Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг УИХ-д хийв.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтыг тусгаж, улмаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай улсын хувьд 1940-өөд оны сүүлчээс цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эхлүүлсэн бол сүүлийн жилүүдэд ашиглалтын аюулгүй байдлын чиглэлээр томоохон судалгаа хийж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Гэвч цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй, хийдэлтэй байгаагаас нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл хязгаарлагдаж буй.
Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийг баталж, мөрдөж эхэлснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг орхигдуулснаас цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах эдийн засгийн үр ашигтай хувилбарын сонголтыг хязгаарлаж, үр өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлагатай. Иймд Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн, олон улсын сайн туршлагыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хууль санаачлагчийн илтгэлдээ дурдав.
Өнөөгийн байдлаар, Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгдэж байна.