Засгийн газар нефт импортлогч компаниудтай ханшийн зөрүүн дээр тулж ажиллана

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсан. Тэрбээр хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа танхимын гишүүдийнхээ хамт хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ. Нислэгүүдээ сэргээх ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлал бол дэлхийн энх тайвантай салшгүй холбоотой. Өнөөдөр зэвсэгт мөргөлдөөн болж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улс ийм нөхцөлд орж байгаагүй. Хэзээ ч эргэж ирэхгүй гэж бодож байсан хүйтэн дайны уур амьсгал сэргэлээ. Дэлхийн геополитикийн харьцаанд амаргүй өөрчлөлт орж байна. Манай агаарын болон хуурай замын хил хөрш орнууд, БНСУ болон бусад улс орнуудад нээлттэй байгаа. Жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ ч манай аж ахуйн нэгжүүд хангасан. Эдийн засгийг сэргээх алхмаасаа Засгийн газар ухрахгүй. Монгол Улс өнөөдөр амар тайван байгаа бөгөөд цар тахлын тохиолдол харьцангуй цөөн байна. Энэ нь ч давуу байдал болох байх гэсэн эерэг хүлээттэй байгаа тул “Монголын эдийн засгийн чуулган”-ыг 2 жилийн дараа зохион байгуулж байгаа юм. Зөвхөн дотоодоо бус Монгол Улс гадаадад орчинд ямар байгаа вэ гэдгээ бас бодох ёстой. Энэ нь хөрөнгө оруулалтын орчин, валютын урсгал, эдийн засгийн эерэг хүлээлт гээд олон зүйлтэй салшгүй холбоотой.

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шатахуунтай холбоотой. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа. Цаашдаа Монгол Улсад бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох уу?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид өнөөдрөөс зохицуулалт хийхгүй бол шатахуун дэлхийн зах зээлд багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсэж байгаа. Учир нь ам.доллароор тооцоо хийхгүй, рублээр тооцоо хийнэ гэдэг энэ нөхцөл байдал зөвхөн шатахуун бус хий, хийн хоолоотой холбоотой асуудал амаргүй нөхцөлд орж байгаа. Үүнд Европын холбооны орнууд эхэлж нэрвэгдэж байна. Тиймээс олон улсын бирж дээр байгаа үнээр л бид авахаас өөр гарцгүй нөхцөл байдалд байгаа. Зөвхөн Монгол Улсад нэг үнээр, бусад улсад өөр үнээр борлуулах боломж ОХУ-д байхгүй гэсэн үг. Бид Евро-2 шатахуун ч хэрэглээгүй байхад дэлхий Евро-5 руу орчихсон байна. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үүсвэрээс авдгаа болиулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Гэхдээ урт хугацаандаа. Цаашдаа нэг бус удаа ийм нөхцөл байдал үүсэхийг бид үгүйсгэхгүй. Шатахуун болон эрчим хүчний хувьд, нүүрс экспортын хувьд бид хоёр хөршөөсөө шууд хамааралтай байгаа. Гэхдээ бид үүнийг аль болох багасгах бодлого барих шаардлагатай. Тийм учраас нефтийн хэрэглээнд Засгийн газар боломжтой бүх зохицуулалтыг хийж, 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх энэ эрсдлийг аль болох багасгах эрх зүйн орчин бүрдүүлж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нефт импортлогч компаниудтай ханшийн зөрүүн дээр тулж ажиллана гэсэн үг. Мөн зарим асуудлаар гэрээ хэлэцээр хийх нөхцөл байдал руу орно гэж ойлгож болно. Мэдээж бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас дэлхийн зах зээлд үнэтэй байгаа зүйлийг шууд зохицуулах амаргүй. Гэхдээ энэ эрх зүйн орчныг бүрдүүлж чадсанаар Засгийн газар одоогийнхоос хамаагүй илүү зохицуулалт хийх боломж үүснэ.

-Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн байгууллагуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 27-нд Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож, хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээлэл олон нийтэд ил болсноос хойш тодорхой үр дүн гарч, 150 тэрбум гаруй төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Ямар компанийн ард хэн байгаа вэ гэдэг нь өдрөөс өдөрт ил болсоор байгаа. Гэхдээ энэ бас тийм амар биш гэдгийг шулуухан хэлэх нь зүйтэй. Хөгжлийн банкийг экспортыг дэмжих, импортыг орлох том төслүүдийг хөдөлгөх зорилготой 2011 оны хоёрдугаар сарын 10-нд байгуулсан. Энэ банк өөрөө 580 сая ам.доллар, “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллор, “Самурай бонд”-ын 30 тэрбум иен босгосон. Ингээд Хөгжлийн банканд мөнгө төвлөрөөд ирэнгүүт 2012 оны 12 дугаар сарын 15-ны Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор Бодлогын зөвлөл гэж байгуулсан. Энэ зөвлөл тэнд ажиллаж байсан гадны мэргэжилтнүүдийг явуулсан. Ингээд улс төрчид Хөгжлийн банкны ТУЗ-д ороод шууд хуваагаад л авчихсан гэсэн үг. ТУЗ-ын дарга нь Ерөнхий сайд нь болоод бүх сайдаа оруулаад мэргэжлийн байгууллагуудынхаа үгийг сонсоогүй. “Энэ зээлийг тэр компанид өг”, “Энэ зээлийг тэр гишүүнд өг”, “Энэ зээлийг тэр банкны захиралд өг” гэдэг схем рүү орсон. Шулуухан хэлэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой төсөл”-ийн Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банканд ч ажилласан. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ асуудлыг гаргаж тавьсан юм. Энэ тийм асар асуудал биш. Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн зээлээс 1.8 их наяд нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энэ хэдхэн компани байгаа. Та бүхэн ажиглавал энэ зээл дотор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлахад зарцуулсан 430 сая ам.долларыг босгосон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын байгууллагынхан, нэр бүхий шүүгчид байгаа. Энэ схем яг Дубайн гэрээг байгуулахад хамт оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцээд л явж байгаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 орчим хүн бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана манай нэр бүхий улс төрчид, бизнесменүүд гарч ирнэ. Тийм учраас удаашралтай явж байгаа юм. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад, эхний хэдэн хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ аваад, “Хөтөл”-ийг хураагаад авахад хэн хамгийн их цочиж хүлээж авч байгаа нь үүний ард байна гэж ойлгоорой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой төсөл”-ийн асуудал шийдэгдсэнтэй адил Хөгжлийн банкны асуудал ч шийдэгдэнэ. Ордон дотор хүч мөхөствөл би олон нийтэд хандана.

-Төсвийн бодлого, мөнгөний бодлого хэр нийцэж байна вэ. Улсын төсөвт тодотгол хийх асуудал хэзээ орж ирэх вэ?

-Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн болон мөнгөний бодлого уялдаж байгаа. Гэхдээ энд алтан зааг байх ёстой. Уялдуулна гээд хутгалдуулж болохгүй. Төвбанк өөрийн бие даасан хараат бус байдлынхаа хүрээнд мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргаад явдаг. Энэ жилийн хувьд инфляци, валютын нөөц гээд маш том сорилт дунд явааг бид харж байгаа. Ингээд мөнгөний бодлогоо хатууруулах шийдвэр саяхан гаргасан. Төсвийн бодлого үүнтэй уялдаж ажиллана. Мэдээж валютын ханш, нөөц, мөнгөний бодлогын хатуу байдал төсвийн гүйцэтгэлд нөлөөлнө. Төвбанкны эцсийн зорилго бол төгрөгийн ханшны тогтвортой байдал, валютын нөөц байдаг бол төсвийн бодлого бол хуульчилж гардаг. Хууль нь төсвийн үйлчилгээг бүрэн санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг саадгүй хийх, үүгээр дамжуулж эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох зорилготой. Гэсэн хэдий ч энэ жил тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Тиймээс бид алхмаа тааруулах ёстой юм. Тэр нь юу вэ гэхээр энэ жилийн эдийн засгийн төлөв байдлыг дэлхий нийттэй хөл зэрэгцэж, өсөлттэй байхаар төлөвлөсөн. Бид цар тахлын эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг маш өндөр үнээр даван туулж байгаа. Гэтэл бидний тооцоолоогүй дараагийн том сорилт тулсан. Хоёр жилийн хугацаанд 5.7 их наяд гэдэг бол бидний төсөвт ахадсан тоо. Ийм өндөр үнээр олсон эдийн засгийн өсөлтийг бид амар алдчихмааргүй байна. Одоо тулж байгаа эдийн засгийн хүндрэлийг бид ч, дэлхий нийт ч түр зуурынх гэж харж байгаа. Тиймээс мөнгөний бодлогыг хатууруулах шийдвэрийн үр дүнг харна. Төсвийн хуулт хэрэгжээд дөнгөж эхний улирал дууслаа. Бид өнгөрсөн жил төсвийн сахилга батыг маш сайн барьсан тул энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийх тендерийн 80 хувь зарлагдсан. Гэхдээ валютын ханш, тээврийн ханш хөрөнгө оруулалтад хүчтэй нөлөөлнө. УИХ-ын гишүүд төсөвт тодотгол хийж, хөрөнгө оруулалтыг танах хэрэгтэй гэсэн санал хэлж байгаа. Гэхдээ төсвийн болон төсвийн тогтвортой байдлын хууль бий. Тиймээс хуулийн хүрээнд тодотгол хийх хэмжээнд хүрэхээс өмнө Засгийн газар бүх талаар ажиллаж байна. Тухайлбал, богино хугацаанд валютын нөөцийг нэмэх хууль өргөн барилаа. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” зэрэг экспортоос урьдчилж төлбөр авч болох ямар боломж байна, алтыг Төвбанканд тушаах боломжийг бүрдүүлэх, валютын гадагшаа чиглэсэн урсгалыг бууруулах зэргээр бүх талаар ажиллана.

-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Цар тахлын үетэй холбоотой хорио цээрийн дэглэмээс үүдэн дэлхий нийт инфляцитай нүүр тулж байгаа. Энэ оны хоёрдугаар сарын сүүлд үүссэн олон улсын хурцадмал нөхцөл байдал инфляцийг улам бүр нэмж байна. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын үнийн өсөлт инфляцийн 40 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ тогтвортой байвал инфляци тогтворжих боломжтой. Мөн олон улсын өнөөгийн нөхцөл байдал манай улсын төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөж байгаа. Тиймээс бид мөнгөний бодлогын хүүг 9 хувь болгосон.

Сэтгэгдэл бичих