн байгууламж, төмөр замчдын 60 айлын орон сууц, контор гээд цогцолбор бүхий Япон улсын тусламж хэрэгжсэн. Тухайн он жилүүдэд манай улсын гол түнш ЗХУ задарч ёстой л балархай үсэг шиг болсон хүнд цаг үе байсан. Ийм үед Японы ард түмэн, Засгийн газар тусалж их тус нэмэр болсон. Япончууд чинь юмыг хийхдээ айхтар тооцоолж, төлөвлөж судалж хийдэг хүмүүс. Эхлээд судлаад, дараа нь банк, санхүүгийн байгууллагууд оролцон тусалсан.

Тэд Монгол Улсын цааш цаашдын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах өгөөжийг сайн тооцоолж байсан нь өнөөдрийг хүртэл ковидын цар тахал, эдийн засгийн хямрал зэрэг ямар ч үед хүчин чадлаар ажиллаж буй Замын-Үүд дэх төмөр замын Ачаа шилжүүлэн ачих ангийн үйл ажиллагаа харуулж байна. Бид Японы ард түмний тусламжийг үеийн үед мартах учиргүй. Үүнийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Замын-Үүдэд хийж буй төмөр замчид, сэтгүүлчдийн аян хойч үед сануулж буйд баяртай байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл бичих